Categories
мэдээ нийгэм

Залуу судлаач, эрдэмтдийг дэмжиж хамтран ажиллахаар болов

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу эрдэмтдийн холбоо төрийн бус байгууллагатай хамтран оны шилдэг бүтээл шалгаруулах “Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Одон орон судлалын Хүрэлтогоот цогцолборт зохион байгууллаа.

Тус хурлыг нээж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны тэргүүн Д.Баттогтох, Ниигмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн Холбооны тэргүүн Б.Пүрэвсүрэн нар үг хэлэв.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Залуучуудын хөгжил судлалын залуу эрдэмтэн, судлаачдын судалгааны ажил, тоог нэмэгдүүлэх, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухааны салбарт өндөр технологи, инновацийн бүтээлч тогтолцоог бий болгох, залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлыг дэмжин олон нийтэд таниулах, төсөл хөтөлбөрт хамруулах боломжийг бий болгоход томоохон хувь нэмэр оруулж буй “Залуу эрдэмтдийн холбоо” ТББ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран зохион байгуулж байна.

Энэ оноос тус эрдэм шинжилгээний бага хурлын нийгмийн ухааны салбар хуралдаанд “Залуучууд судлал”-ыг тусгай чиглэл болгон оруулах болсныг Та бүхэнд уламжлахад таатай байна. Энэ жил нийгмийн ухааны салбар хуралдаанд илтгэлээ хэлэцүүлж буй 14 залуу судлаачдад Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын нэрэмжит мөнгөн шагнал, мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн хоёр сургалтад үнэ төлбөргүй суух эрхийн бичгээр шагналаа” хэмээв.

Залуу судлаач, эрдэмтдийг дэмжиж хамтран ажиллахаар боловТус хуралд Залуучууд судлалын хөгжлийн чиг хандлага сэдэвт илтгэлийг МУИС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхимийн багш доктор П.Цэрэнбазар танилцууллаа. , МУИС-ийн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн багш, доктарант Т.Эрдэнэ-Очир “Хэлний судлалын үүднээс метофорыг харьцуулан судлах арга зүй” сэдвээр илтгэл хэлэлцүүлж нэгдүгээр байрт, ХСИС-ийн докторант Б.Мөнхдорж “Хорих ялыг дүйцүүлэн тооцоход математик, статистикийн аргачлал ашигласан нь” сэдэвт илтгэл хэлэлцүүлж хоёрдугаар байрт, ШУТИС-ийн докторант М.Бурмаа “Ухаалаг хотын түвшний үнэлгээ” сэдэвт илтгэл хэлэлцүүлж гуравдугаар байрт тус тус шалгарав.

Нийт 14 илтгэл хэлэлцүүлснээс магистр Н.Батзоригийн “Моргейжийн зээлийн социал үр дагавар, зээлдэгчдэд үзүүлж буй нөлөө”, докторант Б.Дөлгөөний “Нийтийн тээврийн үйлчилгээний эдийн засагт гүйцэтгэх үүрэг, нөлөөлөх хүчин зүйл”, зэрэг илтгэлүүд сонирхол татахуйц, дэвшүүлсэн асуудлыг нарийвчлан судалж, хэрэгжүүлж болохоор давуу талтай байлаа. Дашрамд хэлэхэд эхний хоёр байрт шалгарсан илтгэгчид БСШУСЯ-ны сайдын нэрэмжилт мөнгөн шагнал болох дөрвөн сая төгрөгөөр шагнуулж, судалгаа шинжилгээний ажилдаа зарцуулахаар болсон юм.

Цаашид Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар залуу эрдэмтдийг дэмжих, залуучууд судлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *