Сүүлийн үед Ховд аймаг дахь Цагдаагийн газарт цахимаар залилуулж хохирсон гомдол нэлээд бүртгэгдэж байна.
Тус аймгийн хэмжээнд одоогийн байдлаар залилах төрлийн 52 гэмт хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Үүнээс 19 хэрэг нь 2022 он гарсаар шинээр бүртгэгдсэн аж.
Судалгаанаас үзэхэд залилах, мэхлэх төрлийн гэмт хэргийн 90 гаруй хувьд нь цахим хэрэгсэл ашигласан, цахим орчинд үйлдэгдсэн байна.
Зарим эх сурвалжийн хэлснээр цахим залилан хийж буй этгээд сумын иргэд, малчид руу ихээхэн чиглэж байна. Ховд аймагт залилах гэмт хэргийн улмаас хамгийн дээд тал нь 70 гаруй сая төгрөгөө шилжүүлж, хохирсон тохиолдол байгаа аж.
Иймээс иргэд танихгүй этгээдээс ирүүлсэн ашигтай саналаас татгалзах, найз нөхөд, ойр дотны хүмүүсээс яаралтай мөнгө хэрэгтэй байгаа талаар хүсэлт ирвэл заавал тодруулж, утсаар лавлан асууж байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөлөө.
Мөн цаашид иргэдийг цахим залилангийн гэмт хэрэгт өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аян өрнүүлэх, орон нутгийн иргэдийг сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллээр хангах ажлыг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна гэж албаныхан хэллээ