Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засаг солигдож, УИХ-ыг МАН удирдаж, Засгийг З.Энхболд удирдах уу

Нэлээд эртнээс л Засгийн газрыг огцруулах тухай яриа эхэлчихсэн. Одоогийнх шиг айхтар эрчимжээгүй байсан ч энэ зун  Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах тухай үйл явдал, ил далд их л өрнөлөө. Х.Баттулга, З.Энхболд тэр бүү хэл Ерөнхийлөгч ч нэг талд гарч, харин Н.Алтанхуяг энэ удаа ганцаардаж эхлэв бололтой. Х.Баттулгын хувьд Н.Алтанхуягт дургүйцэх  нь олон нийтэд илэрхий болсон. Засаг дөнгөж байгуулагдахад Одоогийн Засгийн газрын тэргүүнд нэлээд нааштай хандлагатай үг хэлэх болсон ч тэдний энэ найрсал тийм ч удаан үргэлжилсэнгүй асуудал дахин хурцдаж  эхэллээ. Гэнэт л сайшаалын үг хэлж эхэлсэн Х.Баттулга дахин Н.Алтанхуягтай муудаж  өөрийнх нь захиалж, продюсероор ажилласан гэх нэвтрүүлэг нэг хэсэгтээ л хэл ам татлав. Өргөн, нарийн царигийн асуудал  дээрх хоёрын дахин муудалцах шалтгаан болсон бололтой. Үүнээс хойш л Засгийн газрыг огцруулах далд яриа хөөрөө энд тэндгүй өрнөж, сүүлдээ энэ нь зарим хүнийг баривчлах, ажлаас нь халж солихоос эхлээд өрнөлттэй болж ирэв. Зөвлөх Л.Гансүхийг нь “Нүүрс” хөтөлбөрийн мөнгөнөөс завшсан хэмээн шалтаглаж барьсан нь Н.Алтанхуягт өгч буй сануулга гэх. Гэтэл Н.Алтанхуяг ч хариу бэлдэж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй дайтаад байсан Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь чөлөөлж орхилоо. Энэ хооронд тэртэй тэргүй асуудалд ороод, эрүүл мэндийн болон  улс төрийн шалтгаанаар ч Солонгосоос ирэхгүй,  намынхаа үйл хэргийг хилийн чанадаас удирдаж буй Н.Энхбаярыг дахин шалгахаар асуудал үүсчихээд байна. Энэ нь мөн л Шударга ёс бүлэгтэй  хамтарсан Засгийн газрын эсрэг буюу МАХН-ыг Засгаас гаргах гэсэн оролдлого гэж харж буй улс төрийн хүрээнийхэн олон байна. Н.Энхбаярыг барьж хоривол МАХН ч сандарч, Н.Энхбаяр ч уурлаж Засгийн газар огцрох нэг шалтгаан болно гэж тооцож байх магадлал бий. 

Мөн өнгөрсөн долоо хоногт Л.Гансүх хорихоос төрийн удирдлагуудад гараар бичсэн арав гаруй хуудастай захидал илгээснийг ихэд нууцалж буй. Энэхүү захидалд өөрийгөө болон Н.Алтанхуягийн охин, бас бус хүмүүс сэжиглээд байгаа хэрэгт огт хамаагүй, буруугүй болохыг нарийн задлан бичсэн гэж эх сурвалж хэлж байгаа. 

Энэ  хооронд Ардчилсан хүчний холбооны хурлаа бүсийн хэмжээнд хуралдуулж яваа бөгөөд хамгийн сүүлд зүүн бүсийн хурлын үеэр Буйр нуурын эрэгт УИХ-ын дарга тэргүүтэй улс төрийн хүрээний хэдэн нөхөд чамгүй төлөвлөгөө боловсруулсан гэх мэдээлэл түгжээ. Өөр нэг эх сурважийн мэдээллээр Их тэнгэрт фракцуудын төлөөллийг Ерөнхийлөгч дуудаж уулзсан талаар юм. Энэ уулзалт ирэх намрын улс төрийн гол зангилаа байж таарах магадлал бий. 

Эдийн засаг хүндхэн долларын ханш өсчихсөн, хөрөнгө оруулагчид нүүр буруулсан энэ үед Засгийн газарт бас нэг шүдний өвчин нь өөрсдийг нь огцруулах гэж зүтгээд байгаа улс төрийн элдэв  тоглолтууд болоод байна. Ядаж байхад Ерөнхий  сайдад гол тулгуур болох хүмүүс нь уртын амралт авч, Засгийн газрын хуралдаан хэрүүл шуугиан ихтэй болж, зарим сайд Н.Алтанхуяг руугаа хатуухан үг шидлээд сүйд болоод эхэлж. Энэ хооронд Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж хэлж байсан, МАН жигтэйхэн ухаантай уриалга гаргалаа.  Улс төрийн намуудад гаргасан уг уриалгад манай эдийн засагт нөлөө бүхий хоёр хөрш улсын төрийн тэргүүнүүд ирж байгаа нь  ихээхэн ач холбогдолтой тул улс төрийн намууд эв нэгдэлтэй байж, улс орныхоо эрх ашгийг тэргүүн эгнээнд тавихыг хүсчээ.  

МАН-ын энэ уриалга одоогийн нөхцөл байдалд зөв зүйтэй  цаг үеэ олсон юм. Гэнэт ингэж МАН улс орноо яагаад бодох болов. Эсвэл энэ нь ээлжит нэгэн улс төрийн  шоу юу. Нэгэнтээ С.Баярцогт гишүүн  МАН-тай хамтарч засаг байгуулъя гэж хэлснийг  “Намын албан ёсны байр суурь биш” гэж АН мэдэгдэж байсан билээ.  Нөгөө талаар энэхүү уриалгыг Н.Алтанхуяг МАН-д тал өгч дэмжлэг авахаар тохироо хийж гаргуулсан гэж байгаа бол өөр нэг хэсэг нь Ерөнхий сайдын эсрэг АН-ын зарим фракцын зүгээс “Засаг солигдохоор хамтаръя” гэсэн санал тавьж  МАН-тай тохирсноос үүдэлтэй гэж тайлбарлаж байна. Ямартай ч сөрөг хүчний найрсаг уриалгыг зүгээр нэг эх орноо бодсон алхам биш гэж тайлбарлах хүн олон байна.

Хэрэв Н.Алтанхуягийн удирдсан Засгийн газар огцорвол яах вэ. Энэ талаар ч мэдээллүүд хөвөрч байна. АН МАН хоёр хамтарч, УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд болж, түүний ажлыг МАН-аас хэн нэгэн хаших гэж тохирсон талаар улс төрийн хүрээний  нөхөд ярина лээ. Энэ мэтээр үргэлжилбэл төлөвлөгөө ёсоор ирэх намар улс төрийн үйл явдал  өдөр алгасалгүй өрнөх нь. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, шинээр байгуулагдах Засгийн газар МАН-тай  хамтрах магадлал бий болчихов уу.  

Д.ХҮСЛЭН  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *