Казиногоос авлига авсан хэрэгт сэжиглэгдсэн эрх баригч намын гишүүн Цукаса Акимотог саяхан Японы цагдаагийн байгууллага саатуулсан байна. Тэрбээр улсынхаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байж.
Түүнийг 2017 оны наймдугаар сараас эхлэн Японд бизнес эрхлэх сонирхолтой Хятадын компаниас 3.7 сая йен буюу 34 мянган ам.доллартай тэнцэх бэлэн мөнгө авсан гэж үзэж байгаа юм. Авлига өгсөн гэгдээд буй Хятадын компани нь 2001 онд Шэньжэн хотноо байгуулагджээ. Японы Хоккайдод хөрөнгө оруулалт хийсэн тус байгууллага нь спортын сургалт төв, аялал жуулчлалын сүлжээтэй аж. Авлигалд сэжиглэгдээд байгаа Цукаса Акимото дээрх мэдэгдлийг няцаагаад байгаа юм.