Categories
мэдээ цаг-үе

Залуусын цагны сонголт 150-300 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна

Гар утас дэлгэрснээр бугуйн цагны хэрэгцээ, шаардлага буурсан гэх боловч өөрийгөө илэрхийлэх, ажил хэрэгч, дэгжин харагдах, найдвартай ажиллагаа талаасаа ч бугуйн цаг үнэ цэнээ хадгалсан хэвээр байна. Сүүлийн үеийн залуус гадаад үзэмж, ажил хэрэгч зан чанар зэрэг бүхий л зүйлдээ ихээхэн анхаарал хандуулж, энэ бүхнийг тодотгоход ямар бугуйн цаг тохиромжтой тухай сонирхох болсон. Энэ талаар “Контас” цагны дэлгүүрийн менежер Ж.Чулуунбаттай ярилцлаа. Тэрбээр бугуйн цаганд дурлаж, сүүлийн 25 жил энэ салбарт мэргэшиж ирсэн аж.


-Орчин үеийн залуус ямар бугуйн цагийг түлхүү хэрэглэж байна вэ?

-Цаг бол залуусын өөрийгөө илэрхийлэх гоёл, бугуйн тун чамин чимэг юм. Орчин үеийн залуус дэгжин, загварлаг, өнгөлөг цагийг их сонирхож байна. Залуусын сонирхож байгаа гол брэндүүд гэвэл Emporio Armani, Fossil, Michael Kors, Diesel зэргээс гадна сүүлийн үед их орж ирж байгаа Америкийн Tommy Hilfiger брэндийг их сонирхох болсон. Төрийн албан хаагч болон офиссын ажилтай залуус энгийн загвартай, костюмтай хосолдог загварыг илүү сонирходог. Өөрөөр хэлбэл, дан корпустай, чулуун нүүртэй, арьсан болон ган оосортой, зурагддаггүй, эдэлгээ удаантай цагийг сонирхож байна. Жишээ нь, офиссын ажилтай залуус Шведийн Daniel Welling­ton гээд цагаар их гангарч байгаа. Энгийн, цэвэрхэн загварын цагаа ажлын цагаар хэрэглэнэ. Харин амралтын цагаар Armani гэх зэргээр сэлгэж зүүдэг. Нэг үгээр хэлбэл, санхүүгийн хувьд боломжтой залуус өөрийн гэсэн дор хаяж гурван цагтай байна. Амралтын үед, найз нөхөдтэйгөө уулзах, ажил төрөлдөө гэх зэргээр ангилж зүүдэг. Бүр цаашлаад долоо хоногийн өдөр бүр сэлгэж зүүх долоон цагтай ч байдаг. Ер нь цагны төгс хэрэглээ гэвэл ингэж задалж ярина.

-Мэдээж залуусын хувьд санхүүгийн боломж харилцан адилгүй байгаа. Ер нь худалдан авалтын үнийн дүн хэдэд хэлбэлзэж байна вэ?

-Санхүүгийн боломжоос хамаарч өмнө нь 50-60 мянган төгрөгийн цагийг түлхүү худалдан авдаг байсан. Харин одоо 150-300 мянган төгрөгийн хооронд боломжийн сонголттой цаг авч, хэрэглэж байна. Брэнд оргиналь цаг 250-500 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг. Тэгвэл 150-180 мянган төгрөгийн хооронд янз бүрийн брэндүүдийн цаг байдаг. Эдгээр нь дэлхийд алдартай брэнд биш боловч чанартай. Жишээ нь, оюун өмчөөр хамгаалсан Navi­force брэндийн цагийг би тун боломжийн гэж дүгнэдэг. Дунджаар 150 мянган төгрөгийн ханштай. Залуус ч өргөн хэрэглэдэг.

-Ер нь манай залуусын цагны хэрэглээг олон улстай харьцуулахад ямар түвшинд байна вэ?

-Би Герман, Швейцарь, Франц, Хятад гэх зэрэг орнуудаар байнга явдаг. Эдгээр орнууд дахь цагны хэрэглээ, хандлага зэргийг байнга сонирхож, судалдаг. Өндөр хөгжилтэй орнуудын залуусын зүүж байгаа цаг монгол төгрөгт шилжүүлбэл 500 мянгаас дээш байна. Харин манай залуусынх 150-300 мянга байгаа. Мэдээж улс орны хөгжлийн түвшин, эдийн засгийн чадавхаас хамаарч цагны хэрэглээнд иймэрхүү ялгаа гарч байгаа юм. Гадаадад ямар цаг зүүж байгаагаас хамаарч тухайн хүний зиндааг тодорхойлдог. Энгийн бизнес эрхлэгч, албан хаагч Omega, Rolex зэргийг зүүчихэж байна. Топ бизнесмэнүүд нь Patek Philippe, Vacheron Constantin гэх зэргээр илүү өндөр үнэтэй цаг хэрэглэж байгаа.


-Залуус уламжлалт цагнаас гадна смарт цагийг их сонирхох болжээ. Эдгээр цаг нь хүний биеийн зарим үзүүлэлтийг хэмжих зэргээр олон талын ач холбогдолтой хэмээдэг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Смарт цаг технологийн хувьд төгс шийдэгдээгүй байгаа. Наад захын хямдхан смарт цагнууд ерөнхийдөө найдваргүй гэж ойлгож болно. Батарей нь цэнэг авдаггүй гэх зэргээр маш их асуудалтай. Түүнчлэн, Mishail Kors, Fossil зэрэг брэндүүд бүгд смарт цаг гаргасан. Мөн л технологийн хувьд төгс шийдэж чадаагүй. Алдаа ихтэй. Гар утастай адил нэг өдрийн дотор цэнэг дуусчих жишээтэй. Цаг ийм байх ёсгүй шүү дээ. Би Хонконгийн “Apple”-ийн албан ёсны дэлгүүрээс 4200 хонконг доллараар смарт цаг худалдаж авсан. Зүүгээд есөн сарын дараа дэлгэц нь асуудалтай болсон. Эргүүлж шинэчилж авахад 70 хувийн төлбөр төлөх хэрэгтэй болж байсан юм. Мөн манайх 50 ширхэг смарт цаг оруулж ирэхэд 10 нь асуудалтай байх жишээтэй. Цэнэг авахгүй байсан учир үйлдвэр рүү нь буцааж байв. Яахав, смарт цаг гэхээр зүрхний цохилт энэ тэр хэмждэг зэрэг олон талын ашигтай гэж ярьдаг. Гэхдээ энэ бол цаг биш. Хүний биеийг хэмжих нэмэлт багаж маягийн юм уу даа. Жинхэнэ цаг бол өөр.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *