Дөрөвхөн хоногийн дараа сонгууль болох гэж байна. Сонгуулийн сурталчилгаа ердөө хоёрхон өдрийн дараа хаагдах гэж байна. Яг ийм торгон цаг мөчид хүн бүхэн дор бүрнээ сонгуульдаа идэвхтэй, хариуцлагатай оролцохыг бодох хэрэгтэй байна. Нэг хүний сонголт, үндсэндээ иргэн таны сонголт улс орны цаашдын хувь заяанд маш чухал нөлөөтэй болохыг сайтар ойлгох нь зүйтэй. “Миний өгсөн санал миний амьдралд нөлөөлнө, улс орны ирээдүйг тодорхойлно” гэсэн чин хүсэл эрмэлзэлтэйгээр саналаа өгөх хэрэгтэй.
Түүнээс миний саналаар дутав гэж бодох, санал өгөхөөс төвөгшөөх, найз нөхөд гэр бүлээрээ саналаа өгөлгүйгээр хөдөө гадаа амралт зугаалганд явах, сонгууль өгөөд үр дүн нь хэзээ гарч байсан юм бэ, юм өөрчлөгддөггүй шүү дээ гэж итгэх нь буруу. Энэ нийгэм болохгүй байна, бидний амьдралд өөрчлөлт гарахгүй байна, үнийн өсөлтөд сөхөрч байна, цаашлаад утаа, замын түгжрэл энэ бүхнээ бодохоор Монголд амьдрах хэцүү байна гэж бодож байгаа бол та саналаа л өгөх хэрэгтэй. Сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй.
2008 онд Энэтхэгийн Ражастан мужийн сонгуульд нэр дэвшиж байсан Кэйлан Синг Чоухан хэрвээ ялалт байгуулсан бол намаасаа Ерөнхий сайдад нэр дэвших байсан. Шилдэг улстөрчдийн нэг тэрээр уг сонгуульд өрсөлдөгчдөө ердөө ганцхан саналын зөрүүгээр ялагдсан байдаг. Гэвч түүний эхнэр болоод жолооч нь саналаа өгөөгүй нь батлагдсан. Тэр хоёр хүн саналаа өгсөн бол тэрээр Ерөнхий сайд болох байсан. Уг жишээ ганцхан санал ямар үнэ цэнэтэй болохыг дэлхий нийтэд гэрчилсэн түүхтэй.
Манай нийт сонгогчдын 50 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна. Энэ тухай хамгийн сүүлийн судалгааг авч үзвэл, энэ оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсын хүн ам 3.5 сая орчим байна. Үүний 70 орчим хувь буюу 2 сая 440 мянган хүн сонгуульд саналаа өгнө. Эдгээр сонгогчдын 50 хувь нь 18-39 насны залуучууд, 50 хувь 40-өөс дээш насны сонгогчид байна. 40-60 насны хүмүүсийн 75 хувь нь сонгуульд оролцдог бол 60-аас дээш насны 95 хувь нь сонгуульд оролцож саналаа өгдөг гэсэн тооцоо бий.
18-39 насны залуучуудын оролцоо өмнөх сонгуулиудаас харахад тааруу байсан. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуульд 18-35 насны залуучуудын 60 хувь нь сонгуульд оролцоогүй, саналаа өгөөгүй гэсэн тоог Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байсан. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 18-39 насны залуусын 50 хувь нь сонгуульд оролцоогүй гэсэн судалгаа гарсан. Эдгээр залуус 40-өөс дээш насны бүлгийнхэнтэй адилхан сонгуульдаа оролцвол тодорхой хэмжээний өөрчлөлт гарна гэдгийг судлаачид хэлж байгаа юм. “Сонгогчдын боловсрол төв”-өөс залуучуудын сонгуулийн оролцоог насны бүлгээр нарийвчлан гаргажээ.
Энэ талаар тус төвийн мэргэжилтэн Д.Элбэрэл “Санал өгч байгааг насны бүлгээр нь задлаад үзвэл 18-19 насныхан 56.5 хувь, 20-24 насныхны оролцоо дөнгөж 43.7 хувьтай байна. Энэ нь бидний хэлдгээр GenZ үеийнхэн юм. Анх удаа саналаа өгч байгаа залуучуудын оролцоо их байна. Залуучууд дундаа хамгийн их оролцоотой нь 35-39 насныхан. Тэд 68.4 хувьтай байна. Анх саналаа өгч байгаа залуус дөрвөн жилийн дараа дахин саналаа өгөх үед оролцоо нь буурч байна” гэдгийг хэлсэн. Залуусыг сонгуульд идэвхтэй оролцуулахыг нийт даяар уриалъя. Залуучууд сонгуульдаа идэвхитэй оролцож нийгмээ түүчээлж, улс орны ирээдүй, хөгжил дэвшлийн гол гогцоо бид бүхний гарт байна гэдгийг сайтар бодох цаг нь болжээ.
Тиймээс залуусыг сонгуульд идэвхтэй оролцуулах хөдөлгөөн өрнүүлье. Хуруун дээр бэх дусаадаг ч юм уу, ямар чиг байсан тухайн иргэнийг саналаа өгсөн гэдгийг нь баталгаажуулах тэмдэглэгээ байж таарна. Иймд сонгуульд оролцсон, саналаа өгсөн залууст хямдрал үзүүлдэг жишгийг улс даяараа бий болговол яасан юм бэ. Шөнийн баар цэнгээний газрууд залуучуудад 50 хувийн хямдралтай үйлчлэх, ресторан кофе шоп, хоолны газрууд мөн 50 хувийн хямдрал үзүүлж баймаар байна. Эдгээр ресторан, баар, хоолны газруудын нэг оройны зардлыг нийгмийн хариуцлагын хүрээнд үндэсний томоохон компаниуд даадаг эдийн засгийн ийм бодит жишиг тогтох хэрэгтэй.
Ингэж байж залуучууд нийтээр саналаа өгдөг, улс оронд сонгууль болж байна, монголчууд бид төр засгаа шинээр сонгож, төрөө төвхнүүлэх их үйлсийг хамтдаа бүтээж байна гэсэн хандлага хүн бүхэнд төрж, нийгэм баяр хөөртэй, гэрэл гэгээтэй болоод ирнэ.Түүнээс нам эвслээрээ талцаж, сонгуулийн штаб, санал авах байр бүхний гадаа хэрүүл маргаан гарч, зодоон цохион цаашлаад нэгнийхээ эрдэнэт аминд хүрдэг ийм тэнэг балмад, зэрлэг бүдүүлэг байдлаа одоо зогсоох цаг нь болсон.
Баар цэнгээний газар, хоолны үйлчилгээнээс гадна санал өгсөн залууст дэлгүүр хоршоо мөн л 50 хувийн хямдралтай үйлчилж, дээрээс нь үсчин гоо сайхан, машин угаалгын газрууд гээд бүхий л үйлчилгээний газрууд хямдрал үзүүлж залуусынхаа идэвх, урам зоригийг нь сэргээдэг болмоор байна. Салбар бүрийн манлайлал болсон залуус бусдыгаа уриалан саналаа өгч, аль нэгэн газраар хямдралтай үйлчлүүлж буйгаа олон нийтэд мэдээлэн, нийгэмд эерэг хандлага бий болгомоор байна. Нийгэмд хамгийн нэр хүндтэй, бусдыг дагуулах чадалтай тийм залуучуудыг “Сонгогчдын боловсрол төв” зэрэг энэ чигийн байгууллагууд олж саналыг нь өгүүлж хамгийн гол нь дэлгүүр хоршоо болон бусад газраар хямдралтай үйлчлүүлж байна гэдгийг сурталчлах хэрэгтэй.
Ойрын жишээ болгоход, Солонгосын залуучууд сонгуульд маш идэвхтэй оролцдог. Учир нь тэд ирээдүйнхээ сонголтыг хийж байна, өөрсдийнхөө амьдралыг шийдэж байна гэдэг утгаар хариуцлагатай оролцдог. Дээрээс нь эх оронч айхтар нөлөөлдөг болохыг олон улс судлаачид хэлдэг. Зөвхөн миний сонголтоор эх орны ирээдүй шийдэгдэнэ гэж тэд үздэг. Яг үүн шиг монголчууд бид шинэ залуу үедээ эх оронч сэтгэлгээг суулгаж өгөх хэрэгтэй байна. Монголын үндэсний томоохон компаниуд, аж ахуйн нэгжүүд сонгуульд хариуцлагатай хандах цаг нь болсон. Монгол Улсаа хөгжүүлье л гэж бодож байгаа бол бид төр засгаа өөрсдөө итгэл үнэмшилтэйгээр сонгох ёстой. Үндэсний компаниуд үүнд хөрөнгө мөнгө гаргаж, нийгмийн өмнө үүрэг хүлээх хэрэгтэй.
Залуусаа сонгуульд идэвхтэй оролцуулах ийм олон янзын аргыг сэдмээр байна. Аль нам эвсэл, хэн ялах нь хамаагүй. Хамгийн гол нь залуусын идэвх өндөр, тэд бүгд саналаа өгч эрх үүргээ эдлэх, ухамсарлах нь зүйн хэрэг. Ингэвэл дараа нь хэл ам гарахгүй. Сонгуулийн дараа ямар хэл ам гардаг вэ гэхээр залуучуудын идэвх маш сул байлаа. Санал өгсөн нийт сонгогчдын 60-70 хувь нь 45-аас дээш насныхан байлаа, тиймээс сонгуулийн дүнд тодорхой өөрчлөлт гарсангүй гэх харамсмаар ч юм шиг, халагламаар ч юм шиг, бүр зэвүү хүрмээр ч юм шиг яриа гардаг. Ийм яриа гарч, нийтээрээ халаглаж, шинээр сонгогдсон төр засаг руугаа нулимахгүйн тулд залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцогтун.
Д.Батболд