МАН-ЫНХАН ЗАСГИЙН ГАЗРААС ГАРНА ГЭСЭЭР ЗУРГААН ГИШҮҮНЭЭ САЙДААР ТОМИЛЛОО
УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилох асуудлыг хэлэлцэж байгаад завсарласан. Ийн С.Баярцогтыг ЗГХЭГ-ын даргаар томилоход гишүүд “С.Баярцогт таван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, бэлтгэгдсэн боловсон хүчин. Гэхдээ оффшор бүсэд нэг сая ам.долларыг Хятадын Монгол гэсэн бүртгэлээр хадгалуулж байсан нь эргэлзээ төрүүлээд байгаа юм” гэцгээж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга “Ийм хариуцлагагүй хүнээр ЗГХЭГ-ын даргын албыг хашуулах болсон нь харамсалтай байна. Энэ албан тушаал байнга чухал бичиг баримтад гарын үсэг зурж байдаг. Харин оффшор бүсэд С.Баярцогт мөнгөө хадгалуулахдаа Хятадын Монгол гэж бичсэн байсныг нь анзаараагүй гэсэн тайлбарыг хийгээд байгаа. Ийм хариуцлагатай асуудалд гарын үсэг зурахдаа анзааргагүй байсан нь энэ албан тушаалыг хашиж чадах уу гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Бас С.Баярцогт Оюу толгойн гэрээг хамгийн муу хэлбэрээр боловсруулж, үзэглэсэн хүн” хэмээж байв. Тэгэхэд УИХ-ын гишүүн Д.Арвин ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигчийг өмөөрч байлаа. Тэрээр “С.Баярцогт таван удаа УИХ-д сонгогдсон. Шүүмжлэлийг хэлэхдээ шударга байх ёстой. Оюу толгойн гэрээг Ардын намын үед үзэглэсэн. Сү.Батболд, С.Баяр нар хамтдаа байсан. Зөвхөн Оюу толгойн гэрээг байгуулахын тулд нөхөн сонгуулиар Д.Зоригтыг оруулж ирж байсныг санах хэрэгтэй” гэж байв. Ийнхүү УИХ-ын гишүүд асуудалтай холбогдуулан магтаал, шүүмжлэл хэлсний дараа санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн С.Баярцогт 75 хувийн саналаар ЗГХЭГ-ын даргаар томилогдсон. Энэ өдөр Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээс хамгийн бага хувиар сайд болсон хүн нь С.Баярцогт гишүүн байлаа.
Дараа нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. МАН, АН, “Шударга ёс” эвслийн бүлгээс онцолж шүүмжлэх хүн гараагүй. Гэхдээ УИХ-ын гишүүн А.Бакей “Чуулган эхэлснээс хойш УИХ дээр ажил явсангүй. Хүн бүр сандал ширээтэй хөөцөлдсөөр өдийг хүрлээ.
Д.Оюунхоролыг бүлгийн дэд даргын хувьд асуухад хамтарсан Засгийн газар байгуулагдаагүй байхад л МАН-ынхан асуудлаас бултаж эхэллээ. Өнгөрсөн даваа гаригаас хойш МАН-ын бүлгийн дарга нар Засгийн газрын бүрэлдэхүүн ингэж бүрдсэн нь манай намын байр суурь биш гээд ярьж эхэлж. Хэрвээ тийм юм бол та нар хамтрахаа больчихооч” хэмээсэн. Тэгэхэд МАН-ын бүлгийн дарга “Бид гуйгаагүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Одоо тэгвэл энэ засгаас чинь гарчихъя л даа” хэмээж МАН-ын гишүүд баруун жигүүрээс түрж байв. АН, МАН-ынхан ингэж талцсан ч эцсийн шийдэлд хүрэлгүйгээр хуралдаан энгийн горимоор үргэлжлэв. А.Бакей гишүүний асуултад ч Д.Оюунхорол нэр дэвшигч дорвитой хариулт өгөөгүй юм. Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “АН-ынхан зөвшилцлийн үед ярьж байсан зүйлээсээ ухраад эхэллээ. Хэрвээ асуудал ингэж эргэвэл…” хэмээгээд цааш ярих гэтэл УИХ-ын дарга З.Энхболд асуудалтай холбогдолтой зүйл ярьсангүй гэж үзээд үг хэлэх эрхийг Г.Баярсайхан гишүүнд шилжүүлэв. Тэрээр ярьж эхлэхэд Ө.Энхтүвшин гишүүн “бас л хэлэлцэж буй сэдэвтэй холбогдолгүй зүйл ярилаа” хэмээн заргалдаж үг хэлэх эрх дараагийн хүнд шилжив.
Ийн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилж Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэнг томилох тухай асуудлаар ярилцлаа. Тэгэхэд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Гадаад харилцаа, эдийн засгийн яамны аппаратад сайдын хүн, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын талын хүн гэсэн талцал байгаа. Энэ бол том асуудал. Бас сайдад нэр дэвшигч таныг Европын холбооноос тааламжтай бус хүн гэж тодорхойлсон. Тамхи тээвэрлэдэг гэх мэтийн асуудлууд дуулддаг. Тэгэхээр Европын холбоотой хамтарч ажиллах арга барилаа тодорхойлох нь чухал” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Шинээр Элчин сайдын яам битгий байгуул, мөнгө байхгүй. Тэрчлэн өнгөрсөн хугацаанд энэ яаманд ажилд авсан мэргэжлийн бус, чадваргүй хүмүүсээ цэгцлээрэй” хэмээн захиж байв. Ийнхүү Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэнгтомилсноор УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарласан. Энэ үед сэтгүүлчид Д.Хаянхярваа гишүүнээс “Та ямар браимт үндэслэлээр Л.Пүрэвсүрэнг Европын холбооноос тааламжтай бус хүн гэж тодорхойлсон гэж байна вэ” гэхэд “2005 оны хавьцаа нэг тийм асуудал үүссэн юм билээ. Олон жилийн өмнөх асуудал л даа. Зүгээр л сануулж хэллээ” гэж байв.
Д.Дорлигжав “Х.ТэмҮҮжин ӨӨрийнхӨӨ хҮрээний хэвлэлҮҮдтэй нийлж намайг гҮтгэсэн”
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдаар томилох тухай асуудлаар үргэлжилсэн юм. Нэр дэвшигчийн зүгээс гишүүдийн асуултад хариулахдаа “Монгол Улсын эдийн засаг хямарсан” гэж тодотгов. Үүнийг даван туулах төлөвлөгөө боловсруулна гэдгээ ч хэллээ. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар түүнээс “АН биднийг засагт орооч гэж гуйсан гэж танайхан мэдээлсэн. Та гуйлганы үндсэн дээр сайд болохоор шийдэв үү, эсвэл улс орныхоо төлөө ажилла гэв үү” гэж лавлаа.Гишүүн Ж.Эрдэнэбат “Эдийн засаг хүнд байдалд орсон гээд хамтран ажиллах санал гаргасан гэж ойлгож байгаа. Улс орноо бодож хамтран ажиллах нь зүйтэй гэж удирдах байгууллагаас шийдвэр гарсан. Миний хувьд удирдах байгууллагынхаа шийдвэрийг дагах нь зүйтэй гэж үзэж байгаа” гэж хариулсан юм. Тэгвэл “Эдийн засгийн хөгжлийн яам байх нь зүйтэй юу” гэсэн асуултад тэрбээр хариулахдаа “Эдийн засгийн хөгжлийн яам байх нь зүйтэй байсан. Гэвч энэ яам улс орны эдийн засгийн тал руугаа анхаарлаа хандуулаагүй. Гэвч хөрөнгө оруулалт тал руу анхаарлаа хандуулсан нь алдаа болсон” гэв. Гишүүдээс өрийн таазын хувьд ямар байх нь тохиромжтой, хямралын үед эн тэргүүнд ямар асуудлыг шийдэх зорилготой байгаа тухай асуултыг Ж.Эрдэнэбат гишүүнд үргэлжлүүлэн тавив.Үүнд “Хямралаас гарахын тулд эдийн засгаа сэргээх боломжуудыг судална. Юуны өмнө өөрсдийнхөө боломжоор хямралаас гарах гарцыг харна. Цаашид ямар нэгэн байдлаар гадаадын тусламж, төсөл хөтөлбөрүүдийг авах шаардлагатай бол тухайн үед нь шийдэх болно. Өрийн таазын асуудлыг парламентад суудалтай намууд шийдэх байх. Ямартаа ч Төсвийн тогтвортой байдлын хуульд нийцүүлэн ажиллана” гэсэн хариултыг өгч байлаа. Харин Ө.Энхтүвшин гишүүн “Ж.Эрдэнэбат аа тун амаргүй яамыг толгойлохоор болж байна. Бид идэр ес тачигнах гэж буй цагаар явдалтай, түчигнээнтэй айлын хашаанд буулаа даа. Одоо АН-ынхан МАН-аас сонгогдсон Сангийн сайдыг шахаад өрийн таазыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй боллоо гэв дээ. Ийм зүйл байхгүй шүү. Энэ яаманд очсон даруйдаа тайлан балансыг нь гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол хожим ийм ч мөнгөтэй яам өгсөн гэж мэднэ шүү цаадуул чинь” гэв. Ингээд санал хураалт явуулж, олонхийн саналаар Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдаар томилох тухай асуудлыг дэмжлээ.
Дараагаар нь Хууль зүйн сайдаар Д.Дорлигжавыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Гишүүдийн зүгээс өмнөх сайд Х.Тэмүүжингийн шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийсэн ажлуудыг шүүмжилж байсан. Улмаар цагдаагийн байгууллагын томилгоо хурдан эргэлттэй байгааг онцолж, шинэ сайд үүнд хэрхэн анхаарч ажиллахад нь ам авав. Д.Дорлигжав хариулахдаа “Цагдаагийн байгууллагыг үнэхээр дээрээс нь доош хүртэлсамарчээ. Миний хувьд халаа сэлгээний тухайд баримталдаг зарчим бий л дээ. Ажлаа хийж чадахгүй бол өргөдлөө өгөхийг шаардана. Харин ажлаа сайн хийж байвал асуудалгүй” гэв.
Мөн Төрийн ордны баруун талд, төрийн тусгай албан хаагчдад зориулж барьсан эмнэлгийг зориулалтынх нь дагуу ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг санууллаа.Ц.Нямдорж гишүүн энэ тухай хэлэхдээ “1990 оноос хойш Монголд нэг ч эмнэлэг бариагүй. Гэтэл төрийн албан хаагчдын эмнэлгийг хоёр жил чангаалаа. Эмнэлэг, албан тасалгааны барилгын өндөр өөр л дөө. Тэгэхээр зориулалтынх нь дагуу ашиглах хэрэгтэй” гэв. Мөн Г.Баярсайхан гишүүн “Ядаж Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчлэх эмнэлэг болгомоор юм” гэсэн саналыг нь шургуулаад авлаа. Ө.Энхтүвшин гишүүний хувьд төрийн тусгай албан хаагчдад зориулж барьсан эмнэлгийн хүүхдийн эмнэлэг болгох саналтай байгаагаа дуулгаад Д.Дорлигжаваас хэд хэдэн зүйлийг тодруулна лээ.
Саяхан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Голомт банк”-аар их хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээ хийсэн баримтыг олон нийтэд дэлгэсэн. Тэрбээр үүнийгээ авлигын хэрэг мэтээр тайлбарласан. Дөрвөн сая ам.доллартай холбоотой энэ асуудлын цаана Д.Дорлигжав холбогдсон мэтээр сүүлийн үед зарим хэвлэлээр мэдээлсэн нь ч бий. Энэ тухай Ө.Энхтүвшин гишүүнийг тодруулахад “Х.Тэмүүжин өөрийнхөө хүрээний хэвлэлүүдтэй нийлж намайг гүтгэсэн. Энэ бол гүтгэлэг. Хууль зүйн сайд байсан хүн үүнийг лавлачихгүй дээ. Хэтэрхий хөнгөн хуумгай хандсан даа. Би үүнийг шалгуулна” гэж ярив. Ийнхүү Д.Дорлигжавыг Хууль зүйн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байхад Ч.Хүрэлбаатар гишүүн “Таны нэрийг барьж ажилладагУвсын дарга, тэр аймгийн ард иргэдийг айдаст автууллаа” гэсэн бол Ц.Нямдорж гишүүн “Сүүлийн хоёр жил хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа алга болсон. Үүнд анхаараасай. Бас хуулийн байгууллагуудыг улс төрийн зэвсэг болгож ажиллахаа зогсоогоорой. 2012 оны сонгуулийн өмнө Ц.Анандбазарыг, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ё.Отгонбаярын эхнэрийг хууль хүчнийхэн хэлмэгдүүлсэн. Бүр сүүлд нь улс төрийн зорилгоор АТГ, гадаад тагнуулын байгууллага нэг намын байранд шөнө дүлээр нэгжлэг хийж байх жишээтэй. Одоо хуулийн байгууллагууд дахин улс төрийн ажиллагаа хийхийг хатуу хориглох хэрэгтэй” гэж захив. Ингээд санал хураалт явуулахад 94.9 хувийн саналаар Д.Дорлигжав Хууль зүйнсайд болохыг дэмжлээ.
Чуулганы танхимд байсан гишүүдээс Ц.Нямдорж ганцаараа эсрэг кноп дарсан юм.
Тэгвэл Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайд болохыг гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.Түүний асуудлыг хэлэлцэж эхлэхэд УИХ-ын дарга асуулттай гишүүний нэр “нэхэхэд” Ё.Отгонбаяр кнопоо дарлаа. Тэрбээр “Та бол давхар дээлийг эсэргүүцэж байсан намын бүлгийн дарга. Тэгэхээр та давхар дээлээ тайлах уу” хэмээн асуухад Д.Эрдэнэбат “Хуулиа л мөрдөж ажиллана” гэж хариуллаа. Ингээд үг хэлэх саналтай гишүүд байсангүй. Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайдаар шууд баталлаа. Энэ горимоор Д.Цогтбаатарыг Барилга хот байгуулалтын сайдаар томилов. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ц.Цолмонг Батлан хамгаалахын сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхлэхэд Ц.Даваасүрэн, Ж.Энхбаяр, Д.Арвин нар нэр дэвшигчээс асуулт асуухаар нэрээ өглөө. Ц.Даваасүрэн гишүүний хувьд түргэвчилсэн томилгоог шүүмжилсэн байр сууринаас хандав. Тэрбээр “Бид чинь Засгийн газраа байгуулж байна шүү дээ. Олон түмэн харж байгаа. Хашгиралдаад ногоон гэрлээр явуулаад байх юм уу” гэлээ. Д.Арвин гишүүний хувьд өмнөх сайд Д.Бат-Эрдэнийг “Зэвсэг, техникийн шинэчлэл хийсэн. Ахмадуудад зориулсан сувилал байгуулсан” гэж сайшаав. Харин Ж.Энхбаяр гишүүн “Хилийн цэргийн асуудлыг эргэж харах шаардлага бий. Зэвсэгт хүчний нэгдмэл байдал алдагдаж, бодлогын том алдаа гарч байгаа. 10 тэрбум төгрөгөөр 300 айлын орон сууц барихаар таван жилийн өмнө шийдвэр гарсан ч одоо хүртэл баригдаагүй. Өндөр албан тушаалтай офицерууд салбарын нэр хүндийг унагах явдал гарч байна. Та энэ салбарт ганцаараа очоод ганцаараа буцах ёстой, мэргэжлийн салбар. Та иргэний хяналт л тавих үүрэгтэй” гэж сануулсан. Ц.Цолмон 96.6 хувийн саналаар дэмжигдлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч Л.Гантөмөрөөс олон гишүүн асуулт асуув. Тухайлбал, Л.Энх-Амгалан гишүүн “Боловсролын багц хуулийг батлахдаа тэтгэвэрт гарч байгаа багшид 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно гэсэн заалт оруулсан. Гэтэл Сангийн яаманд 2015 оны төсвийг тодотгох хүрээнд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг 12 сар болгон бууруулах нь. Ийм байдлаар үнэлээд эхлэх юм бол боловсролын салбарт багшлах багш олдохгүй болно. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, мэргэжилтнүүдийн ганц хорогдож байгаа юм нь нэг удаагийн тэтгэмж. Үүнийг хасч болохгүй. Мөн хөдөөгийн сургуулийн багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарахгүй бол сургуулийнхаа дотуур байранд амьдардаг багш олон байна” гэлээ. Гишүүдийн олонхийн саналаар Л.Гантөмөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдов.
Чуулганы хуралдаанаар Н.Төмөрхүүг Зам тээврийн сайдад томилох тухай асуудлыг хэлэлцээд 98 хувийн саналаар дэмжлээ. Тэрбээр “Өмнөх сайдын хийсэн ажлын ахицийг бууруулахгүй, нэмэгдүүлж ажиллана” гэж хэлсэн. Гишүүдийн зүгээс “Гудамж” төсөл болоод Төмөр замын ажил гээд салбарын асуудлаар тодруулга авлаа. Тухайлбал, Г.Баярсайхан гишүүн “Зөвхөн хөдөөд зам тавих асуудлыг манай яам хариуцна гэж өмнөх сайд нь хэлдэг байсан. Ийм зүйл байж болохгүй. Хоёрдугаарт, төмөр замын асуудал. Шийдлийн Засгийн газар төмөр замаа түргэвчлэх хэрэгтэй. 2015 онд төмөр замаа багтаан барина хэмээн амлаж, анхаарч байгаад чинь баяртай байна” гэв. Мөн гишүүдээс “Өндөрбуянт” гэх барилга, замын компанитай нь холбоотойгоор ашиг сонирхлын зөрчил үүсгэх вий гэдгийг нь сануулна лээ.
Уул уурхайн сайдаар Р.Жигжидийг томилох саналыг хэлэлцэж, гишүүдийн 86.4 хувь нь дэмжлээ. Хөдөлмөрийн сайдаар С.Чинзоригийг нэр дэвшүүлэн хэлэлцэхэд гишүүдийн зүгээс “Цаашид цалин тэтгэвэр нэмэх тал дээр анхаараарай. Эдийн засаг хүнд байгаа үед албан байгууллагууд ажилтнуудаа цомхотгоно. Энэ тал дээр анхаараарай” гэсэн юм. Харин тэрбээр “Хямралыг давахын тулд ажлын байрыг хадгалах ёстой. Энэ тал дээр анхаарна. Цаашид танхимын зарчмаар ажиллана” гэлээ. Санал хураалтаар түүнийг гишүүдийн 92.7 хувь нь дэмжсэнээр Хөдөлмөрийн сайдаар томилогдлоо. Харин Хүн амын хөгжил, Нийгмийнхамгааллын сайд С.Эрдэнийг дэмжих эсэх асуудлаар хуралдаж хуралдаанд оролцсон гишүүдийн 98 хувийн саналаар дэмжлээ. Түүнээс асуулт асууж, санал хэлэх гишүүн гарсангүй. Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмааг нэр дэвшүүлэн 91.5 хувийн саналаар дэмжлэг хүлээсэн. Түүний дараа Эрүүл мэнд, спортын сайдад Г.Шийлэгдамбыг хэлэлцсэн. Гишүүдийн зүгээс нэлээдгүй шүүмжлэл өрнүүлсний эцэст Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын сайдад дэмжих үү гэсэн санал хураалтаар 88.3 хувийн дэмжлэг хүлээсэн бол УИХ-ын гишүүн Д.Зоригтыг Эрчим хүчний сайдаар гишүүдийн 93.2 хувийн саналаар дэмсэн юм. Монгол Улсын сайдаар М.Энхсайханыг нэр дэвшүүлэхэд гишүүдийн олонх дэмжсэн тул сайдаар томилогдлоо. Монгол Улсын сайд яг ямар ажил, үүрэгтэй байх вэ гэдгийг гишүүд тодруулсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ” гэв. Түүнчлэн гишүүд Монгол Улсын сайд мега төслүүдийг хариуцна гэж байгаа ч бусад салбарын сайд нартайгаа хэрхэн уялдаа, холбоотой ажиллах вэ гэдгийг тодруулсан. Нэр дэвшигч М.Энхсайхан “Монгол Улсын сайд гэдэг нь магадгүй шинэ практик байх. Гэхдээ Монгол Улсын сайд дангаараа шийдвэр гаргаад байх боломжгүй. Гарцаагүй бусад сайд нартайгаа уялдаа холбоотой ажиллана. Ингэж ажиллахаас өөр арга байхгүй юм” гэлээ. Сайд нарыг бүхэлд нь томилох тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжсэнээр дээрх сайдууд албан ёсоор баталгаажсан юм. Ингэснээр өмнөх Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Их хурлын дарга З.Энхболд “Хоёр өдөр дамнуулан завсарлагагүй хуралдууллаа. Цаашид энэ эрчээрээ ажиллаарай” гэснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө.
М.МӨНХ
Л.ТӨР