Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчид бараалхав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.29/
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Мьянмарын Холбооны Бүгд
Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейнд бараалхав.
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейн уулзалтын
эхэнд, Би Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд УИХ-ын дарга
З.Энхболд тантай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Их Хурлын
дарга З.Энхболд таныг олонд хүндлэгдсэн, хүчтэй улс төрч гэж би сонссон.
Намайг элэгсэг дотноор хүлээн авсан Монголчууд Та бүхэнд талархаж
байна. Дэлхийн түүхийн хуудаснаа Монголын эзэнт гүрэн хэмээн
тэмдэглэгдсэн гайхамшигтай түүхийг бүтээсэн танай улсад айлчлан ирж
байгаа нь зол завшаан юм. Монгол болон Мьянмар улсууд нь ижил төстэй
олон талуудтай бөгөөд Дипломат харилцааг 1956 онд тогтоосон эртний
хамтын ажиллагаатай улсууд билээ. Ирэх жил хоёр улсын хооронд Дипломат
харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиох бөгөөд ойн хүрээнд олон арга
хэмжээг зохион байгуулна гэж итгэж байна. Өнгөрсөн хугацаанд манай хоёр
улсын харилцаа хурдтай хөгжиж байгаа бөгөөд өндөр хэмжээний айлчлалуудын
давтамж нэмэгдэж байгаа нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой
билээ. Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хоёр орны
харилцааг хөгжүүлэхэд чухал уулзалтыг хийсэндээ баяртай байна. Хоёр орны
харилцааг зөвхөн Засгийн газар хоорондын харилцаагаар хязгаарлах бус,
Парламент болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх нь чухал юм.
Өнгөрсөн жил Мьянмарын Парламентын дарга Тура Шве Манн Монгол Улсад
албан ёсны айлчлал хийх үеэрээ хоёр орны парламент хоорондын харилцааг
хөгжүүлэх чиглэлээр тантай уулзалт хийсэн нь үр өгөөжтэй байсан. Мөн
таныг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад айлчлан ирэхийг урьж
байна. Монгол Улсыг АСЕАН-ын Яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн
Дээд түвшний уулзалтад оролцох гэсэн танай улсын зорилтуудыг бид дэмжих
болно. Мөн хоёр орны найрсаг хамтын ажиллагаан дээр тулгуурлан цаашид
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгууль, НҮБ-ын Хүний
эрхийн зөвлөлийн сонгуулиудад Монгол Улсыг дэмжих болохоо илэрхийлэв.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Мьянмарын
Ерөнхийлөгч Тейн Сейнд бараалхах үеэрээ хэлсэн үгэндээ, Мьянмарын
Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Тейн Сейн
тэргүүтэй төлөөлөгчид та бүхнийг Монгол оронд тавтай морилохыг хүсье.
Энэхүү айлчлал нь Мьянмарын төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж
буй анхны айлчлал бөгөөд ирэх онд тохиох хоёр орны хооронд дипломат
харилцаа тогтоосны 60 жилийн ойн өмнө болж байгаагаараа онцлог юм.
Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд
Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Мьянмар Улсад, Мьянмарын Парламентын
дарга 2014 онд Монгол Улсад тус тус айлчилж байсан. Мьянмарын
Парламентын даргын Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр орны харилцааг
идэвхжүүлэх, хууль тогтоох байгууллага хооронд харилцаа холбоо тогтоох,
хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Энэхүү завшааныг
ашиглан, Мьянмарын Парламентын дарга Тура Шве Манн-д халуун мэндчилгээ
уламжлая.
Монгол, Мьянмарын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд Парламент
хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Мьянмарын
Парламенттай ойр дотно хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-д Монгол, Мьянмарын Парламентын
найрамдлын бүлэг байгуулагдсан тул Мьянмарын Парламентад ч мөн адил
Мьянмар, Монголын Парламентын найрамдлын бүлэг байгуулагдана гэдэгт
итгэж байна гэв.
Мөн Мьянмар Улс улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт өөрчлөлт,
шинэчлэлтүүдийг эхлүүлсэнд баяр хүргэе. Ардчилал, хууль дээдлэх ёсыг
бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, нийгмийн эвлэрэлд хүрэхэд чиглэсэн
Мьянмар Улсын хүчин чармайлтыг Монгол Улс цаашид ч дэмжиж ажиллах болно.
Монгол Улс нийгмийн хувьд нээлттэй, улс төрийн тогтолцооны хувьд
ардчилсан сонгуулиар эмхлэн байгуулагддаг парламентын засаглалтай,
хувийн хэвшил зонхилсон чөлөөт зах зээлийн эдийн засагтай, хүний
хөгжлийг дээдэлдэг улс юм. Энэ онд Монгол Улсад анх удаа ардчилсан,
чөлөөт сонгууль болсны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Мьянмар Улсад
болох гэж буй ерөнхий сонгууль нь Мьянмарын ардчилсан шилжилтийн
түүхэн, чухал үйл явдал юм. Сонгуулийн хууль болон санал хураах, санал
тоолох системийн талаар туршлага солилцох зорилгоор Мьянмарын
Парламентын төлөөлөгчдийг хүлээн авах, ирэх сонгуульд ажиглагч илгээх
сонирхолтой байна. Мөн Монгол Улсын хувьд ардчилсан сонгууль явуулах
талаар багагүй туршлага бий. Бид оносон зүйл ч бий, алдсан сургамжууд ч
бий. Иймээс та бүхэн бидний алдаан дээр суралцаж, бидний туршлагаас
хуваалцах боломжтой. Бид туршлага хуваалцахдаа баяртай байх болно.
Түүнчлэн Мьянмар Улс 2014 онд АСЕАН-ыг амжилттай даргалсанд баяр хүргэе.
АСЕАН-ын Яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн Дээд түвшний уулзалтад
оролцох Монгол Улсын зорилтуудыг хэрэгжүүлэхэд Мьянмар Улс цаашид ч
дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Эрхэмсэг ноён Тейн
Сейн таны Монгол Улсад хийж буй айлчлал нь Монгол, Мьянмарын найрсаг
харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй
байна. Танд эрүүл энх, аз жаргал, найрсаг мьянмарын ард түмэнд хөгжил
цэцэглэлийг ерөөе гэлээ.
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейн болон
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд нар мөн нийгэм, эдийн
засгийн хамтын ажиллагаа, олон улсын тавцан дахь олон талт хамтын
ажиллагааны талаар санал бодлоо солилцов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.