Categories
мэдээ цаг-үе

Ё.Лхагвацэрэн: Материал задарсныг мэдсээр байж шалгалтыг үргэлжлүүлсэн Боловсролын үнэлгээний төвд хариуцлага тооцох ёстой

“Өдрийн сонин”-й 2017.05.31-ний Лхагва гаригийн №122(5689) дугаараас авч нийтлэв.

Нийслэлийн 84 дүгээр сургуулийн сургалтын менежер Ё.Лхагвацэрэнтэй ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн математикийн шалгалтын материал задарсантай холбогдуулан ярилцлаа.


-Сургуулийн сургалтын менежерт шалгалтын материалыг бусдад дамжуулах, цааш задлах боломж бий юу. Та үүсээд буй нөхцөл байдалд ямар бодолтой байна вэ?

-Миний хувьд энэ жил сургуулийнхаа улсын шалгалтын комиссын даргаар ажилласан. Шалгалтын материалаа өрөөндөө ганцаараа сууж байгаад татдаг. Ингээд сургалтын менежерт хүргэж өгөхдөө битүүмжилсэн ууттай хүлээлгэж өгдөг. Дараа нь улсын шалгалтын комиссоор ажиллаж буй долоон гишүүнд битүүмжийг нь харуулж, шалгуулж өгнө. Улсын шалгалтын комисс тойроод сууж байхад дотор нь тухайн хичээлийн багш орж ирэх ёсгүй. Ингээд комиссын гишүүдийн гар утсыг хурааж авдаг. Энэ мэтчилэн шалгалт дуустал хариуцлагатай ажиллаж жижигхэн ч гэсэн алдаа гаргахгүйг хичээж ажилладаг. Дээрээс нь шалгалт авах, дүн засах, шивэх гээд гурван багш, тухайн ангиас төлөөлсөн хүүхэд гээд олон дамжлага, нарийн зохион байгуулалтын дор явагддаг. Энэ хооронд бүх цагийг минуттай нь би тэмдэглэж өөрөө хянадаг. Би буруу зөрүү хийж байгаад хоёр уншуулчих вий, хэн нэгэн намайг хувилж байх хооронд зургийг нь аваад тараачих вий, алдаа гаргачих вий гэж их хичээж байж ажилласан. Хүн л болсон хойно хариулт шивж байгаа багш аяга цай уух гэнэ. Тэр болгонд би “За цай асгачихав. Алдаа гаргачихав. Цайгаа хол тавь, боль” гээд л байнга хянана. Ингэж ажилласныхаа төлөө би өнөөдөр энэ багш нараасаа ичиж байна.

-Яагаад?

-2017 оны дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулагдсан математикийн хичээлийн XII ангийн шалгалтын материал задарсан. Энэ материал задарсан учраас шалгалт хүчингүй боллоо гэсэн мэдээллийг тэр орой 20:20 минутад сонссон. Би маш их бухимдсан. Манай сургуулийн шалгалтын материалын засалт дөнгөж дуусаад шивэлт хийх гэж байсан. Тухайн үед би их бухимдсан учраас холбогдох олон газар руу утасдсан. Би нэг их сүрхий хүмүүст үүрэгдээд, улсын нууцаас өөрцгүй хамгаалаад чухал царайлаад байдаг, гэтэл материалыг задалж, тарааж болдог юм байна гэдгийг харлаа шүү дээ.

-Шалгалтын материал задарсан нь сурагчдын хувьд сэтгэлзүйн болоод маш олон сөрөг нөлөөтэй гэдгийг багш нар хэлж байна?

-Нэгдүгээрт энэ жил нийтдээ 40 гаруй мянган хүүхэд төгсч байгаа. Энэ олон мянган хүүхдийн сэтгэл зүйгээр тоглосон явдал болсон. Хүүхдийн сэтгэлзүй гэж нэг юм бий. Хүүхдүүд л юм болохоор шалгалт өгөх гэж айна, эмээнэ, бэлтгэнэ, зүтгэнэ. Хоёрдугаарт, энэ хичээлийг заасан багш нарын бүтэн жилийн хөдөлмөр талаар болж байгаа юм. Гуравдугаарт, энэ хичээлээр сурагчдад илүү цаг гаргаж давтлага өгсөн, оройн цагаар үнэгүй хийсэн багш нарын давтлагуудын үнэ цэнэ. Дөрөвдүгээрт, тэр материалуудыг авч дуусаад засч буй шалгалтын комиссынхны хүч хөдөлмөр.Тавдугаарт, тухайн шалгалттай холбоотой сургуулиас гарч буй хөрөнгийн асуудал гээд бүгд ямар ч үр дүнгүй болж хувирсан. Манай сургууль дээр гэхэд V, IX, XII анги нийлээд 910 хүүхэд төгсч байгаа. XII ангийг 247 хүүхэд төгсч байна. 247 хүүхдийн шалгалтын материалыг ар өвөргүй нийлээд дөрөв таван хуудас хийнэ. Энэ бүгдийг бодоод би өөрийн эрхгүй бухимдсан.

-Шалгалтын материал задарсанд боловсролын үнэлгээний төв буруутай.Тиймээс тус төвтэй хариуцлага тооцох ёстой гэж та хэлж байсан?

-Тухайн материалыг задруулсан гэх сургалтын менежерийг би зөвтгөхгүй.Хариуцлага алдсан тэр хүний ард ямар мөнгөний асуудал, ямар зорилго байсныг бид мэдэхгүй. Тэрийг нь хууль хяналтынхан нь тогтооно биз. Харин тэр багшид тийм нөхцлийг олгосон Боловсролын үнэлгээний төвийг би буруутгаж байгаа. Сайд бямба гаригт болсон багш нарын форум дээр хэлж байна лээ. 49 дүгээр сургуулийн сургалтын менежер шалгалтын материалыг задруулсан гэдгийг мэдсэн гэж ярьж байсан. Мэдэнгүүтээ Боловсролын үнэлгээний төвд яваад очиход тухайн сургуулийн сургалтын менежер “V сургуулийн XII ангийн хүүхдэд материалыг дамжуулсан юм аа” гээд хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Тэр үед нь л хүчээр шалгалтыг зогсоох ёстой байсан. Ангиудад шалгалтыг материал тараагдаж эхлээгүй байсан. Би тэр үүднээс л Боловсролын үнэлгээний төв мэдсээр байж шалгалтыг үргэлжлүүлчихээд дараа нь ингэж байх ямар шаардлагатай юм. Тэр үедээ шалгалтыг зогсоогоод эцэг, эх, сурагчид, сурган хүмүүжүүлэгчдээс хариуцлага алдлаа ийм зүйл боллоо гээд Боловсролын үнэлгээний төвийн захирал хэвлэл мэдээллээр өөрөө уучлал хүсээд дахиад авч болох байлаа шүү дээ. Тэр уучлал гэдэг чинь хариуцлага юм шүү дээ. Захирлыгаа тэгж үг хэлүүлсэн хүн дараа дахиж алдахгүй. Би буруу бодоогүй байх аа.

-Ер нь төрийн албан хаагчид тэр дундаа улсынхаа ирээдүйг тодорхойлдог боловсролын салбарынхан хэдэн ч төгрөгт хөл алддаггүй баймаар санагдах юм. Энэ асуудал байнга л үүсч байдаг?

-Монголын төрийн албыг хэдхэн төгрөгөөр худалдаж болохгүй. Тэр сургалтын менежер ахиад Монголын төрийн албанд орох нүүргүй боллоо. Дээр нь тус сургуулийн захирал сургалтын менежерээ халсан тушаалаа сошиалд тавьсан байсан. Инээд ч хүрэх шиг. Сургуулийн захирал өөрөө сургуулийн улсын шалгалтын комиссын дарга шүү дээ. Би 2012 онд Солонгос руу Монголын 20 багшийг хариуцаад сургалтын журмаар авч явсан. Яг тэр үеэр буюу арваннэгдүгээр сард Солонгосын элсэлтийн шалгалт явагдаж таарсан.Тэгэхэд хүмүүс элсэлтийн ерөнхий шалгалт болоход бараг Солонгосын Ерөнхийлөгч онгоцтой нисэх ч эрхгүй гэж ярьж байсан. Анх ойлгоогүй. Боловсролын үнэлгээний төвийн хариуцлагатай, чанга байдал. Цагдаа нар эргүүл хамгаалалтад гарсан байдал үнэхээр сүрхий зохион байгуулалттай. Цагдаа хамгаалалтад гардаг учир нь гэвэл элсэлтийн шалгалт өгөх гэж байгаа хүүхэд замын түгжрэлд орвол шууд мотоциклиор хүргэж өгдөг юм билээ. Тэд хүүхдийн ирээдүйн шийдвэрлэх мөчид ингэж л хариуцлагатай, ач холбогдол өгч ханддаг юм байна гэдгийг харсан. Өндөр хөгжилтэй орон гэдэг хөгжлөөрөө биш ажлын хариуцлага, ёс зүйгээрээ ялгардаг юм байна гэдгийг ойлгож байсан.

-Шалгалтын материалын зарим вариантын түлхүүр таарахгүй асуудал гарсан гэж сонссон?

-“B” даалгаврын түлхүүр ирсэн чинь өгөгдөхүүнээ буруу өгөөд хариултаа буруу өгөөд явуулчихсан. Тэрийг математикийн багш нар холбогдох 88… дугаарын утас руу нь хэлсэн. Гэх жишээний түлхүүр нь буруу гарахгүй, түлхүүр задрахгүй гэж олны өмнө хэлчихээд алдаа гарахаар бухимдахгүй яах юм бэ. Өөр бас нэг зүйл намайг бухимдуулсан.

-Юу юм бол?

-Нэг хэцүү юм нь шалгалтын цагийг 12.00 цагаас гэж зарласан. Энэ цагийг ерөнхий боловсролын сургуульд багшилдаг хүн гаргаагүй байгаа даа, бурхан минь. 12.00 цагт зарим сургуулиудын өглөө, орой ээлж зөрдөг цаг байхгүй юу. Манайд 13.15 цагт тараад 13.30 цагт бага бүлэг ордог. Сая бид бүхэл бүтэн сургуулийн 13.00 цагт эхлэх хичээлийг 30 минут хойшлуулж шалгалтыг авлаа ш дээ. Ээлж солигдоход дор хаяж 1500 хүүхэд байгаа. Тэр олон мянган хүүхдийн дуу шуугианыг яаж хориод ч бид барьж чадахгүй шүү дээ. Тэгээд дээрээс нь 12.00 цаг бол хүний сэтгэхүй, чадвар яг уналтад ордог. Тэр үед нь шалгалт авчих юм. Ахиад дахин шалгалтын цагийг ингээд л зарлачих юм.

-Дахиж шалгалт өгөх нь сурагчдын хувьд олон сөрөг талтай гэдэг. Эхний шалгалтад сайн авсан хүүхэд дахин авахад тааруу өгөх магадлал өндөр гэж ярьдаг. Энэ хэр үнэний ортой вэ?

-Үнэн. Эд чинь хүүхэд шүү дээ. Тиймээс би өнөөдөр (өчигдөр) хүүхдүүдээ дахин шалгалтад ороход сэтгэлзүйгээр нь дэмжсэн.12.00 цагт эхлэх шалгалтад 11.00 цагт ангидаа бэлэн байгаарай гээд хэлчихсэн. Хүүхдүүд ангидаа шуугиг, хоорондоо яриг, инээг. Яагаад гэвэл хүүхдүүд дахиж шалгалт өгөх гэж байгаа учраас биеэ хэт барьсан айсан. Мөн шалгалт эхлэхээс 20 минутын өмнө ангиудаар ороод өмнөх хичээлийнхээ шалгалтыг амжилттай өгсөн хүүхдүүдэд хандан “Ерөнхий боловсролын сургууль амжилттай төгсч байгаа хайртай шавь нартаа баярлалаа, улсын шалгалтын комиссын нэрийн өмнөөс, сургуулийн бүх багш, сурган хүмүүжүүлэгч нарын нэрийн өмнөөс баяр хүргэе. Шалгалтаа тайван, яарч сандралгүй өгөөрэй” гээд хэлэхэд л хүүхдүүд нэг их гоё инээгээд нижгэнэтэл алга ташиж байгаа байхгүй юу. Алга хэдий чинээ чанга ташна төдий чинээ хүүхэд тайвширдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *