Categories
мэдээ улс-төр

З.Энхболд Сангийн сайдад зөвлөгөө өглөө

Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн билээ. Түүний мэдээлэл олон хүний анхаарлыг татаад байгаа юм.

Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1.3 хувьтай гарахаар байна.

Эдийн засаг ийнхүү уналтанд ороход нэг талаас дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурч, манай улсын экспортын орлого, төсвийн бүрдэлт, валютын орох урсгалд сөрөг нөлөөлөл үзүүлсэн.Нөгөө талаас өнгөрсөн 4 жил явуулсан төсөв, мөнгөний алдаатай бодлого, тооцоо судалгаагүй, уялдаа холбоогүй шийдвэрүүдийн уршгаар улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал туйлын хүнд байдалд орсныг онцлон тэмдэглэж байна” гэлээ. Монгол Улсын гадаад өр 23,5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 49,7 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 210 хувийг даваад байгаа аж.

Мөн тэрээр мэдээлэлийнхээ төгсгөлд “Монгол улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд, хүн ардынхаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спортыг хөгжүүлж байдаг нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлс, үйлчилгээний урсгал зардлуудыг ч санхүүжүүлэх боломжгүй болох нөхцөл байдалтай болжээ. Улсын төсөв, эдийн засаг, санхүүгийн байдал ийнхүү гүн хямралд ороод байгаа үнэн мөнийг олон түмэндээ бодитоор мэдээлэн ойлгуулах нь зүйтэй юм. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй хүнд байгаа ч, манай Засгийн газар ирээдүйгээ өөдрөгөөр харж энэхүү хямралаас гарах цогц төлөвлөгөөг боловсруулж байна. Удахгүй УИХ, шаардлагатай Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд танилцуулж, олон нийтдээ мэдээлэх болно. Өнөөгийн энэ хүнд хэцүү цаг үеийг Монголчууд бид хамтдаа даван туулах болно” хэмээн мэдээлсэн юм.

Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн албан ёсны фэйсбүүктээ дараах зөвлөгөөг бичжээ.

Сангийн сайдад өгөх зөвлөлгөө:

1. Ажилтайгаа сайн танилцаж байж ТВ ярилцлагад орж бай.

2. Төсвийн алдагдал яг л урдах 4-н жилийнх шиг 1 их наяд төгрөг хэвээрээ байгаа. Жил болгон төсвийн ажлын хэсэгт орж ажилладаг байсан Чойжилсүрэн гишүүн, Сангийн сайд асан одоогийн ЕС Эрдэнэбат нар мэдэхийн цаагуу мэдэж байгаа.

3. Ипотекийн 5 болон 8% зээл, “Сайн малчин, оюутан, хашаа, хувьцаа” хөтөлбөрүүдийн эх үүсвэр улсын төсөвт ордоггүй гэдгийг яамныхнаасаа асуугаад мэдэж болох байсан. Эдгээр бүх зээлийг авсан иргэд нь төлөхөөс улсын төсөв төлдөггүй. Эдгээр хөтөлбөрүүдийн ачаар нийт олгогдсон зээлийн 33%-нх нь хүүг 2 оронтой тооноос 1 оронтой тоо руу шилжүүлсэн юм. Одоо та нар энэ зөв бодлогыг зогсоохын тулд улсын төсвөөс гардаг мэтээр, алдагдал хэтэрсэн мэтээр улс төр хийхээ зогсоож урдах ажил руугаа орно уу. Сонгууль дууссан.

4. Танай яам уг нь урд 4-н жил эхлүүлээд дуусгаж чадаагүй 1 ажлаас ажлаа эхлэх байж. Бидний үед дэд сайдуудыг цомтгож эхлүүлсэн энэ ажлын нэр нь “төсвийн зарлагын реформ” юм. 2017 оны төсвийг батлахдаа 1 их наядын таналт хийж чадвал шинэ Сангийн сайдад баяр хүргэнээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *