Categories
мэдээ цаг-үе

Занабазарын хосгүй үнэт бурхад, Их Монголын нийслэл Хархорумыг “бүтээсэн” 3D лаборатори

Нар ээж, өвс ногоо халиурсан талд хөл дор цэцэгс дэлгэрч, эрвээхэй бүжээд эргэн тойронд буга гөрөөс идээшилсэн амьд байгаль дунд заларсан Ногоон дарь эх, эсвэл долоон бурхад заларсан сар гийсэн шөнийн тэнгэр доорх Цагаан дарь эх, нам гүмхэн нуурын эрэг дээр бодь модны дор бясалгах Амитаба, бүр огт өөр ертөнц болох тэр доор уулсын манан дунд цээжин биеэрээ ил гарсан Жанрайсаг бурхдыг эргэж тойрч гараараа биеийнх нь аль ч хэсэгт хүрэх боломжтой. Бүр дэргэд нь сууж, хэвтээд залбирч болох тийм нэг гайхамшигт орчноор аяллаа. Энэ бол МУИС-ийн Хэрэглээний инженерчлэлийн сургуулийн дэргэдэх Компьютер график, мультмедиа судалгааны нээлттэй лабораторийн залуусын бүтээл Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн 3D буюу гурван хэмжээст виртуал музей.

Мэдээллийн технологийг хөгжингүй орнууд л түүчээлдэг гэсэн ойлголт аль хэдийнэ ард хоцорч, монгол залуус бахархахаар бүтээлүүд хийж байна. 20-иодхон хоногийн өмнө АНУ-ын зах зээлд нэвтэрч худалдаанд гарсан технологийг лабораторийн залуус чадамгай эзэмшжээ.

Тэдэн дээр Японы IT компанийн хоёр захирал ирээд Монголд салбараа байгуулах хүсэлтэй, лабораторийн залуусаар аутсорсинг хийлгэхээр ирж. Тэд мэдээж монгол залуусын бүтээлийг олон улсад гаргаж өөрсдөө ашиг олох зорилготой. Харин тэдний өөдөөс лабораторийн эрхлэгч А.Энхбаяр багш Австрали, Канадад нэвтэрч байгаа хоёр тоглогчтой виртуал орчин бүхий монгол залуусын бүтээлийг үзүүлж, хэрэглэж байгаа шинэ технологийг харуулан тэдгээр бүтээлээ Японы зах зээлд гаргах хүсэлтийг зөрүүлээд тавьжээ. Япон захирлууд мэл гайхаж, уухайн тас хамтран ажиллахаар болсон гэж байна. Тэр ажил одоо биеллээ олж, монгол залуусын бүтээл арлын орны зах зээлд нэвтрэхэд тун ойртсон таатай мэдээг А.Энхбаяр багш дуулгалаа.

Тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө МУИС-ийн Хэрэглээний инженерчлэлийн сургуулийн дэргэд Компьютер график, мультмедиа судалгааны нээлттэй лабораторийг үүсгэн байгуулжээ. Ингэснээр мэдээлэл технологийн олон салбараар мэргэжил эзэмшиж байгаа залуусыг нэгтгэж судалгаа хийдэг орчин буй болгож чаджээ. Судалгааны үр дүнгээс улбаалаад инноваци гарган, компани байгуулах, оюуны өмчийг эзэмших, бүр цаашлаад дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргах том амбицтай гэж байна. Залуусын судалгааны бүтээл эхнээсээ аль хэдийнэ гарчээ. Дээр өгүүлсэн Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд болох бурхдыг гурван хэмжээст виртуал орчинд скайндэж, Үндэсний түүхийн музей, Занабазарын дүрслэх урлагийн музей зэрэг таван музейд байрлуулжээ.

Тэд бас хүнд машин механизмын симуляцийг виртуал орчинд байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, Багануурын уурхайд олон тоглогчтой сургалтын орчныг байгуулжээ. Уурхайн хүнд машин механизмыг ашиглах дадлага сургалтыг явуулахад асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг. Үүнийг тасалгааны орчинд компьютер дээр суугаад яг бодит байдалд нь ороод дадлага сургуулилт хийх орчныг бүтээсэн байна. Хоёр тоглогч буюу компьютерийн ард эксковаторыг “амьдаар” нь удирдаж уурхайд хуулалт хийнэ. Энэ үед хүнд даацын ачааны машин ирж ачилт хийнэ. Ачааны машиныг өөр нэг дадлагажигч жолоодно. Ийм хоёр тоглогч нэгэн орчинд хамтарч дадлага хийдэг лаборатори Багануурын уурхайд ашиглагдаж эхэлжээ.

Залуустай “Оюу толгой” компани хамтран ажилладаг юм байна. Тус компани уурхайн нөхцөлд аюулгүй ажиллагааны симуляци /бодит байдлын хийсвэр зураг/-ийг лабораторийн судлаач залуусаар хийлгэж эхэлжээ.

Тэд яг одоо 800 жилийн өмнөх Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг виртуал орчинд байгуулах төсөл дээр ажиллаж байна. Дэлхийд эртний хотыг тэр үеэр нь байгуулсан хоёр орон байдаг аж. Нэг нь эртний Ром, нөгөө нь Израилийн Иерусалим хот. Ирэх жил түүхэн ой тохиож буй Хархорум хотыг 800 жилийн өмнөхөөр байгуулах ажилд залуус дөрвөн баг болон ажиллаж байгаа бөгөөд оноос өмнө дуусгаж олны хүртээл болгох төлөвлөгөөтэй гэнэ.

Дэлхий дахинаар аж үйлдвэрийн IV хувьсгалын тухай ярьж, эхнээсээ улс орондоо нэвтрүүлж эхлээд байна. 5G, хиймэл оюун ухааны талаар сонсоогүй хүн ховор биз. Өмнөх гурван хувьсгалаас хоцорч, хэзээ хойно нь хэрэглэгч болж байсан Монгол Улсын хувьд энэ удаагийн хувьсгалтай хөл нийлүүлэн алхах бүрэн боломж байгааг энэ лабораторийн оюутнуудын чадвар, бүтээл, хэрэглэж байгаа технологиос нь харахад л итгэл төрөхөөр. Лабораторийн эрхлэгч, инженерийн ухааны доктор, профессор А.Энхбаяр багш ч санал нийлнэ лээ.

Тэрээр “Дэлхий нийтэд мэдээлэл технологийн чадвартай боловсон хүчин хаа сайгүй дутагдаж байна. Тиймээс манай хүүхдүүдээс авч ажиллуулах сонирхолтой гадаад, дотоодын компани олон байна. Би өнгөрсөн хугацаанд эдгээр хүүхдийг Япон, Солонгосын хөгжилд хүчин зүтгүүлэх гэж бэлтгээгүй. Улс орноо хөгжүүлэх, дэлхийн хувьсгалыг тэргүүлдэггүй юм аа гэхэд зэрэгцэж алхах амбиц бидэнд байна. Монгол хүүхдүүд маш их чадвартай” хэмээн ам бардам хэлсэн.

Тэд энэ судалгаагаа гүнзгийрүүлж, бүтээл үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гарах өрнүүн зорилготой “Дижитал солюшнс” гарааны компанийг байгуулжээ. Аж үйлдвэрийн IV хувьсгал мэдээллийн 10 гаруй технологи дээр үндэслэгдэнэ. “Дижитал солюшнс” компани эдгээр технологийн дөрөв дээр үндэслэн бүтээл гаргах бүрэн чадвартай гэнэ.

Мэдээллийн технологи маш хурдтай хөгжиж өөрчлөгдөж байгаа явцыг тус лабораторийнхон маш мэдрэг хүлээж авдаг аж. Шинэ тутамд гарч байгаа технологийг шуурхай нэвтрүүлж хэрэглээд чанартай бүтээгдэхүүн гаргах судалгааг хийдэг гэж байна. Ажлынхаа цар хүрээ, бүтээмжээрээ залуус цалинждаг ажээ.

Тус лабораторид гар, сэтгэл нийлэн баг болсон 18 орчим залуус байна. Тэд бакалавр, магистр, докторын зэрэгтэй. Одоо суралцаж байгаа залуус ч байна. Компьютерийн ухаан, программ хангамж, хэрэглээний математик, физик, электроник гээд мэдээллийн технологийн бүхий л салбараас нэгдсэн байх юм. МУИС-ийг компьютерийн ухааны магистр А.Амгалан судалгааны лабораторид гурван жил ажиллажээ. Тэрээр Багануурын уурхайн хүнд машин механизмын симуляцийг виртуал орчинд байгуулах төсөл дээр ажилласан. Сүүлд ледар ашиглаж “Оюу толгой”-н ган бөөрөнцөг хадгалах агуулахын нөөцийг хэмжих төсөлд оролцож байгаа юм байна.

А.Амгалан дээр өгүүлсэн АНУ-д нэвтрээд 20 орчим хонож байгаа “Ocula squist” төхөөрөмжийг ашиглаж байна. Компьютерт залгахгүйгээр хаанаас ч виртуал орчныг тольдож, удирдаж болох 3D нүдний шил аж. Тус сургуулийн хэрэглээний математикийн магистрт Б.Анхбаяр Хархорум хотын модель хийх ажлыг хариуцаж байна.Тэрээр магистраа дүүргээд судалгааны лабораторийн дэргэдэх “Дижитал солюшнс” компанидаа ажиллаж хүсэлтэй гэнэ. Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдээр хийсэн виртуал музей байгуулахад оролцсон залуусын нэг бол Б.Батзориг. Тэрээр МУИС-ийн оюутан. Судалгааны лабораторидоо анх орж ирээд бусад залуусын хийсэн бүтээлийг хараад мэл гайхаж байсан тэрээр өөрөө одоо бүтээл хийж байгаагаараа бахархаж байна.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *