Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт Төрийн ордонд эхэлж, 26 асуудал хэлэлцэж байна.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдсан байгууламжуудын талаар авах зарим арга хэмжээний тухай, Замын-Үүд чөлөөт бүсийн дохиолол хамгаалалтын нэгдсэн систем байгуулах тухай, Монгол орны байгаль орчны 2017-2018 оны төлөв байдлын тайлан багтжээ. Мөн Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийн тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүн С.Жавхлангийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийг хэлэлцэнэ.
Түүнчлэн Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын талаар авах арга хэмжээний тухай, 2019-2020 оныг хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарлах тухай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай, Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр батлах тухай, Монгол, Канадын дугуй ширээний уулзалтын тухай хэлэлцэнэ.
Мөн хуралдаанаар Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний 2018 оны хэрэгжилт, үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар, Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, бодлого, арга хэмжээ, үр дүнгийн талаар, Хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар, Байгалийн түүхийн музейн талаар, Малын эмийн үлдэгдлийн хяналтын үндэсний хөтөлбөрийн талаар хэлэлцэхээр төлөвлөсан байна.