Categories
гадаад мэдээ

Зарим оронд “COVID-19”-ийн вакцинжуулалт эхэллээ

Дэлхий даяар “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр буй энэ үед зарим орон вакцинжуулалтаа эхлүүлсэн нь цар тахалд нэрвэгдсэн орнуудын иргэдэд итгэл найдвар төрүүлж байна.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, дэлхий даяар 68 сая хүн халдвар авснаас 15 сая гаруй нь АНУ-д бүртгэгджээ. “AFP” агентлагийн мэдээлснээр, Европт халдвар авсан хүний тоо 20 сая давжээ. Их Британи “COVID-19”-ийн вакцинд зөвшөөрөл олгосон Өрнөдийн анхны орон болсноосоо хойш долоо хоногийн дараа вакцинжуулалтын хөтөлбөрөө мягмар гаргаас эхлүүлэв. Умард Ирландын 90 настай иргэн хамгийн эхэнд вакцин хийлгэсэн бөгөөд дэлхий дахин уг үйл явцыг анхааралтай ажиглаж байна.

Мөн ОХУ халдвар хамгийн их тархсан нийслэл Москва хотод өнгөрсөн баасан гаргаас вакцинжуулалтыг эхлүүллээ. “Эмнэлгийн ажилтнууд, багш нар, олон нийттэй харилцах газрын ажилтнууд зэрэг халдвар авах эрсдэл өндөр 2000 орчим хүнийг дархлаажуулсан” гэж Москва хотын захирагч Сергей Собянин даваа гарагт мэдээлжээ.

Энэ сарын 2-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний мэдээлснээр, орон даяар явуулах вакцинжуулалтын хөтөлбөр энэ долоо хоногийн сүүлээр эхлэх төлөвтэй байгаа ажээ.

Мөн Мексикт вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлэх тов гарсан бөгөөд эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудыг дархлаажуулна. “Вакцинжуулалтыг 12 дугаар сарын гурав дахь долоо хоногийн сүүлээр эхлүүлэх хэрэгтэй” гэж Эрүүл мэндийн дэд сайд Хюго Лопез Гателл мэдэгджээ.

Израилын Засгийн газар арванхоёрдугаар сарын 20-ноос хүн амаа вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байна гэж “Kan” агентлаг Эрүүл мэндийн яамны ерөнхий захирлын мэдээлснийг иш татан уламжилжээ. Мөн тухайн өдрөөс өмнө эмнэлгийн ажилтнуудад вакцин хийж эхлэх төлөвтэй байна гэж мэдээлжээ.

Израил АНУ-ын “Pfizer” компаниас найман сая тун вакцин худалдан авахаар болсон тухайгаа өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдэгдсэн юм.

Гэсэн хэдий ч ядуу буурай орнуудын иргэд вакцины нийлүүлэлтээс хоцорч болзошгүй гэдэгт зарим идэвхтэн санаа зовниж байна. “Ядуу буурай 70 орчим орон ирэх онд дөнгөж 10 иргэн тутмынхаа нэгийг вакцинжуулах бололцоотой байгаа бол дэлхийн нийт хүн амын 14 хувийг хамардаг чинээлэг орнууд одоогийн байдлаар өндөр үр дүн үзүүлсэн бүх вакцины 53 хувийг худалдан аваад байна” гэж “People’s Vaccine Alliance” идэвхтнүүдийн холбооноос өнөөдөр мэдээлжээ. Мөн вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд технологи, оюуны өмчөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан нээлттэй хуваалцахыг вакцин гарган авах чиглэлд ажиллаж буй эмийн компаниудад уриалсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *