Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс уржигдар хуралдаж, соёл урлагийн нэгдсэн арга хэмжээний хөтөлбөрийг баталсан. Мөн салбар хороодын дарга нар бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийв. Комиссын хуралдааны үеэр Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар наадмыг сурвалжлах телевизийн тоог цөөрүүлэх хэрэгтэй гэсэн санал гаргаж байх юм. Түүнийхээр бол хэтэрхий олон телевиз цэнгэлдэх хүрээлэнд шавчихаад дэмий сэлгүүцдэг болж таарах нь уу.
Эрхэм дэд сайдын хэлсэн үгнээс нь сийрүүлэхэд телевизүүд наадмын эргэн тойрондох хог новшноос өгсүүлээд дэмий дүрс дамжуулаад байгаа гэнэ. Тиймээс наадам сурвалжлах телевизүүдийн тоонд квот тогтоох санаатай байгаа бололтой. Бүр баярын нээлт, хаалтын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг хуруу дарам хэдхэн телевизэд өгье гэсэн үг унагаж байсан. Урлагийн тоглолтыг аль цэгээс нь яаж дамжуулбал зөв харагдах уу гэдгийг найруулагчтай нь ярилцаж байгаад нэг линкээр бүх телевизээр цацах юм гэнэ. Тэгэхээр бүх суваг яг адилхан бичлэг нэвтрүүлэх болж таарах нь. Уучлаарай дэд сайд Я.Төмөрбаатар аа. Хэвлэл мэдээллийнхэн наадмаар ямар мэдээллийг яаж гаргахаа танаар заалгалгүй 20 жил явж ирээд болсон юм.
Одоо та Монголын ардчилсан чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслийг зааж чиглүүллээ юу. Сүүлийн үеийн эрх баригчид ам ангайвал хэвлэлийг боомилж, цензурдэх гэдэг болсон.
Я.Төмөрбаатар дэд сайдын дээрх санал үүний нэг тод жишээ мөн. Энэ бүгд цаанаа дарга нарын эдийн засгийн утгатай байдаг.
Өнөө жилийн наадмын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг цөөхөн телевизэд өгч алалцуулах гэж байна. Харин энэ явахгүй саналаа тайлбарлахдаа гадаадынханд Монголын үндэсний их баяр наадмыг зөв харагдуулах сурталчилгаа болно гэж халхавчилж байсан. Чөлөөт ардчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг боож, хааж, цензурдэх гэсэн дарга нарын зальжин аргатай манай салбарынхан зангидсан гар шиг тууштай тэмцэнэ гэдгээ хэлчихье.
М.МӨНХ