Categories
гадаад мэдээ

Европын Зөвлөл ОХУ-ын хөрөнгийг Украинд шилжүүлнэ DNN.mn

Сүүлийн үед барууны улсууд Оросын хураагдсан хөрөнгийг Украинд нөхөн төлбөр болгон өгөх асуудлыг хөндөх болсон. Тэгвэл Страсбург хотноо хуралдсан Европын Зөвлөлийн Парламентын Ассамблей/ЕЗПА/-н хаврын чуулганаар “Европын зөвлөл ОХУ-ын царцаагаад байгаа хөрөнгийг Украиныг сэргээн босгоход ашиглах үйл явцыг олон улсын нөхөн олговор олгох тусгай механизмаар удирдан зохицуулах ёстой. Олон улсын хууль тогтоомжийн дагуу улс орнууд энэхүү хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн улсын эсрэг хариу арга хэмжээ авах эрхтэй” гэж заагаад “ОХУ-ын Төв банкны хөрөнгийг битүүмжилсэн улс орнуудад эдгээр хөрөнгийг олон улсын нөхөн төлбөрийн механизмд хурдан шилжүүлэхийн төлөө хамтын ажиллагаагаа эхлүүлэхийг уриалж байна” гэсэн “Украиныг сэргээхэд дэмжлэг үзүүлэх тухай” тогтоолыг санал нэгтэй батлав. ЕЗПА энэхүү механизмыг Европын зөвлөлийн ивээл дор бий болгох ёстой гэж үзжээ. Үүнд Европын Зөвлөлийн гишүүн болон гишүүн бус орнуудын нутаг дэвсгэрт битүүмжилсэн Оросын төрийн бүх хөрөнгийг хуримтлуулах олон улсын итгэлцлийн сан байгуулах асуудал багтах юм байна. Түүнчлэн Оросын түрэмгийлэлд өртсөн Украины хувь хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг авч үзэх “зөв бас үр дүнтэй шийдвэр гаргах” олон улсын комисс ажиллуулах болжээ.

Барууны орнууд нийтдээ Украины сэргээн босголтод ашиглах боломжтой Оросын төрийн 300 тэрбум ам.долларын хөрөнгийг битүүмжлээд байгаа аж. Гэхдээ Украинд ашигтайгаар эдгээр хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар ЕХ-ны орнуудад нэгдсэн байр суурь одоогоор алга байгаа юм. Иймээс ЕЗПА энэхүү тусгай тогтоол баталж уг асуудлыг зохицуулах шинэ хууль, журам батлахаар болж байна.

Учир нь барууны орнуудыг Оросын төрийн өмчийг хураахаас сэргийлж байгаа гол шалтгаан нь тусгаар тогтносон улсын дархан эрхийн зарчим бөгөөд уг зарчмаар төр, түүний өмчийн эсрэг харийн улсын шүүх шийдвэр гаргах боломжгүй юм. Харин олон улсын дүрэм, журамд олон улсын дүрэм, журмыг ноцтой зөрчсөн улсаар учирсан хохирлыг төлүүлэх ёстой гэж заасан байдаг ажээ. Иймээс ЕЗПА-ын санал болгож буй энэхүү арга хэмжээ нь “хууль эрхийн хүрээнд маргаан үүсгэхгүй” гэж уг тогтоолд онцлон тэмдэглэжээ. Мөн ЕЗПА “Оросын Холбооны Улс нь түрэмгийлэгч улсын хувьд дэд бүтцийг сүйтгэсэн, хүний амь нас хохироосон, эдийн засгийн хүндрэл учруулсан зэрэг олон улсын хууль бус үйлдлийнхээ улмаас Украинд учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлөх үүрэгтэй” гэж сануулжээ.

Тогтоолыг батлах мэтгэлцээн эхлэхийн өмнө Украины Дээд Радын дарга Руслан Стефанчук депутатуудад хандан үг хэлжээ. Тэрээр “Би Страсбургт ирж, Европын Холбооны Парламентын гишүүн бүрийн нүд рүү харж байгаад, өнөөдөр сум хүрэлцэхгүй байгаа ч гурван жилийн турш траншейнаасаа гараагүй ядарсан хэрнээ нугараагүй байгаа Украин цэрэг бүрийн өмнөөс, Киев, Сумы, Харьков, Запорожье, Одесса, Херсон хотууд болон Украин даяар оросын пуужингаас хүүхдээ хамгаалж чадахгүй байгаа эх бүрийн өмнөөс, Украины багш нар, эмч нар, аврагчид болон Украины парламентын нэрийн өмнөөс, бүх амь үрэгдэгсэд бас тэдний төлөө чимээгүй залбирч байгаа Оросын суманд шарадсан, тахир дутуу болсон бүх Украинчуудын нэрийн өмнөөс та нараас гуйя” гэж хэлжээ. Руслан Стефанчук мөн “Манай барууны түншүүдийн Украинд зэвсэг өгөх эсэх талаар бодох цаг нь аль хэдийнэ дууссан тул тэд яаралтай арга хэмжээ авах ёстой” гэж уриалсан байна.

Мэтгэлцээн эхлэхэд Их Британийн Консерватив намын гишүүн Дэвид Блансатра “Оросыг ялагдах хүртэл Украиныг сэргээн босгож, Оросын түрэмгийллийн улмаас учирсан бүх хохирлыг барагдуулах боломжгүй” гэж мэдэгдээд иймд АНУ болон Европын орнуудыг Оросыг хамтдаа ялахын тулд Украинд бүх боломжит зэвсгээр туслахыг уриалжээ. Мөн Дэвид Блансатра “ОХУ-ын битүүмжилсэн 300 тэрбум долларын хөрөнгийг бид Москвад хэзээ ч буцааж өгөх ёсгүй” гэж хэлжээ. Харин Европын парламентын Испанийн депутат Пабло Хиспан Украинтай бүрэн эв нэгдэлтэй байхыг уриалаад “Бид бүгд Оросыг ялахын тулд хүчин чармайлт гаргаж, энэ зорилгодоо үнэнч байгаагаа харуулах ёстой. Украин дайны талбарт тэмцэж байгаа учир бид түүний эдийн засаг, санхүү, төрийн үйлчилгээ, эрчим хүчийг дэмжих хэрэгтэй. Орос бүрэн ялагдах хүртэл бид үүнийг хийх ёстой” гэж хэлсэн бөгөөд энэхүү мэтгэлцээн өндөрлөсний дараа гишүүд уг тогтоолыг санал нэгтэй баталсан байна.

 

Г.АМАРСАНАА

One reply on “Европын Зөвлөл ОХУ-ын хөрөнгийг Украинд шилжүүлнэ DNN.mn”

Олон улсын том дээрэм….. Бие биенээ улаан цайм дээрэмддэг гажиг тогтохнээ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *