Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын үнэт цаастай холбоотойгоор гаргасан ҮАБЗ-ийн зөвлөмжид юу багтав

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тавдугаар сарын 6-ны өдөр хуралдаж Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тухай зөвлөмжийг гаргажээ. Үүнийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Зөвлөмжид “Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тухай” гэж тодотгоод Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Засгийн газрын “Чингэс” үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тухай Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын илтгэлийг хэлэлцээд зөвлөмж болгох нь гэжээ.

Нэг. Монгол Улсын Их Хуралд:

1. “Чингэс” үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалт, санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрийн сонголт, түүнд тавьж буй хяналтын үйл ажиллагаанд аудит хийлгэж, дүгнэлтийг авч хэлэлцэн шаардлагатай шийдвэрийг гаргаж ажиллах.

Хоёр. Монгол Улсын Засгийн газарт:  

1. Засгийн газрын үнэт цаасыг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн улсын нэгдсэн төсөвт оруулан тооцох асуудлыг боловсруулж УИХ-д оруулан шийдвэрлүүлэх.

2. “Чингэс” үнэт цаас, Хөгжлийн банкны үнэт цаасыг эргэн төлөх хуваарь, эх үүсвэр, зарцуулалтыг тодорхой болгож улсын төсөвт хэт ачаалал үүсэхээс сэргийлэх зорилгоор 2015, 2016, 2017 оны улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгах.

3. Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөс санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт олгосон зээлийн эргэн төлөлтийг эзэнжүүлэх.

4. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмжийн 2.5-д заасан Бодлогын зөвлөлийг татан буулгах.

5. Цаашид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмжийн заалтуудыг чанд баримтлан ажиллах, уг зөвлөмжийн 1.1-д заасан эрх зүйн орчинг бүрдүүлэх арга хэмжээг шуурхай авах.

6. Засгийн газрын үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтын талаар УИХ-ын чуулганд болон холбогдох байнгын хороонд тайлагнаж байх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр тогтмол хангаж байх. 

7. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмжийн 2.4 -ийн заалтыг биелүүлээгүй албан тушаалд хариуцлага тооцох.

8. Хөгжлийн банкны үнэт цаас гаргах, арилжих, зарцуулах, зээл олгох үйл ажиллагаанд хяналт тавьж, уг банкнаас гаргасан үнэт цаасны арилжаа, зарцуулалт, эргэн төлөлт, эх үүсвэрийн талаар УИХ болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тухай бүрт нь танилцуулж байх.

Гурав. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргад: 

1. Засгийн газрын үнэт цаасны талаар гаргасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *