Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Яг л нар мандахын сайхан шиг…

Хотожсон, даяарчлагдсан энэ нийгэм чинь хүмүүний амьдралын сайн сайхан хийгээд сэтгэл зүрхний цаглашгүй гэгээг зарим талаараа бөхөөдөг байна. Ухаандаа, өндөр өндөр барилгуудын дунд өсч торнисон хүмүүст, хүүхэд багачуулд нар мандана гэдэг эрхэмсэг ойлголт гэрэл гарах, зүгээр нэг чийдэн асахтай агаар нэг болжээ.

Тэгэхээр талын нүүдэлчин монголчууд бид бүхэн нар мандахын гайхамшгийг, түүний ер бусын үзэсгэлэнт чанар, байгаль дэлхийг бүрхээд зогсохгүй хүмүүнийг галын дөл шиг бадраах далдын увдисыг мэдэрмээр байна. Үр хүүхдүүд, ойр дотнынхондоо мэдрүүлмээр байх юм аа.

Хаврын тэргүүн сарын шинийн нэгний юм уу, эс бөгөөс шинэ оны эхний өдрийн нарыг манайхан сүрхий гэгч нь угтаж, хүслээ шивнэцгээдэг. Тухайн өдрийн нар л чухал мэтээр ойлгох нь бий. Гэхдээ ганц өдөр ч болов чин зүрхнээсээ наранд залбирч буй олны минь буруу гэж юу байх билээ.

Гол учир нь бид бүхэн өглөө, цаг минут бүр гэгээн тунгалаг нарандаа залбирч, энергиэр тэтгэгдэн хэнээс чиг гуйхгүй амьдралын энгийн сайхныг мэдрэх нь чухал.

Бид чинь зүв зүгээр байж байгаад хэн нэгэнтэй хэрэлддэг. Нэгнээ гомдоодог, хараадаг, зүхдэг. Түүнийг харин ч өлхөөн хийж чадна. Тэгвэл яг үүн шигээ баярлаж чаддаг байх хэрэгтэй. Тухайлбал, амьдралын эх ундарга болсон наранд чин зүрхнээсээ шившин баярладаг байх.

Үүнээсээ улбаалаад ижий аав, найз нөхөд, хамт олон, гэр бүлийнхнийгээ нар шиг хайрлаж, нийгмээ нар адил гэрэлтүүлэхийг л миний бие хүсээд байгаа юм аа. Угтаа бол яг л нар мандахын сайхан шиг…

Э.БАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *