Categories
гадаад мэдээ

Ялагдлын оршил || DNN.mn


Америкийн нэрт улс төр судлаач Фрэнсис Фүкүяма (Fran­cis Fukuyama) “American Pur­pose” цахим сэтгүүлд Украины дайн хэрхэн төгсөх тухай “Prepar­ing for Defeat” буюу “Ялагдлын оршил” хэмээх таамаг дүгнэлт нийтлүүлснийг орчуулан хүргэж байна.


Би үүнийг Умард Македоны Скопье хотод бичиж сууна. Өнгөрсөн долоо хоногт эндхийн “Leadership Academy for Development” сургалтын төвд би хичээл заасан юм.

Цагийн бүсийн зөрүүг эс тооцвол Украины дайны талаарх мэдээллийг би бусадтай адил хүлээн авч байлаа. Европын бусад хэсгээс ялгаатай нь Балканы улсуудад Путиныг илүү их дэмжиж байна. Энэ нь “Спутник” суваг Сербид үйл ажиллагаа явуулдагтай холбоотой байх.Хэдий тийм боловч хэдэн таамаг зориглон дэвшүүлье:

1. Шууд утгаараа Орос улс Украинд ялагдаж байна. Украины орос иргэд Оросын цэргийг баяртайгаар угтана, Украины зэвсэгт хүчнийг хэдхэн хоногт бут цохино гэсэн алдаатай таамаг төлөвлөсөн нь буруу байжээ. Оросын цэргүүд нэмэлт сум, хоол хүнсний оронд Киев хотын ялалтын парадад жагсах дүрэмт хувцастайгаа ирсэн нь ил болов. Путин бүх цэргийнхээ ихэнх хэсгийг байлдаанд оруулсан болохоор өнөөдөр тулаанд оруулах нэмэлт хүчгүй болоод байна. Оросын цэргүүд Украины том хотуудын гадна талд хангамжийн том асуудал бас Украинчуудын байнгын дайралттай тулгарч таг гацаад байна.

2. Оросуудын ялагдал аажим гэхээсээ илүү огцом бүр сүйрлийн шинжтэй явагдах магадлал өндөр байна. Арын хангамж ч байхгүй, ухрах ч боломжгүй болсон цэргүүд сэтгэл санааны бүрэн уналтад орно. Умард фронт дээр ийм байдал үүсэх магадлал

илүү өндөр. Өмнөд фронтод Оросууд илүү таатай нөхцөлд байгаа ч умард хэсэг сүйрвэл давуу байдлаа хадгалах боломжгүй болно.

3. Дээр дурдсан байдалд ортол дайныг дипломат аргаар шийдвэрлэх боломжгүй. Одоогоор Орос, Украины аль аль нь нөгөө талдаа зөвшөөрөгдөхүйц буулт хийх боломжгүй байна.

4. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл ямар ч хэрэггүй болсон гэдгээ дахин нотоллоо. Дэлхий нийт эсрэг талын тоглогчид болон бөөрөнхийлөгчдийг ялгаж танихад тун ч тустай ганц зүйл болсон нь Ерөнхий ассамблейн санал хураалтын үр дүн байв.

5. Нислэгийн хориотой бүс зарлаж чадаагүй, Польшийн МиГ сөнөөгч онгоцуудыг Украинд шилжүүлэхийг дэмжээгүй явдал нь хоёулаа Байдены засаг захиргааны сэтгэл хөдлөлд авталгүй гаргасан маш сайн шийдвэрүүд байлаа. Москва ялагдалдаа NATO-г буруутгах шалтгаан гаргахгүй, сөргөлдөөнийг цааш ахиулалгүй, Украин өөрийн хүчээр Оросыг ялсан нь хамаагүй дээр. Польшийн МиГ-үүд ч Украины зэвсэгт хүчинд нэг их нэмэр болохгүй. Үүний оронд Украинчуудыг Жавелин, Стингер, TB2, эмнэлгийн хэрэгсэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тагнуулын мэдээллээр тасралтгүй хангах нь илүү дээр.

Өнөөдөр Украины зэвсэгт хүчнийг Украины гаднаас NATO-гийн тагнуулын алба чиглүүлж байгаа гэж би таамаглаж байна.

6. Украинчуудын амсаж байгаа хохирлын хэмжээ мэдээж асар их байгаа. Хамгийн их хохирлыг Оросын пуужин, их бууны цохилт учруулж байна. Үүнд МиГ онгоцнууд, нислэгийн хориотой бүсийн аль нь ч тус болохгүй. Хохирлыг цаашид нэмэгдүүлэхгүй зогсоох цорын ганц арга бол үнэндээ Оросын армийг газар дээр нь ялах явдал юм.

7. Арми нь ялагдвал Путин тогтож үлдэх аргагүй болно. Хүчирхэг удирдагч гэсэн ойлголт түүний иргэдээсээ дэмжлэг авдаг ганц гол хүчин зүйл нь. Хэрэв иргэддээ хүч чадалгүй болохоо харуулж, дарангуйллын эрх мэдлээ алдвал түүнд юу үлдэх вэ?

8. Энэхүү түрэмгийллээс өмнө бүгд нэгэн адил Путинд тал засаж байсан дэлхийн өнцөг булан бүрт буй популистуудад энэ ялагдал асар том цохилт болно. Үүнд Маттео Сальвини, Жайр Болсонару, Эрик Земмур, Марин Ле Пен, Виктор Орбан, мэдээж Дональд Трамп багтана. Дайн эхэлсний дараах улс төр тэдний авторитар төрхийг ил тод болгон илчлэн харуулсан.

9. Энэ дайн Хятадад том сургамж болж байна. Оросын нэгэн адил Хятад улс сүүлийн арван жилд өндөр технологийн гэгдэх зэвсэгт хүчнийг бий болгосон. Гэхдээ эдний аль алинд нь байлдааны туршлага алга. Нарийн төвөгтэй ажиллагаа зохион байгуулж байсан туршлагагүй Хятадын Ардын Чөлөөлөх Армийн агаарын зэвсэгт хүчин Оросын агаарын хүчний өрөвдөлтэй гүйцэтгэлийг давтах өндөр магадлалтай. Хятадын удирдлагууд ирээдүйд Тайваньд хийх алхмаа төлөвлөхдөө оросууд шиг өөрийн хүчинд хэт найдаж, төөрөлдөхгүй байгаасай гэж бид найдаж байна.

10. Тайвань өөрөө Украины нэгэн адил тулаанд бэлтгэлтэй байж, хугацаат цэргийн албаа сэргээнэ гэдэгт мөн найдаж байна. Цагаас нь өмнө ялагдана гэж бодох хэрэггүй.

11. Туркийн дронууд маш сайн зарагдах нь тодорхой боллоо.

12. Оросын ялагдал “эрх чөлөөний шинэ төрөлт”-ийг бий болгож, дэлхий дахинд ардчилал доройтсон талаарх таагүй ойлголтоос биднийг салгах байх. Зоригт украинчуудын ачаар Берлиний хана нурсан 1989 оны үеийн үзэл санаа эргэн амилах болно.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *