Categories
мэдээ улс-төр

Я.Содбаатар: ЗТХ-ийн яаманд мэргэшсэн албан хаагч хэрэгтэй

УИХ-ын чуулганаар Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 90.8 хувийн саналаар дэмжлээ. Тус яамны сайдаар томилогдож буй Я.Содбаатараас зарим зүйлсийг тодрууллаа.

-Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллах хариуцлагатай албыг та хүлээж авлаа. Хамгийн түрүүнд хаанаас ажлаа эхлүүлэх вэ?

-Монгол Улсын сайд бүрэн эрхийнхээ хүрээнд ЗТХЯ-ны сайдад намайг нэр дэвшүүлсэн. УИХ мөн бүрэн эрхийнхээ хүрээнд тус яамны сайдаар ажиллах хариуцлагатай албанд томиллоо. Хариуцлагатай цаг үед миний бие сайдаар очиж байна. Юуны түрүүнд би хэд хэд асуудалд анхаарч ажиллана. Гишүүдийн зүгээс ч гэсэн нэлээд саналыг хэлж захиж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдсан. Энэ бол МАН Засгийн эрх барих хугацаанд хэрэгжүүлэх ёстой бодлого. Үүнд тусгагдсан зам тээврийн хөгжлийн чиглэлийн бодлогын үйл ажиллагааг бодит ажил хэрэг болгох ажлууд бий. Хоёрдугаарт энэ удаагийн УИХ парламентийн бүрэн эрхийн хугацаанд төрийн албаны шинэчлэлт хийгдэж байгаа. Төрийн албаны сахилга батыг чангатгах чиглэлээр хэд хэдэн томоохон шийдвэрүүд гарсан. Үүний хэрэгжилтийг хангаж ажиллах асуудал манай салбарт хамгийн чухал. Ялангуяа мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах асуудал чухлаар тавигдаж байна. Учир нь ЗТХ-ийн яамны онцлог нь техник зохицуулалт ихэд шаардагддаг. Тиймээс энэ чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллах ёстойг гишүүд ч, иргэдийн зүгээс ч хэлж байгаа. Хэд хэдэн чиглэлд бодлогын асуудлууд УИХ-аас гарсан. Иргэний нисэхийн либералчлал шинэ төмөр зам, автозамын бүтээн байгуулалт, тээврийн зохицуулалт зэрэг хэд хэдэн чухал асуудал бий. Яаманд энэ чиглэлийн эрхзүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгох тал дээр ажлын хэсэг гарч түрүүчээсээ бэлэн болж байгаа юм билээ. Энэ бүхнийг эрчимжүүлнэ. Яамныхаа мэргэжлийн хүмүүстэй санал бодлоо солилцож байж энэ салбарт хийгдэх бодлого, чиглэл, үйл ажиллагааг улам тодорхой болгоно.

-Зам тээврийн хөгжлийн яаманд ёс зүйн хариуцлага алдсан газрын дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн ч буцаан томилсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хэрэгтэй холбогдуулан Засгийн газар, УИХ тодорхой шийдвэрээ гаргалаа. Үүний дагуу Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаас эхлээд зарим газрын дарга нарт хариуцлага тооцсон. Энэ хүрээнд зарим газрын дарга нар үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Төрийн албаны зөвлөл хуулийн хүрээнд энэ асуудлыг цэгцэлнэ гэж итгэж байна.

-Та тус яаманд халаа, сэлгээ хийх үү?

-Халаа сэлгээ хийхээсээ илүү мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөнд тулгуурлан ажлаа хийнэ.

-Яаманд ажиллаж буй мэргэжлийн бус хүмүүсийг ажлаас нь чөлөөлнө гэж ойлгож болох уу?

-Мэргэжлийн хүмүүс мэргэжлийн ажлаа хийх ёстой. Мэргэшсэн албан хаагч бидэнд хэрэгтэй. Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн хүрээнд төрийн албаны шинэчлэлийн ажлыг явуулна.

-Дахин хариуцлагагүй үйлдэл гарвал та хариуцлага хүлээж чадах уу?

-Төрийн албаны зөвлөлийн зүгээс мэргэшсэн, тогтвортой байх асуудлыг тавьж байна. Нөгөөтэйгүүр хариуцлага, сахилга баттай мөн байх ёстой. Энэ чиглэлд анхаарч ажиллана.

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал хугацаандаа ашиглалтад орох уу?

-2006 онд Ерөнхий сайдыг Япон улсад айлчлах үеэр Нисэх онгоцны буудлын ажлын эхлэл тавигдаж хоёр талаас гарын үсэг зурагдсан. Түүнээс хойш бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Явцын дунд хоёр ч удаагийн нэмэлт гэрээ хийж 600 гаруй долларыг энэ төсөлд зарцуулаад байна. Ажил энэ оны төгсгөлд дуусах байх гэсэн хүлээлттэй байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар ирэх оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар шахаж ажиллаж байгаа юм байна лээ. Засгийн газраас шийдвэрлэх ёстой хөрөнгүүдийг нь шийдэж өгсөн. Хурдны автозамынх нь хувьд арваннэгдүгээр сараас хөдөлгөөн нь эхэлнэ. Ирэх онд бүрэн ашиглалтад орно. Шинэ нисэх онгоцны буудлыг цаашид хэрхэн ажиллуулах талаар Япон улстай менежментийн гэрээг хийх шийдвэрийг гаргасан байна. Энэ хүрээнд уг асуудлыг судалж гэрээний түвшинд шийдвэрлэх асуудлууд судлагдаж байна.

-Таныг мэргэжлийн бус гэх шүүмжлэл их явлаа. Та үүнд тайлбар өгөхгүй юу?

-Сайд бол улс төрийн албан тушаалтан. УИХ-аас тодорхой шийдвэр гаргаж хариуцлага хүлээлгэж байна надад. Би инженер мэргэжилтэй, энэ салбартай холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэгт орж ажиллаж, анхаарлаа хандуулж байсан хүний хувьд салбарын хүмүүстэй хамтраад энэ ажлыг хийж болох байхаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *