-ИНТЕРПОЛООР
ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БУЙ “МТЗ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН П.БАТ-ЭРДЭНЭ ХУУЛИЙНХАН
РУУ УТСААР ЯРЬЖ ЭД ХӨРӨНГИЙГ НЬ БИТҮҮМЖЛЭХГҮЙ БАЙХЫГ ХҮСЧЭЭ-
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр
зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон БНСУ-ын “Самсунг СТ” компанийн
захирал Ли Жон Гёл нарыг цагдан хорьж шалгаж
байгаа билээ. Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан гурван хүнийг өнгөрсөн баасан гаригт
баривчлан цагдан хорьсон байна. Хуулийн байгууллагын эх сурвалжаас энэ тухай тодруулахад “Гурван хүнийг
баривчилсан. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломж алга. Мөрдөн байцаалтын нууцад
хамааралтай учир тэдний нэр, албан тушаалыг хэлж болохгүй. Цагдан хорьсон хүмүүсийг
72 цаг саатуулсан” гэсэн мэдээллийг өгсөн юм. Харин бидэнд олдсон мэдээллээр өнгөрсөн
баасан гаригийн орой манай улсын аж ахуйн нэгж буюу гурван компанийн удирдлагыг цагдан хорьсон байна. Зүүн чиглэлийн Сайншандаас
Чойбалсан руу тавих 100 км замын ажлыг тэд хийсэн
бололтой. Цагдан хоригдсон хүмүүс мэдүүлэхдээ “Монголын төмөр зам” төрийн
өмчит компаниас мөнгө авахын тулд замын ажилд оролцсон. Гэвч замын ажлыг хийгээгүй
ч тодорхой албан тушаалтнууд замын ажил хийсэн мэтээр тайлан гаргаж өгч байсан.
Гүйцэтгэлийн мөнгө орж ирэхээр нь хариуд нь дээрх албан тушаалтнуудад дансаар орж ирж байсан мөнгийг
өгсөн” хэмээжээ. Түүнчлэн төрийн мөнгийг компаниараа дамжуулан угааж байсан гэх
хардлагад дээрх захирлууд орсон ч ямар албан тушаалтанд хэрхэн мөнгө өгсөн гэдгээ
баримтаар дэлгэж өгч байгаа юм байна.
Ингэхдээ “Тодорхой албан тушаалтнууд гуйсан”, “Мөн тодорхой хувийг
нь компанид чинь өгнө” гэсэн учир энэ ажлыг
хийсэн гэдгээ хүлээсэн байна. Мөн хэн нэгэн гуйж компанийн данс ашигласанд бид буруугүй
хэмээж байгаа аж. Шүүх болон прокурорын шатанд компанийн захирлуудад холбогдох энэ хэсэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох магадлалтай
гэдгийг эх сурвалж хэлж байна. Учир нь дээрх цагдан хоригдсон захирлууд албан тушаалтнуудын
талаарх дэлгэрэнгүй баримтыг хуулийнханд гаргаж өгч “нэр цэвэр” хэргээс мултрах
боломжтой гэнэ. Иймд бид компани болон захирлуудын нэрийг дэлгэхээ түр азналаа.
Саатуулагдсан захирлуудын
компанийн санхүү болон удирдах түвшний албан бичгийг битүүмжилжээ. Харин
компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юм байна. Дээрх хэргийг
Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа
бөгөөд төрийн өндөр албан тушаалтнуудтай
холбоотой гэмт үйлдлүүдийг нь албан тушаалаа
урвуулан ашигласан гэх зүйл ангид хамруулж Авлигатай тэмцэх газар шалгахаар болсон
байна. Авлигатай тэмцэх газарт ямар гэмт үйлдлүүд шалгагдах болж буйг дараагийн
дугаартаа мэдээлэх болно.
П.БАТ-ЭРДЭНЭ
ХУУЛИЙНХАН РУУ ЗАЛГАЖ ХЭРГЭЭ ХҮЛЭЭЕ ГЭЖЭЭ
Энэ хэрэгт холбогдож, интерполоор эрэн сурвалжлагдаж буй “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ
болон“Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат нарын талаар мөрдөн байцаалтын
шатанд багагүй мэдээлэл, нотлох баримт цуглаж
байгаа аж. Тодруулбал, П.Бат-Эрдэнийг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
асан, “МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон “Samsung CT”-ийн захирал нарын
хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа. Улмаар мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан
тул ийнхүү эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн.
Тэрбээр Австралид сурч байгаад сураггүй болсон юм. Гэтэл өнгөрсөн
долоо хоногт өөрөө хуулийн байгууллагын эх сурвалж руу утсаар холбогдсон байна.Утсаар
холбогдохдоо би хэргээ хүлээе. Хамгийн гол нь Улаанбаатар хотод байгаа миний болон ойр дотнынхны минь нэр дээр байгаа
үл хөдлөх хөрөнгийг битгий битүүмжлээч гэсэн утгатай зүйл ярьсан гэнэ. Тодорхой
тохиролцсоны үндсэн дээр хаана байгаа газраа хэлсэн бололтой. Харин хуулийнхан түүнийг
байршлыг нь тогтоох боломжгүй утсаар ярьсан тул байгаа газрыг нь илрүүлж
чадаагүй гэнэ.
Ч.ГАНБАТЫГ АНГЛИД БАЙГААГ ТОГТООСОН БАЙНА
“Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбатыг ч мөн энэ хэрэгт холбогдуулан
интерполоор эрэн сурвалжилж байгаа билээ.
Энэ хэрэгт холбогдуулан Б.Батзаяа нарыг баривчлагдсаны дараа Ч.Ганбатыг Америкт байгааг тогтоосон. Тэрбээр
Сингапурт явж байгаад Монголд баривчилгаа явагдаж байна гэсэн мэдээллийг аваад БНСУ-ыг зорьсон байдаг. Тэндээсээ АНУ руу АНУ-ын
иргэний үнэмлэхээрээ нэвтэрсэн болох нь тогтоогдсон. Ингэснээр Монголын хилээр гарахдаа
л монгол паспорт ашиглаж, цаашаа зөвхөн АНУ-ын паспортоор гарснаас үзэхэд хууль
бусаар буюу давхар харьяалалгүй оронд тусгайлан давхар харьяаллын эрх эдэлдэг байсан
нь тогтоогдсон. Харин хожим түүнийг АНУ-ын ногоон карт хожоод тус улсын паспорттой
болсныг хуулийнхан мэдсэн байдаг. Иймд манай талаас түүний давхар харьяалалгүй оронд тусгайлан давхар харьяаллын
эрх эдэлдэг байсан нь Монгол Улсын хууль дүрмийг ноцтой зөрчиж буйг мэдэгдэж бичиг
баримтын зөрчилтэй талаар нь олон улсын байгууллагад
илгээсэн гэнэ. Энэ мэдээллийг авсан тэрбээр Англи улс руу оргон зайлсныг хуулийнхан тогтоожээ.
Оргон зайлахаасаа өмнө Ч.Ганбат “Либерти партнерс” ХХК-ийн захирал төдийгүй
Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын Төлөөлөн
удирдах зөвлөлийн дарга байсан байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа
мөн тус аж үйлдвэрийн цогцолбор босгох ажилд төсвөөс 24 тэрбум өгсний 22 тэрбумыг
нь судалгааны ажил гэх нэрийн дор шамшигдуулсан гэх ноцтой мэдээлэл сөхөгдөж байгаа
юм байна.
Харин дээрх цогцолбор компанийг
Дорноговь аймаг, говийн бүс төдийгүй улс орны эдийн засагт үсрэнгүй хөгжил
авчрах төслийн хэрэгжүүлэгч “САҮЦ” хувьцаат
компани гэж нэрлээд гүйцэтгэх захирлаар нь Ж.Дөлгөөн гэх залууг тавьсан байдаг.
Энэ залуу бол Зам тээврийн сайдаар 2012 онд ажиллаж байсан хүний бие хамгаалагч
байжээ.