Categories
мэдээ нийгэм

Замын компани гараажийг албадан буулгахыг хүлээлгүй замаа тавьчихжээ

-Гараажийг албадан буулгасан байв-

“Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч, Цагдаагийн дэд хурандаа Энхбаяр шинээр тавигдах гэж байгаа замын ажилд саад болж, авто гараажаа буулгахаас татгалзсан гэнэ. Үүнээс болж Баянгол дүүргийн XV хороо XXVII байрны ард шинээр тавигдах зам засварын ажил хэд хоногоор хойшилжээ. Зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа “Жи Жэй Си” компани графикийн дагуу хийгдэх ажлын хугацаа хойшлох байсан учраас гараажийг тойруулаад замаа тавьчихсан байна” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

“Жи Жэй Си” компанийнхан юуны учир гараажийг тойруулж зам тавьсан талаар болон хууль хяналтын байгууллагад 30 гаруй жил ажилласан хурандаа цолтой эрхэм нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд яагаад саад учруулсан талаар нэхэн сурвалжиллаа.

Баянгол дүүргийн XV хороо XXVII байр буюу зам тавьсан газарт очлоо. “Жи Жэй Си” компанийнхан гарааж байсан газрыг тойруулаад замаа тавьчихсан байв. Шинээр зам тавих технологийн дагуу гурван давхарга бүхий хайргаар хучилт хийж бэхжүүлээд дээрээс нь аспальт асгаж, индүүдэж нягтаршуулаад цагаан будгаар тэмдэглэгээг нь хүртэл хийжээ. Баянгол дүүргийн газрын алба, Өмч харилцааны газрынхан энэ сарын 11-нд зам тавихад саад болсон авто гараажийг албадан буулгажээ. Гараж байсан газарт удахгүй зам тавих гэнэ.

“Бид иргэн Энхбаярт шаардах бичиг олон удаа хүргүүлсэн” гэв

Баянгол дүүргийн XV хорооны Засаг дарга Ж.Ариунхандаас энэ талаар тодруулахад “Манай хорооны нутаг дэвсгэр 25, 26, 27 дугаар байрны авто замыг шинэчилж, зассан. Гэтэл манай хорооны хоёр иргэн авто гараажаа нүүлгэхгүй, газраа чөлөөлж өгөхгүй удсан. Хорооны зүгээс хуулийн дагуу албан ёсоор мэдэгдэх хуудас өгсөн. Төмөр гараажны эзэн газраа чөлөөлөөд өгчихсөн. Харин бетонон гаражны эзэн газраа чөлөөлж өгөхгүй байсан. Бид ч хэд хэдэн удаа мэдэгдэх болон шаардах бичгийг иргэн Энхбаярт өгсөн. Иргэн Энхбаяр бидэнд “Гараажаа буулгахад их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй болоод байна. Иймд улсаас албадан буулгаад өгөх юм бол надад татгалзах зүйл алга. Албан буулгаад журмын хашаанд хийчих. Дараа нь мөнгө төгрөгийг нь өгөөд гараажаа авчихаж болох байх” гэж мэдэгдсэн. Ингээд хороо ажлаа хийж, албадан буулгах Засаг даргын захирамж гаргахаар санал, гомдлоо өгсөн юм. Дүүргийн Засаг дарга ч гараажийг албадан буулгахыг зөвшөөрсөн байсан. Ингээд Өмч харилцааны газар болон Газрын албаныхан гараажийг албадан буулгаж газар чөлөөлөх гэж байхад зам засварын компани үүнийг нь хүлээлгүй замаа тавьчихсан байсан” гэв.

Гарааж тойруулж зам тавихыг мэргэжлийн хяналт, Нийслэлийн авто замын газраас зөвшөөрчээ

“Жи Жэй Си” компанийнхан гараажийн суурь байсан газарт хайрга асгаж, индүүдэх ажил хийж байлаа. Нөгөөдөр гэхэд аспальт дэвсээд бүрэн янзалж дуусах гэнэ. Өмчийн харилцааны газар болон Газрын албаныхан гараажийг албадан буулгах гэж байхад хэд хоног хүлээж чадалгүй зам тавьсан талаар “Жи Жэй Си” компанийнхан албан ёсны тайлбар өгөхөөс татгалзсан юм. Харин тэр хавийн оршин суугчид зам засварын компанийн талаар ийн ярьж байна.

XXV байрны оршин суугч Г.Мягмарсүрэн “Манай энэ хавийн зам олон жил болоод их муудсан. Борооны усанд идэгдэж энд тэндгүй гүнзгий нүхтэй болчихсон. Харин Нийслэлээс энэ жил шинээр зам засах, машины зогсоол барих хөрөнгө мөнгийг бүрэн шийдэж өгсөн гэсэн. Шинээр тавигдах замын зураг төсөлд хамрагдсан зөвшөөрөлгүй гараажийг буулгах ажлыг өнгөрсөн сараас хийсэн юм. Гэтэл нэг иргэн гараажаа чөлөөлөхгүй байсан. Газрын албаны хүмүүс “Гараажны эзний утас холбогдохгүй байна. Хөдөө явсан бололтой” гэж байсан. Хэд хоногийн дараа гараажных нь хаалга онгойчихсон, дотроос нь эд зүйлсээ гаргаж ачааны машинд ачиж байгаа харагдсан. Хоёр гурван ч удаа зөөснийг цонхоороо харсан юм. Гэтэл зам засварын компани замаа тавиад эхэлчихсэн. Гарааж тойруулаад замаа тавиад бүр цагаан будгаар тэмдэглэгээ хийчихсэн. Өмнө нь энд тэнд айлууд газраа чөлөөлж өгөхгүй, зам засварын ажил хойшлоод байгаа гэх мэдээлэл гардаг байсан. Албадан нүүлгэн шилжүүлэлгүй шууд тойруулаад барьсан нь сонин санагдаад байгаа юм. Уг нь төр хүчтэй гэдгээ харуулаад албадан буулгаад ажлаа эхлүүлэх ёстой биз дээ. Гарааж тойруулж зам барихыг Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрсөн гэсэн. Дээрх хоёр байгууллагын хяналтын инженерүүд зөвшөөрөхгүй бол гүйцэтгэгч компани дур мэдэн барина гэж байхгүй. Гарааж байсан газрыг үлдээснээс болж замын чанарт нөлөөлж магадгүй гэж бодож байна. Мэдээж суурин хэсэгт хэд хэдэн удаа индүүдэх ёстой. Гэтэл индүү нь томдоод хайрга шороогоо сайн нягтаршуулж чадахгүй нь тодорхой байна. Дараа нь гарааж байсан газрын тэр хавиас хагарал үүсч, нүх гарвал хэн хариуцлага хүлээх вэ” гэв. Иргэн Энхбаярын гараажийг буулгалгүй үлдээх сонирхол шат шатны байгууллагад байсан гэдгийг оршин суугчид хэлж байв.

Гараажны эзэн Энхбаяр: Миний нэр хүндэд халдаж байна

Хэрэв дээрх мэдээллийг Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхбат твиттер хуудастаа “Enkhbataa @avirbayar Монголд хууль дүрэм гэж байдаг бол тэрийг хамгийн түрүүнд сахиж, бусдыг үлгэрлэх чиглүүлэх үүрэгтэй хүн баймаарсан”, “@Oogiinoo: @Enkhbataa хэлэх үг олддоггүй ээ. Бөөн тусгай хангамж. Цагдаагийн хошууч ингэж байгаа юм чинь Хурандаа, Генералууд яах бол! @Enkhbataa Жирийн иргэнийг далайлгаж болдог. Задарсан хошуучийг дийлдэггүй оронд амьдармааргүй бна. Гэвч мэдээлэл яг үнэн үү?? @avirbayar, @AHXAAP1 @avirbayar Дээд байгууллага нь ямар арга хэмжээ авахыг харах л үлдлээ дээ. Жирийн иргэд байсан бол БУДАА болно доо @MongolianPolice” гэх мэтээр жиргээгүй байсан бол нураахгүй байсан гэх мэдээллийг өгөх хүн олон байв. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн хошууч авто гараажийн эзэн юм байна гэх мэдээлэл ч гарсан. Тэгвэл гараажийн эзэн Энхбаяр нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч, Цагдаагийн дэд хурандаа цолтой нэгэн юм байна. Шинжээчээр 30 гаруй жил ажиллаад гурван жилийн өмнө тэтгэвэртээ гарсан байна. Бид түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

-Таныг цагдаагийн албан хаагчийн нэр хүндээ ашиглаж нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд саад учруулж байгаа гэх мэдээлэл гараад байна. Яагаад гараажаа буулгаж авахгүй байсан юм бэ?

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний нэр хүндийг унагаж илтэд гүтгэсэн худал мэдээлэл гараад байгаад маш их харамсч байна. Би нэр төрөө сэргээлгэнэ гэж бодож байна. Гараажны асуудлаас болж маш их дарамт шахалт ирлээ. Би Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст ажилладаг хошууч цолтой хүн биш. Шүүхийн шинжилгээний хүрээлэнд 33 жил ажилласан жирийн нэг шинжээч. Шинжээчээр 33 жил ажиллахдаа нэг ч удаа даргын албан тушаал хашиж байгаагүй. Гараажаа 2000 оны үед энд авчирсан. Угсармал бетонон гараажийг тухайн үед өндөр үнээр худалдаж авч байсан. Гарааж маань хоёр хэсэг болохоор өргөгч кран, том тэвштэй ачааны машин хөлсөлж авчраад буулгаж байв. Хороо болон газрын албанаас надад мэдэгдэх хуудас өгсөн. Би түүнийг нь хүлээж аваад “Гараажаа буулгах гэхээр өндөр өртөг гараад байна. Маш хүнд болохоор кран хөлсөлж, ачуулна. Дээрээс нь том тэвштэй машинаар хоёр удаа зөөнө. Мөн өдрийн цагаар хүнд даацын машин хотын төвөөр явж болохгүй болохоор шөнөөр ачих зэрэг асуудал гарч ирсэн. Энэ бүгдийг тооцоолж үзэхээр 700 гаруй мянган төгрөг болсон юм. Мөнгөний боломж одоогоор алга байна. Улсаас албадан буулгана гэвэл надад татгалзах зүйл байхгүй. Дотор байгаа зүйлийг нь бүгдийг нь суллаж, буулгахад бэлэн болгоод өгье” гэж хэлсэн. Нийгэм даяар шуугиан тарьсан асуудал болно гэж бодоогүй. Гарааж байрлуулах газар ч надад байхгүй. Тэтгэврийнхээ мөнгийг өөр зүйлд зарцуулах гээд зээл авчихсан болохоор мөнгөний боломж олдохгүй нь тодорхой байсан. Дүүргийн газрын албаны мэргэжилтэнтэй хэдэн удаа уулзаж энэ хавийн гарааж байгаа газарт байрлуулж болохгүй юм уу гэж асуухад боломжгүй гэсэн. Ингээд Хөвсгөл аймаг руу дүүгийнхээ хуриманд явсан. Энэ хооронд замын компани ажлаа хурдан хийхийн тулд гарааж тойруулаад зам тавьчихсан байна лээ. Үүнийг Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын нэг дарга олон нийтийн сүлжээнд худал мэдээлэлтэй цацсан байсан. Тэртэй тэргүй улсаас албадан буулгах нь тодорхой болчихсон байсан.

-Таныг утсаа авахгүй, гэртээ байхгүй алга болчихсон байсан гээд байгаа шүү дээ?

-Тэр үед Хөвсгөл явчихсан байсан гэдгээ дээр хэлсэн шүү дээ. Хөдөөнөөс ирээд гараажаа суллаж эд зүйлсээ авах гэж их юм болсон. Дөрөв хоног гарааж руугаа орж чадаагүй гээд бод. Ойр хавийн замыг тэр чигт нь хаачихсан. Арай гэж унаа, тэрэг аваад ирэхээр гараажны хаалга таглаад хүнд даацын машин тавиад алга болчихдог. Хөлсөлж ирсэн машины жолооч хүлээж чадахгүй гээд яваад өгдөг. Насаараа төрийн байгууллагад ажилласан хүний хувьд төр ямар хүчтэй вэ гэдгийг мэднэ. Их хотын бүтээн байгуулалтад санаатайгаар саад учруулсан зүйл байхгүй.

-Таны машины цонхыг хагалсан гэсэн үү?

-Тиймээ. Нэг хүн миний машины зургийг “Газраа чөлөөлөлгүй зам бариулж чадсан цагдаагийн машин” гээд цахим хуудастаа тавьчихсан байсан. Өглөө босоод ирсэн машины цонх хага цохичихсон байна лээ. Цагдаагийн байгууллагаас над руу холбогдож юу болоод байгаа талаар тодруулж асууж байна лээ. Мөн ажиллаж байсан газраас хүртэл яагаад чих халууцуулаад байна вэ гэж залгасан. Хамт ажиллаж байсан болон найз нөхөд, ах дүү гээд маш олон хүн утсаар холбогдож байна. Гараажаа суллаж бэлэн болгочихоод гэртээ байж байхад хүртэл албадан нүүлгэхээр ирсэн Өмчийн харилцааны газар болон Газрын албаны мэргэжилтэн гараажны цоож эвдчихсэн зогсч байсан. Энэ мэтээр миний нэр хүндэд халдсанд гомдолтой байгаа.

Э.Баатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *