Categories
мэдээ цаг-үе

Ю.Цэдэнбалын дүү Жавзан: Ахын хөвгүүд монголоор ярихгүй ч хэлснийг ойлгодог байсан

Монголын нам, төрийг 44 жил тэргүүлсэн маршал Ю.Цэдэнбал агсан 99 жилийн өмнө мэндэлжээ. Ойг тохиолдуулан Ю.Цэдэн­балын хөшөөнд МАН, МАХН-ын удирдлагууд, төрөл төрөгсөд, нутгийн хүмүүс цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм. Ю.Цэдэнбалын төрөл төрөгсөд ирсэн зочдыг “Сөүл” ресторанд хүлээж авав. Энэ үеэр түүний отгон дүү Ю.Жавзантай ярилцлаа.

-Ахын төрсөн 99 жилийн ой болж байгаа юм. Тэгээд ах дүү нар нь хүүхэд шуухадтайгаа ирцгээгээд нам, нутгийнхан хөшөөнд нь цэцэг өргөсөн юм. Өнөөдөр эмээ нь дүүрэн баяр. Эмээ нь уг нь эмнэлэгт хэвтэж байгаа юм. Чөлөө аваад гараад ирсэн хэмээн эмээ ярилаа.

-Та эхээс хэдүүлээ вэ?

-Манай ээж аав хоёр 11 хүүхэд гаргасан юм байна лээ. Манай Цэдэнбал ах тав дахь хүүхэд нь юм. Би бол хамгийн бага нь.

-Отгон хүүхэд эрх байсан уу?

-Эрхээр барах уу. Манай ах Аюуш гээд цагаан толгойтой өвгөн сууж байна. Дороосоо хоёр дахь нь. Бага хоёр нь үлдчихээд байгаа юм. Одоо би 87-той болж байна. Аюуш ах 90 хүрч байна. Хүүхдийнхээ буянд болж л байна.

-Та ямар ажил алба хашиж байв?

-Би багш хүн. Сурган хүмүүжүүлэх сэтгэл зүйгээр Москвад төгссөн юм. Ирээд багшилж байгаад, Гэгээрлийн яаманд орж ажиллаад, дараа нь Дээд боловсролын хороонд ажиллаж байсан, Боловсролын яамны эмээ.

-Ю.Цэдэнбал гуай танаас олон насны зөрүүтэй юу. Таныг мэдээ орсон байх үеийн ах гэдэг ямар хүн байв?

-Ах сургууль соёлоор дамжаад гэрээсээ явсан, 13-тай Улаан­баатарт орж ирсэн юм шиг байна лээ. 1940 онд аав нас барсан. Би тэр үеийг санадаг юм. Найм, естэй байсан юм уу даа. Намын аравдугаар их хурал болоод, ах намын нарийн бичгийн даргаар сонгогдоод, хурлынхаа танилцуулах ажлаар явсан байлгүй дээ. Нутагтаа ирсэн. Аавыг нас барсны дараа ээжтэй ирж уулзахад би нэг жаахан хүүхэд ээжийн гараас хөтлөөд яваад байж. Ах “Үгүй ээ, энэ танай хөтлөөд байгаа хүүхэд чинь хэний хүүхэд вэ” гэж асуусан гэсэн. Том ах, эгчийн хүүхэд гэж ойлгосон шиг байгаа юм. Би ахыг гэрээсээ явсан хойгуур гарсан. Монгол хүн яаж өсч торнисон тэр замаар л явсан даа.

-Ээж, аав тань ямар хүмүүс байв?

-Хоёр малчин. Бичиг үсэг ч мэдэхгүй шүү дээ. Аав Юмжаа, Ээж Заяа гэдэг хүн байсан.

-Аав, ээж тань юу гэж сургадаг байв?

-Яахав дээ, хөөрхий минь. Сүүлд ээж ярьсан байдаг. “Нэг нь есөн настай, нөгөө нь долоон настай хоёр хүүхдээ цагаанбурханаар алдсан” гэдэг. Миний мэдэхийн наймуулаа байсан. Аюуш ах ихэр гарсан юм билээ. Нэг нь нас бараад Аюуш ах үлдсэн. Дараа нь би гараад 11 дэх нь болсон. Ихрийн өрөөсөн өнгөрсөн болохоор намайг бас алдчих вий гэж айсан уу, ээж байнга л гараасаа хөтөлж явдаг байлаа.

-Хэр мал хөрөнгөтэй айл байв?

-Миний мэдэхийн цөөхөн хэдэн малтай байсан. Уналгын хэдэн морьтой, хэдэн саадаг үнээтэй. Хэдэн хонь, ямаатай айл байсан шүү дээ. Ядууд нь ордог юм уу, дундад нь ордог юм уу эмээ нь мэдэхгүй ээ.

-Ю.Цэдэнбал ахын чинь тухай аав, ээж тань юу ярьдаг байв?

-Ахаас хааяа захиа ирдэг байсан юм уу. Хүнээр дуудуулна гээд аав явдаг байсан. Ер нь шашин шүтээд сүйд болохгүй ч бичиг үсэг мэдэхгүй хүмүүс бурханаа л шүтэж таарна шүү дээ. Миний мэдэхийн гоё бурхантай айл байсан. Сүүлд хотод ирээд ээжээсээ нөгөө гоё бурханаа яасан юм бэ гэж асуухад “Уулын оройд аваачаад залчихсан шүү дээ” гэсэн.

-Таныг сургууль соёлд явуулах хэрэгтэй гэж ах чинь зааж зурж байв уу?

-Ах гэртээ ирээд хоёр гурав хонож байхад маршал Х.Чойбалсан гуай манай нутагт ирсэн юм. Аюуш ах айлын хонь хариулж байсан. “Бичиг үсэг сур, ном сур” гээд Аюуш ахыг Цэдэнбал ах хот руу аваад ирсэн юм.

-Филатова гуайг хүмүүс янз бүрээр ярьдаг. Харин таны хувьд ямар харилцаатай байсан бэ?

-Зүгээр. Эхлээд дөрвөд аялгаар л ярихаас биш орос хэл байтугай халх аялгаар ч ярьж мэдэхгүй байсан. Хотод 1946 оны орчимд ирээд нэгдүгээр арван жилд сураад, 1950 онд их сургуулийн бэлтгэл анги нээгдэхэд орж төгссөн. Хими биологийн ангид сурч байгаад тэр үед их сургуулийн нэгдүгээр анги төгссөн хүмүүсийг хойшоо сургуульд явуулдаг байв. Тэгээд би хойшоо явж суралцсан.

-Таны ээж орос бэртэйгээ ямар харилцаатай байв?

-Хөөрхий минь, ээж ямар хэл мэдэх биш. (Инээв) Ээж бид хоёр ахын байрны ойролцоо гэрт байсан. Ахынх маршалын өгсөн давхар байранд байсан. Хашаа ч байгаагүй. Дүүрэн гэр байсан. Өмнө нь ах бид хоёр төв банкны дээр хоёр өрөө байранд байсан. Нэг хэсэг сургуульд сурч байхад ахтайгаа хамт байсан л даа. Бидэнтэй бол зүгээр аятайхан харьцдаг. Хэл мэддэг байсан бол хүн чинь ярина. Хэл мэдэхгүй улсууд чинь яахав инээгээд дохилцохоос цаашгүй.

-Ээж тань бэрийнхээ тухай юу хэлдэг байв?

-“Манай бэр ийм л хүн байдаг. Хөөрхий дөө, хүүхэд л байна даа” гэдэг байсан ш дээ, ээж маань.

-Настай хүн, монгол ээж нар бэрийнхээ тухай таагүй үг хэлэхгүй л дээ?

-Тийм. Муухай ч байсан сайхан, сайхан ч байсан сайхан байхгүй юу даа. Монгол хүний нэг чанар шиг байгаа юм.

-Ю.Цэдэнбал дарга ээж­дээ хэр анхаардаг байв?

-Дэргэд нь гэрт байсан болохоор өдрийн од шиг үзэгдэнэ. Завгүй хүн ерөөсөө гэртээ байдаггүй байсан. Хөдөө хэдэн сараар явчихдаг. Манай ээж ирээгүй, ах бид хоёр хамт байхад намайг нутгийн айлд орхичихоод хөдөөнөөс ирсэн хойноо л авдаг байсан. Тэгээд би сургуульд явсан. Анх 1946 онд намайг явуулахад ээж хаанаасаа ч олсон юм даалимбан тэрлэг хийж өгч билээ. Анх удаа шинэ дээл өмсч үзэж байв. (инээв) Богинохон оймс, жижигхэн түрийтэй савхин гутал өмсүүлж байлаа.Тэгж л хөдөөнөөс орж ирж байв.

-Таныг сурч, ажиллаж байхад Ю.Цэдэнбалын дүү гэж өөрөөр харьцдаг байв уу?

-Ерөөсөө зүгээр л нэг энгийн ард шүү дээ, би чинь.

-Ээж тань хүүгийнхээ тухай юу ярьдаг байв?

-Манай ээж хааяа хамт суугаад юм ярихаар “Үгүй, манай энэ ерөөсөө юм мартахгүй юм. Аль хэдийнэ бурхан болчихсон улсуудыг тэр одоо байна уу гээд надаас асуугаад байх юм” гэж Цэдэнбал ахын тухай хэлж байсан. Бодоход хүүхэд байх үеийн юм мартагддаггүй ш дээ.

-Та Ю.Цэдэнбал гуайг хойно “цөлөгдсөн” байх үед очиж уулзсан уу?

-Уулзсан. Эхлээд комис­сар, жолооч гээд олон хүн байсан. Дараа нь нөгөө хүмүүсээ нааш нь дуудаад авчирсан байна лээ. Ахын авгай тусгай тогоочтой байж сурсан шиг байгаа юм. Намайг эндээс очиход “Котлет хийсэн чинь түлчихжээ” гэж билээ. “Өөрөө гардаж хоол хийдэггүй болохоор зайлуул, дасахгүй хэцүү байсан юм болов уу” гэж боддог. Хөөрхий амьтан, арга ч үгүй байх даа.

-Тэр үед ах чинь юу ярьж байв?

-Юу хэлэх вэ дээ. Нутаг усаа асуугаад, тэр нь яаж яваа бол, энэ нь яаж байгаа бол гэнэ. Ер нь манай ах номын хүн байсан даа. Үхэн үхтлээ ном уншаад суудаг, хуучин үсгээр бичнэ.

-Тэр үед Ю.Цэдэнбал гуайн эрүүл мэнд ямар санагдсан бэ?

-Зүгээр сайхан л байсан. Сүүлд хойно томчуудын эмнэлэгт хэвтэж байлаа. Тэр нь их сайхан эмнэлэг байсан.

-Та ахынхаа хүүхдүүдтэй хэр харилцаатай байв?

-Манай хүүхдүүд ярьдаг юм аа.

-Зориг нь Москвад амьдарч байгаа гэсэн үү?

-Москвад амьдарч байгаа.

-Даариймаа гээд хүүхэн­тэй суусан байсан, хэвээрээ юу?

-Хэвээрээ. Одоо тэрэнтэй­гээ л байгаа.

-Даариймаа чинь халимаг билүү?

-Буриад ш дээ.

-Монголжуу аятайхан хүүхэн байсан даа. Монголоор сайн ярьдаг?

-Тийм. Их аятайхан. Ялгаа­гүй та нар шиг л хүүхэд шүү дээ. Монголоороо л ярина.

-Орос нэртэй болохоор нь Славаг нь их оросжуу гэж төсөөлөөд байдаг?

-Аль аль нь ярихгүй л болохоос биш монголоор хэлснийг ойлгодог.

-Зоригийгоо монгол хүүхэдтэй болчихоосой гэж боддог уу?

-Бодолгүй яах вэ. Болохгүй л юм байна, би яах билээ. Зарим нь “Даариймаад очиж хэлээч ээ” гэдэг юм. (инээв)

-Та ямар хүнтэй суусан бэ?

-Манай нөхөр эдийн засагч хүн байсан.

-Ю.Цэдэнбал гуай хүр­гэнээ юу гэж дүгнэж байв?

-Ямар хамаа байх вэ. Бид­ний амьдрал тусдаа. Тэр үеийн­хэн болгоод л явж байсан. Болсон ч болгоод болохгүй байсан ч болгохын төлөө зүтгээд л явдаг байлаа. Бие даагаад өөрсдөө амьдрах ёстой. Дээр үеийн улсууд ерөөсөө тийм байсан юм биш үү, миний хүү.

-Ямар нэг баяраар гэр бүлээрээ цугладаг байв уу?

-Үгүй ээ. Би тийм тусгай юм ерөөсөө мэдэхгүй. Эмэгтэй хүн бол арай өөр л дөө. Эрэгтэй хүн болохоор болж л байгаа юм байлгүй гээд явдаг байлгүй, нэгдүгээрт. Хоёрдугаарт тусгай хамгаа­лалтад орчихсон хүн чинь бас хэцүү юм байна лээ. Уулзъя гэвэл татгалзахгүй л дээ. Тэгээд зав ч байдаггүй.

-Ахыгаа нас барснаас хойш Филатоватай уулзаж байв уу. Ер нь юунд санаа зовж байсан бол?

-Тэтгэврийн улсууд юу ярих вэ. Хоёр хүүдээ санаа зовж л байсан. Тэднийг байхад авгай аваад, хүүхэд гаргасангүй. Сүүлд Зориг нэг хүүхэдтэй болж, Ася ахынд байсан юм билээ. Тэд тэндээ яаж байсныг нарийн мэдэхгүй юм аа. Тус тусдаа амиа борлуулаад явдаг байсан болохоор яриад ч байх юмгүй, гуйгаад ч байх юмгүй байв.

-Та багш байжээ. Аюуш гуай болон бусад ах нар чинь юу хийдэг байв?

-Аюуш ах худалдааны эдийн засагч. Манай ах эгч нарын хувьд сүүлийн дөрөв нь л бичиг үсэгтэй. Бусад нь малчин, бичиг үсэг ч байхгүй. Нутагтаа малаа маллаад дууссан. Одоо амьд нь бид хоёр л байна. Өнөөдөр ах дүүгийн хүүхдүүд ирлээ. Миний хүүхдүүд ч тэтгэврийн өвөө эмээ хоёр байна. МАН, МАХН-ынхан ахын хөшөөн дээр цэцэг өргөсөн. Би ч намын гишүүн. Ер нь бидний үед ганцхан МАХН л гэж байсан шүү дээ. Одоо жаран ямаанд зуун ухна гэгчээр жигтэйхэн олон нам болчихсон дуулдах юм, хэн мэдэх вэ дээ. Хүн орж ирэхээр цай уулгадаг биз дээ. Ах дүү, нутгийнхан, намынхан цуглахаар хоол идүүлдэг юм.

-Дараа жил 100 жилийн ой нь болох нь ээ?

-Ахын (Ю.Цэдэнбалын) академид Тусгаар тогтнолын ордонд өрөө гаргаж өгсөн юм билээ. Хоёр намаас академид төлөөлөгч бий. Ардын намаас Энхмандах гэж хүүхэд байна. Хувьсгалт намаас Шаравдорж гэж хүүхэд байгаа юм. Хоёр намаас ярьж байгаад, зуун жилийн ойг нь улс даяар тэмдэглэнэ гэж ярьж байна даа. Манай Ардын намын М.Энхболд үг хэлсэн. Хувсгалт намаас Батлан хамгаалахын сайд байсан Цолмон үг хэлсэн. Сайхан л үг хэлцгээж байна лээ. Эд ярилцаад намайг дууддаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *