Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхий сайдыг бөгс өндийхийн зуурт ар хударгаар нь өрнөсөн улс төр DNN.mn

Манай улстөрчдийн увайгүй, хүний мөсгүй, жудаггүй олон зан чанар байдаг. Түүний нэг нь хэн нэгийгээ байхгүй хойгуур, ар хударгаар нь улс төр хийж бужигнуулдаг, сэнтийд нь суух гэж үхэлддэг, эргээд уулзахгүй юм шиг адгийн зан гаргадаг явдал. Ийм байдал Монголын улс төрд сая давтагдлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 4-7-ны өдрүүдэд Хятадад айлчилж, Шанхай хотноо зохион байгуулсан олон улсын импортын экспод оролцож нээлтэд нь үг хэлсэн. Гэтэл Ерөнхий сайдыг ийнхүү бөгс өндийх зуурт ар хударгаар нь юу болов.

Төсөв эсэргүүцэж нэр бүхий гишүүд Төрийн ордонд ээлж дараалан мэдэгдэл хийлээ. Төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлагатай гэж Засгийн газар руу, үндсэндээ Хятадад айлчилж байгаа Л.Оюун-Эрдэнэ руу дайрлаа. Мөн сайдуудын төсөвт суулгасан багцыг унагах гэж улайран тэмцсэн. Ч.Номингийн 18.3 тэрбум, Ц.Даваасүрэнгийн бяслагны гэх 20 тэрбум, Б.Дэлгэрсайханы Тэрэлжийн замын 220 тэрбум. Эцэст нь чаддагаар нь хүүхдүүдээ дээрэлхэж нийгмээрээ бахиралдах шив дээ.

Энэ бүхнийг хөндлөнгөөс харахад ямар нэгэн Дамбийжаа гэнэт гарч ирээд төр эргүүлэхээр дүвчигнэж байна уу гэж харагдахаар. Гэхдээ энэ бол хуучны “Ху” нам одоогийн МАН-ынхны хувьд гайхаад, хачирхаад байхаар зүйл огтоос биш. Уг гарвал, явж ирсэн үүх түүх нь ийм юм. 2000 онд Н.Энхбаярыг Ерөнхий сайд болсны дараа ар хударгаар нь чухам юу болж суудлыг нь ганхуулж үзэж тарж байсныг манайхан сайн мэднэ. Н.Энхбаярыг Японд айлчилсан хойгуур тухайн үеийн УИХ-ын дарга Л.Энэбиш, Ерөнхийлөгч Н.Багабанди нар хуйвалдаан үүсгэж бараг огцруулчихаа алдсан удаа бий. Ш.Отгонбилэгийг Н.Багабанди Ерөнхий сайдад зүтгүүлсэн гэдэг ч билүү, сонин хэвлэлд янз бүрээр бичигдэж байсан.

Эзгүй хойгуур нь айхтар хуйвалдаан өрнөснийг Н.Энхбаяр мэдээд Л.Энэбиш дарга руу “Та ямар муухай юм бэ, юу хийх чинь энэ вэ” гэсэн утга бүхий үгийг хэлж гадаадаас сандарч тэвдэн утасдсан гэх яриа байдаг. Мөн Н.Энхбаяр нь Л.Энэбишийгээ Америк руу явж амарсных нь хойгуур арга саам самбаачлан бүх албан тушаалд өөрийнхөө фракцын нөхдийг шургуулж амжсан гэх яриа улс төрийн хүрээнд одоо ч яригддаг. Ингэж нэгнээ бөгс өндийх хойгуур нь Ц.Нямдоржийн хэлдгээр “хутга шаадаг”, эргээд уулзахгүй юм шиг албан тушаалын төлөө үхэлддэг ийм түүхтэй намынхан.

Төсвөөр бамбай хийж, цаад санаа нь засгаа ганхуулахаар сэлэм эргүүлсэн ч энэ удаад амжсангүй. Ерөнхий сайд ч урдаас ирсэн, 2025 оны төсөв ч батлагдлаа. Байхгүй хойгуур нь ингэж улс төр хийж, увайгүй загнан нийгмийг донсолгон бужигнуулдгаа одоо болих хэрэгтэй. Эзгүй хойгуур нь хийсэн бүхэн эцэстээ улс орны хувь заяанд айхтар хорлонтой тусдагийг монголчууд хангалттай үзсэн, хор уршгийг нь ханатал амссан. Гэнэтийн энэ байдал хэзээ ч сайн юманд хүргэдэггүйг бид мэдэхтэйгээ болсон.

Ийнхүү төсөв батлагдсанаар гал намжих шиг боллоо. Төсөв эсэргүүцэж, ард түмэнд жигтэйхэн хайртай хүн болж харагдсан гишүүд яг бодит байдал дээр тийм байсан уу гэвэл хэлж мэдэхгүй. Тулхтай улстөрчид, судлаачдын харж байгаагаар хэн нэгний гар хөлийн үзүүр болчихов уу гэх таамаг хардлага байна. Ерөнхийдөө саяны болоод өнгөрсөн үйл явцыг харахад Ерөнхийлөгч Ерөнхий сайдтайгаа толхилцоод байна уу даа гэсэн байдал анзаарагдахаар байна. Тэгээд хуучцуулынхаа туршлагаар үгэндээ оруулж авч байгаа, жавтий хүртээж байгаа үйл явц нь юм уу даа. Үндсэндээ хүчээ туршиж үзэж байгаа, ингэхээр яах нь вэ гэж сорьж үзэж байгаа байдал ч юм уу.

Данхар төсөв оруулж ирлээ гэж муу хэлэгдээд байгаа Ерөнхий сайд Хятадад тун амжилттай яваад байх шиг харагдах юм. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдтай уулзаж нэг тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ мөнгөөрөө өнөө 14 мега төслийнхөө 11-ийг нь санхүүжүүлэхээр болж тэдгээрийн эхэнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц хөдлөхөөр боллоо. Мөн “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” боомтуудын хил дамнасан төмөр замын гүүрийн барилгын ажил гээд бүтээн байгуулалтын олон ажил шийдэгдэх шиг боллоо.

Ер нь Л.Оюун-Эрдэнийг олон удаа Ерөнхий сайд хийлээ гэж адалдаггүй л юм бол гайгүй хийгээд байх шиг харагдах юм. Хоёр ч Засгийн газар дамнан ярьж буй мега төслүүд нь хөдлөхийг хармаар байна. Ерөнхий сайд энэ төслүүдээ хөдөлгөж улс орны хөгжлийг шинэ түвшинд авчрах хэрэгтэй. Тавантолгойн дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцууд ажилд ороод, Монгол-Францын ураны төсөл, Эрээнцав-Чойбалсан-Бичигтийн төмөр зам, зэс, гангийн цогцолбор гээд энэ олон төсөл хэрэгжээд эхлэхээр саяны төсөв дээр гал намжаадаг шиг ийм байдал гарахгүй болов уу. Үндсэндээ ажлаа сайн хийгээд ард түмний ахуй амьдрал эрс дээшлээд ирэхээр хэл ам гарахгүй, гал намжаах шаардлагагүй болно.

2024 оны эхний улиралд эдийн засаг 7.8 хувиар өссөн гэж Статистикийн газраас мэдэгдсэн. Энэ өсөлтөө аж ахуйн нэгж, ард түмнийхээ халаас, данс руу яаралтай оруулах хэрэгтэй байна. Эдийн засгийн бодит үр дүнд хүрч байж, хийсэн ажлаараа хэлсэн үгэндээ эзэн болж байж, хөгжлийн том том бүтээн байгуулалтыг явуулж байж Ерөнхий сайдын суудал тэсвэртэй байна.

“Өдрийн сонин”-ы хувьд засаг солигдохын эсрэг явдаг. Ойрын ганц хоёр жишээ хэлэхэд, 2007 онд М.Энхболдын Засгийн газар унахыг бид эсэргүүцэж байсан. Мөн 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар огцрохыг ч эсэргүүцэж байсан. Одоо эргээд харахад бид бүхний зөв байсан. Н.Алтанхуягийн засгийн үед бонд босгож 14 аймгийг засмал замаар холбож, Улаанбаатар хотод гудамж төслийг хийснээс аваад хугацаагаа дуустал ажилласан бол улс орны хувь заяа арай өөр байх байсан. Эргээд харахад эсэргүүцэж байсан маань зөв байжээ гэдэг нь батлагддаг. Ер нь дахин давтаад хэлэхэд, эрх барьж буй намыг нь солихгүйгээр засгийг нь солиод дээрдэж байсан тохиолдол байхгүй.

Ард түмэн л амаараа шороо үмхэж хоцордог. Бид засаг солигдох асуудалд ухаантай хэрсүү хандаж, юмны цаад наадахыг бодох цаг нь болсон.Болохгүй байгаа бүхэн Ерөнхий сайдаас болж байгаа юм шиг муйхарлан зүтгэдгээ болих хэрэгтэй. Харин төр засаг, эрх баригч нам болохгүй байгааг монголчууд өөрчлөх үндсэн ганцхан эрхтэй. Энэ бол улс төрийн сонгууль. Монголын ард түмэн энэ удаагийн сонгуулиар МАН-д дахиад итгэл үзүүлж сонгосон. Орон нутгийн сонгуулиар нийслэлд бараг 100 хувь МАН-ыг сонгосон. Нэгэнт л сонгосон бол араас нь гоншигноод байх шардлагагүй. Ачааг нь үүрүүлж ажлыг нь хийлгэх хэрэгтэй.

Д.БАТБОлД

 

2 replies on “Ерөнхий сайдыг бөгс өндийхийн зуурт ар хударгаар нь өрнөсөн улс төр DNN.mn”

Jinhen Danhiin bogs doloogchuu, Naad gachkaar chine mongol ulsiig hyatad-d hudaldchihaar irj bn, chi avsan heden tsaasaaraa heden sarl amidarna ur huuhed chine eh oronch ugui hyadadiin erhsheeld yag uigar shig bolhod ihl oirhon bn daa, ter tsagt ur huuhed chine cham metiig haraah baihdaa.

Тавилгаа солих, үр ашиггүй гадаад томилолтоо цөөрүүл, тойрогтоо соёлын ордон барьдгаа түр хойшлуулж, иргэд, ААН-ийн хэт их татвараа хөнгөл гэснээс ЗГ-аа онхолдуулах гэсэн үг гараагүй. Урсгал зардлаа тана гэсэн 4 гишүүнийг ЗГ-аа огцруулах гэлээ гэж дэвс гэж уриалжээ Та. Урсгал зардла хас гэхээр Ц.Даваасүрэн, Б.Жавхлан хоёр эрүүл мэндийн болон боловсролын салбар ганхана гээд идэж уухаар төсөвт өөрсдийнхөө зориуд оруулсан хулгайгаа хамгаалж буй нь андашгүй бсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *