Хэдийгээр техник технологийн тэргүүлэгч гүрнүүдийн нэг боловч Япон улсын төрийн байгууллагууд уян дискийг идэвхтэй ашигласаар байдаг.
Саяхан засгийн газраас томилсон хорооны шалгалтаар төрийн байгууллагуудын 2,000 орчим үйл ажиллагаанд уян диск ашигладаг нь тогтоогдсон байна.
Японы дижитал сайд Таро Кано энэ байдлыг өөрчилж, орчин үеийн мэдээлэл хадгалах, дамжуулах онлайн системд шилжих зохицуулалтыг удахгүй нэвтрүүлэх гэж байгаагаа энэ долоо хоногт мэдэгджээ.
Уян дискийг 1971 онд IBM компани зохион бүтээж байв. 1980-аад оноос энэ төхөөрөмж мэдээлэл хадгалах, тараах, программ ажиллуулах гол хэрэгсэл болсон юм.
2000-аад оны үеэс CD буюу лазерын диск бий болсноор уян дискний эрин өндөрлөж байжээ. Сүүлдээ USB диск, онлайн диск хэрэглээнд өргөн нэвтэрсэн юм.
Дижитал технологийн тааруу мэдлэг, хуучинсаг үзэл, хүнд суртал Японы төр засгийн байгууллагууд уян диск хэрэглэсээр байгаагийн гол шалтгаан гэдэг.
“Би факсын машинаасаа татгалзах талаар бодож байна. Өнөөдөр уян диск худалдаж авдаг хэн байгаа юм бэ?” гэж Коно сайд хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
Sony компани арав гаруй жилийн өмнө уян диск үйлдвэрлэхээ зогсоосон юм. Тэгвэл Японы засгийн газар хуучин зуршлаасаа салах талаар өнгөрсөн оноос л ярьж эхэлсэн байна.
Токио хотын захиргаа өнгөрсөн оноос эхлэн мэдээлэл дамжуулахдаа онлайн диск ашиглаж эхэлжээ.
Япон нь технологийн хоцрогдлоосоо салах талаар ярьж буй цорын ганц улс биш. Өнгөрсөн онд Герман улсын засгийн газар факс машинаас салах шийдвэрээ зарлаж байв.
Тус улсын холбооны засгийн газарт 900 гаруй факс машин ашиглагдаж байсныг тухайн үед илрүүлж байжээ.
Герман улсын эрүүл мэндийн систем гараар бичсэн мэдээ тайлангаа факс ашиглан хоорондоо дамжуулдаг нь цар тахлын үеэр ил болсон байна.
Эх сурвалж: Business Insider