Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын шинэ бүтцэд хэн, хэн багтах бол?

Засгийн газрын шинэ бүтцийн яамдыг хэн, хэн толгойлох тухай асуудал олон хүнийг хөдөлгөөнд оруулж байна. Сая батлагдсан хуулиар долоон сайд өөрчлөгдөж, дөрвөн сайдыг шинээр томилох юм. Үүнтэй зэрэгцээд сайднарын нэрст дараахь хувилбарууд яригдаад эхэлжээ.

Ардчилсан намын фрак­циуд болоод “Шударга ёс” эвслийнхэн квотоо хадгалж үлдэхийн тулд дор бүрнээ зөвшилцөж, тохироо хийж байгаа сурагтай. Уг нь Засгийн газар хөдөлгөөнд орох асуудал яригдаж эхлэхэд яамдын удирдлагууд бараг тодорхой болчихсон байж. Ардчилсан намын хувьд улс төрийн тогтвортой байдлаа хадгалж үлдэхийн тулд шинэ яамдыг удирдаж байсан сайдуудаар нь толгойлуулах гэж үзнэ. Тэгэхээр Шонхор, МҮДН, Алтангадасаас нэг нэг хүнээ татахаар яригдаж байна. Шударга ёс эвслийн тухайд ганц л суудал оногдох талаар чих дэлсэх болов. Ерөнхий сайд бодлогын яамдаа хуучин хүмүүсээр нь удирдуулна гэсэн чигтэй байгаа ч Сангийн яамыг О.Чулуунбат удирдах магадлалтай гэх яриа ам дамжиж эхэллээ. Тэгэхээр улсын төсөв санхүүг барьдаг Сангийн яамыг О.Чулуунбат эсвэл Ч.Улаанаар удирдуулах уу гэдгээ МАХН шийдэх нь.

Уул уурхай, эрчим хүчний яамыг М.Энхсайхан толгойлж магадгүй гэсэн мэдээлэл ч бас байна.Бүтцийн өөрчлөлт яригдаж эхлэхэд М.Сономпил сайд өөрийнхөө байр суурийг хэвлэлээр илэрхийлэхдээ “Шинэ яамдын сайд нарыг Ерөнхий сайд тавина. Шийдвэрийг дагана даа” гэсэн. Энэ нь түүнийг М.Энхсайхантай тохироо хийв үү гэх хардлагыг улстөрийн хүрээнийхэнд төрүүлээд байгаа юм. Харин Засгийн газрын зүгээс МҮАН-аар энэ яамыг удирдуулахыг хүсэхгүй нь мэдээж. Учир нь Уул уурхай, эрчим хүчний яам тун удахгүй том том лицензүүд олгож эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор энэ яамыг хэн удирдах вэ гэдэг асуудал яаж ч эргэж мэдэх юм. Тэгэхээр АН-ынхан энэ яамыг эвсэгч намдаа өгөхгүй нь мэдээж. Тэгвэл тус яамны дэд сайдаар О.Эрдэнэбулганы нэр нэлээд дээгүүр явна. Түүний салбартаа сайдаасаа илүү үнэлэгдсэн нэгэн гэдэг. Тэгэхээр тус яамны уул уурхайг О.Эрдэнэбулган, эрчим хүчийг нь харин хэн хариуцах нь тодорхойгүй байна.

Ерөнхий сайдын зүгээс яамдаа нэгтгэх ч өмнө удирдаж байсан туршлагатай сайд нарынхаа хүчийг авна гэдгээ мэдэгдсэн байгаа. Тэгвэл өнгөрсөн хугацаанд салбартаа томоохон ахиц дагуулсан хүмүүс үнэхээр үлдэж чадах болов уу. Дэд бүтцийн яамыг А.Гансүх үү эсвэл Ц.Баярсайхан толгойлох болов уу гэж харж байгаа хүмүүс олон. Харин хөзөр хэнд ч очиж мэднэ. Энд дуулдаж байгаа өөр нэг нэр бол Ж.Батзандан гишүүн. Тэрбээр сүүлийн үед Ерөнхий сайдыг дэмжиж ажиллах болсон нь илэрхий харагддаг. Тиймээс түүнд Засгийн газрын тэргүүн ямар нэгэн амлалт өгсөн байх гэж эх сурвалж мэдээлж байгаа юм. Хэрэв энэ үнэн бол Ж.Батзандан гишүүн Н.Алтанхуягийн танхимын хүн болох нь ээ.

Энэ бүтцийн өөрчлөлт МАН-д ямар ч ашиг дагуулаагүй. Тэд Ц.Оюунгэрэл сайдын яамыг Л.Гантөмөрийн яамтай нэгтгэх гэж үзээд бараагүй. Сонгуулийн дараагаас Засагт орох горьдлого тээсээр ирсэн тэд томилгооны асуудалд хөндлөнгөөс оролцож, яаж ч самарч мэднэ.

Н.Алтанхуягийг засаг авангуут унагаах ажиллагаа хүчтэй өрнөлөө. Түүнийг огцруулах гэж үзэн, намын дотоод асуудлыг ч хурцатгасан. Өнгөрсөн хавраас давхар дээлтэй сайд нарыг дан болгох хөдөлгөөн ч өрнөлөө. Ямартай ч Н.Алтанхуяг шүүмжлэлийг авч бүтцийн өөрчлөлт хийж эхэлж байна. АН-ынхан ч засаг барих хугацаандаа өөрсдөө Засгаа унагадаг гэдэг муу нэрээ арилгах гэж хэрэндээ хичээж байх шиг байна.

Огцруулах асуудал нь сөхөгдсөөр удсан Н.Батбаяр яам толгойлж магадгүй гэсэн таамаг бий. Тэрбээр “Надаас болж бүтэц өөрчлөгдөх гэж байгаа бол би явж болно” гээд бүлэг дээрээ намынхандаа хэлсэн гэдэг. Гэхдээ түүнийг сайдын суудлаас нь унагах зоригтон олдохгүй л болов уу. Учир нь тэрбээр бондын хөрөнгийн зарцуулалтыг нэгбүрчлэн мэдэж байгаа болохоор бүх модоо атгаад сууж байгаа нэгэн. Мөн Засгийн газрын танхимын гишүүд шинэчлэгдэхэд Г.Батхүүгийн нэр дуулдаад байгаа юм. Тэрбээр аль яамыг толгойлох тухай мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.Хаана томилгоо болонгуут түүний нэр яригдаж байдаг болохоор энэ үндэслэлгүй мэдээлэл ч байх талтай.

Ерөнхийлөгчийн зүгээс Н.Алтанхугийг дан дээлтэнгүүдээр танхимаа бүрдүүлэхийг шахсан. Харин Ерөнхий сайд Төрийн тэргүүнийг дагах болов уу гэдэг асуултын тэмдэг болон үлдэж байна. Гадаад харилцааны яамыг Ерөнхийлөгчийн багаас удирдах байх гэсэн хувилбар ч давхар дуулдав. Энэ яамыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан эсвэл Гадаад бодлогынх нь зөвлөх Л.Пүрэвсүрэн удирдаж магадгүй гэсэн яриа Төрийн ордноос сонсогдлоо.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *