Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар 13 яамтай байх төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Хүлээлт үүсгээд байсан бүтцийн өөрчлөлтийн асуудлыгЕрөнхий сайд өргөн мэдүүлснээр Төрийн ордны улс төр идэвхижиж, хөл хөдөлгөөнтэй байлаа. Засгийн газарт ямар өөрчлөлт оруулах болсноо Н.Алтанхуяг сайд хэвлэлийнхэнд мэдээлж, УИХ-ын чуулган хэлэлцэж байсан асуудлаа орхин энэ л асуудалд намын бүлгүүд анхаарч хэлэлцэв.

Ерөнхий сайд хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ “Шинэчлэлийн Засгийн газар хоёр жил ажиллалаа. Энэ хугацаанд Зам, тээврийн яам их эрч хүчтэй ажиллажээ. Монгол орны замын харилцаа, тэр дундаа орон нутгийн зам, энэ салбарын бодлогыг гаргасан байна. Барилга, хот байгуулалтын яам тусгайлан байгуулагдсанаараа барилгын асуудал, орон сууц, найман хувийн хүүтэй зээлийг иргэдэд хүргэж ард түмэнд бага хүүтэй зээл авах боломжийг олголоо. Үүний зэрэгцээ эрчим хүчний салбарт амжилттай ажиллаж сүүлийн 20 жилд байгаагүй ажлыг хийсэн. 200 мВт-ын хүчин чадалтай станцыг ашиглалтад орууллаа. Амгалангийн цахилгаан станц удахгүй ашиглалтад орно. Нэг шүүмжлэл байдаг. Тэр нь төсөв хоёр хуваагдсан тухай. Нэг нь Сангийн яам нөгөө нь Эдийн засгийн хөгжлийн яаман дээр гэж. Үүнийг анхаарч, арга хэмжээ авахаар бүтцийн өөрчлөлтөд тусгалаа” хэмээн өгүүлсэн.

Түүний нэмж өгүүлснээр зам тээврийн хийгээд барилга, хот байгуулалтын ажил хоёр жилд амжилттай ахиж бодлого сайн байсан учраас эдгээрийг нэгтгэхэд буруудахгүй гэж үзлээ гэсэн юм. Ийнхүү тус салбарыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгохоор болжээ. Мөн Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэж Геологи, уул уурхай, эрчим хүчний яам гэж байгуулахаар болсон байна. Гуравдугаарт Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яам руу татаж Сангийн яам нэртэйгээр ажиллуулах саналтай байгаа аж. Ерөнхийдөө Эдийн засгийн яам бонд босгож, Монгол орны хөгжлийн бүтэн дүр зургийг гаргах ажлыг хийсэн учраас Сангийн яаманд татан төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Ерөнхий сайд өгүүлсэн. Ийн зургаан яамыг гурав болгохдоо Эдийн засгийн хөгжлийн яамнаас хөрөнгө оруулалт, концесс, зээл тусламжийн бодлогыг Сангийн яам руу шилжүүлэхээр төлөвлөжээ. Харин манай гадаад харилцаа улам эдийн засагжих шаардлагатай байгаа учраас эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогыг Гадаад харилцааны яам руу шилжүүлэхээр болсон гэдгийг ч хэлж байв. Ингэж Гадаад харилцааны яамны үүрэг, ач холбогдлыг нь өндөрсгөхдөө Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд гэж байхаар болжээ.

Ерөнхий сайд ийн мэдэгдээд сэтгүүлчдийн асуултад хариулт өгөлгүй явж одсон. Харин ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгээс дараахь асуултад хариулт авсан юм.

Шадар сайд Д.Тэрбишдагва Засгийн газарт ажиллахгүй гэсэн үг үү?

-Ерөнхий сайд хэлэлгүй өнгөрсөн байна. Тэргүүн шадар сайд гэж байх юм шүү.

Бүтцийг тодорхой ярилаа. Харин бүрэлдэхүүн буюу яамдыг толгойлж ажиллах хүмүүсийг яаж тодруулж байгаа юм?

-Эхлээд бүтцээ батална. Тэгээд бүрэлдэхүүний тухай асуудлыг тусгайлан өргөн барина. Асуудал ингэж л шийдэгдэнэ.

Хэвлэлийн хурлын дараа АН, МАН, “Шударга ёс” эвслийн бүлгийн хурал ээлж дараалан зарлагдан хуралдаж эхэлсэн. АН-ын бүлэг хийгээд “Шударга ёс” эвслийн бүлэг Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар ямар байр суурьт хүрснээ мэдээлсэнгүй. Харин УИХ дахь МАН-ын бүлэг “Ерөнхий сайд ирж мэдээлэл өгөх байсан ч ирсэнгүй” гэж мэдэгдэв. МАН-ын бүлгийн хурлын дараа намын дарга М.Энхболд болон бүлгийн дарга С.Бямбацогт нар ийн ярилаа.

М.Энхболд: ОДООГИЙН ОРУУЛЖ ИРСЭН БҮТЦЭЭС ЦОМХОН ЧАДВАРЛАГ БҮТЦИЙГ УИХ БАТЛАХ БАЙХ ЁСТОЙ

Танай бүлэг хуралдаад Засгийн газрын бүтцийн тал дээр ямар байр суурьт хүрэв?

-Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын бүтэцтэй танилцлаа. УИХ дахь намын бүлгүүд ч гэсэн энэ асуудал дээр хуралдаж байр сууриа нэгтгэсэн байх. Манай бүлгийн хувьд нэмж тодруулах зүйлс байсан тул 14 цагт хуралдсан бүлгийн хуралдаан дээрээ Ерөнхий сайдыг урьсан. Харамсалтай нь Ерөнхий сайд мааньирсэнгүй. Ажлынх нь боломж таарсангүй юу, ямартаа ч ирсэнгүй. Тиймээс бүлэг эцсийн шийдвэрээ гаргаж чадсангүй.

МАН-ын бүлэг урьдчилсан байдлаар ярьсан байх. Бүлэг ямар байр суурьт одоогоор хүрээд байгаа вэ. 16 яамыг 13 болгож цөөлөхөөр Засгийн газраас оруулж ирлээ?

-Яамдын тоо тийм чухал биш. Хамгийн гол нь яамдын уялдаа байх ёстой. Ямар ямар салбарууд аль яаман дээр нэгдэх ёстой, эрхлэх асуудлынхаа хүрээнд ямар асуудлуудыг авч үзэх хэрэгтэй вэ гэдэг дээр бүлэг урьдчилсан байдлаар ярьж байна. Одоогийн оруулж ирсэн бүтцээс цомхон чадварлаг бүтцийг УИХ батлах ёстой гэж бодож байна.

С.Бямбацогт: БИДНИЙ ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙСАН ХЭМЖЭЭНД АСУУДАЛ ОРЖ ИРСЭНГҮЙ

Танай бүлгийн зүгээс Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Бүлгийн хуралдаанаар ямар шийдэлд хүрэв?

-Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх байсан боловч Ерөнхий сайдын зүгээс нэн яаралтай горимоор Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар Их хуралд өргөн барьсан. Үүнийг хэлэлцэнэ. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хойшлуулж Засгийн газрын бүтцийг эхэлж шийдэхээр болсон байгаа. Ерөнхий сайд ирээгүй учраас МАН-ын бүлэг эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Гэхдээ Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтэц бүрэлдэхүүн учир дутагдалтай байна. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах нь зөв. Орон тоог цөөлж, төсөв зардлыг хэмнэх, давхардсан чиг үүргийг арилгах олон талын ач холбогдолтой гэж Ерөнхий сайд үзэж байгаа нь өмнө үнэхээр данхар бүтэцтэй байсан, чиг үүрэг нь давхардсан байсан гэдгийг хүлээн зөвшөөрч түүнийгээ засах гэж байгаа нэг алхам. Гэсэн ч бидний хүсэн хүлээж байсан хэмжээнд асуудал орж ирсэнгүй. ССАЖЯ-ыг БШУЯ-тай, Хөдөлмөрийн яамыг ХАХНХЯ-тай нэгтгэх ёстой. Хүнээ хайрлах, халамжлах бодлогыг хамтад нь цогцоор явуулах ёстой юм. Мөн хоёр Шадар сайд байх ёсгүй гэж үзэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч “Зөвшилцөхдөө давхар дээлтэй байж болохгүй шүү” гэдгийг хэлсэн байна лээ. Энэ асуудлыг өнгөрсөн хавар ярьж байсан бол одоо ч гэсэн ярьж байна. Одоо давхар дээлтэй сайд хэрэв гараад ирвэл бид дэмжихгүй. Цаашид яамдын сайд нэг зөвлөхтэй, яамдын газар хэлтэс орлогч, даргагүй байх, агентлагууд, аймгийн Засаг дарга нар нэг орлогчтой байх хэрэгтэй. 16 яамаа 13 болгож оруулж ирснээрээ асуудлыг шийдэхгүй. Эдгээрээс хэмнэгдсэн мөнгөөрөө ард түмнийхээ цалинг нэмэх боломж бий. Манай бүлэг ийм байр суурь дээр цаашид ажиллах болно. Гэхдээ эцсийн байдлаар гарсан дүгнэлт биш. Ерөнхий сайдаас холбогдох тоо баримтуудыг авна.

МАН-ын бүлэг хэзээ дахин хуралдах вэ?

-МАН-ын бүлгийн нэгдсэн шийдвэр гарч байж байнгын хороогоор оруулах ёстой. Ерөнхий сайдтай би одоо уулзах гэж байна. Ерөнхий сайд бидэнтэй хэзээ мэдээлэл солилцох боломжтой байна гэдгийг тодруулаад дараа нь бүлэг дахин хуралдана.

МАН-ынхан ийм байр суурьтай байсан. Эл асуудлыг бүлгүүд хэлэлцээд үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганыг хуралдуулан шийдэх байсан ч МАН-ын энэ байр сууриас үүдэн асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм.

Ямартаа ч МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ерөнхий сайдтай уулзахад өнөөдрийн бүлгийн хуралдаанд оролцох боломжтой гэдгээ дуулгажээ.

Л.МӨНХТӨР

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *