Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчит компаниудыг хувьчилна

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Ямархуу төсөв орж ирсэн бэ?

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байна. Энэ үед ирэх оны төсөв, 2018, 2019 оны төсвийн хүрээний төсөөллийг өргөн барьсан. Эдгээрээс харахад ирэх жил Монгол гэдэг айл хэдэн төгрөг олох, юунд зарахаа маш нарийн төлөвлөхгүй бол болохгүй болсон дүр зураг харагдаж байгаа. Хэрэгцээтэй газраа зайлшгүй хөрөнгө мөнгө зарцуулахаас өөр илүү үйлдэл хийх боломжгүй цаг үе тулж ирлээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд авсан их хэмжээний өр, зээлийг төлөх үе болчихсон байна. Ирэх оны тавдугаар сард 580 сая ам.доллар төлнө. Оны төгсгөлд 500 сая ам.доллар төлнө. Цаашилбал, Засгийн газрын өрийн хүү, үндсэн үйлчилгээний төлбөрт зургаан их наяд гаруй төгрөг төлөх төлөвлөгөөтэй. Нэг ёсондоо Монгол Улсын бүтэн нэг жилд олдог орлогоо өр, зээлэнд өгөх ёстой болчихоод байгаа учраас хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй байна. Орлого нэмэгдүүлэх бүх боломжийг дайчлах шаардлага тулгарч байгаа. Зарлагаа тэвчиж болох хэмжээнд хүртэл танана. Засгийн газар болон УИХ-аас болж өгвөл иргэдийнхээ халаас руу орохгүй, аж ахуйн нэгждээ дарамт учруулахгүйгээр даван туулах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа.

-Голчлон танаж буй ямар зарлага байна вэ?

-Нэгдүгээрт, бид улсын төсвийн хөрөнгөөр шинээр обьект барих ажилэхлүүлэхгүй. Хоёрдугаарт, шинээр вексел нэмж бичихгүй байя гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ өмнө нь эхлүүлчихсэн байсан дуусаагүй барилга, байгууламжаа дуусгая гэж ярьж байна. Тэгэхгүй бол олон жил дамжсан барилгууд байна. Энийг нэг талдаа гаргахгүй бол үргүй зардал болчих гээд байгаа.

-Тэгэхээр ирэх онд улсын төсвөөр бүтээн байгуулалтын ажил хийхгүй нь ээ?

-Өрийн менежмэнтээ сайжруулж хямд эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх замаар зээлийн хүүгийн зардлын өсөлтийг бууруулах, төсвийн орлогыг бодитой төсөвлөх, татварын бааз суурь нэмэгдүүлэх шинэ төсөл, хөтөлбөрийг дэмжиж ажиллана. Зарлага танах тал дээр халамжийг аль болох зорилтот бүлэг рүү чиглүүлэхээр ярилцаж байна. Мөн төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны түвшинг бууруулахгүй байя. Гэхдээ цаашид төрийн албаны үр дүнг харж байж санхүүжүүлдэг хэлбэр рүү шилжье гэж ярьж байгаа. Тэгэхгүй бол өнөөдөр төрийн албаны орон тоо, зардлыг санхүүжүүлж байна. Үнэхээр сайн ажиллаж байгаа, илүү үр дүн гаргаж буй ажилтандаа өндөр цалин өгдөг тогтолцоо руу шилжих ёстой. Тэгэхгүй нэг хэвэнд нь хавтгайруулаад байж болохгүй. Дараагийн нэг зүйл бол төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэх асуудал яригдаж байна. Үнэхээр төрийн өмчит компаниудын хэд нь ашигтай ажиллаж байгаа вэ. 70 хувь нь алдагдалтай ажиллаж байна. Бодит байдал ийм байхад эдийн засгийн хувьд ашигтай ажиллаж байгааг нь үлдээгээд бусдыг нь хувьчилъя. Ингэж төр хэрэггүй ачаанаасаа салах ёстой. Үүнээс гадна ер нь томоохон шинэчлэл хийвэл яасан юм бэ гэх санал гишүүдээс орж ирж байна. Тухайлбал, бид эдийн засгийнхаа ерөнхий бүтэц, төрийн албаны чиг үүрэг, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байж өнөөгийн энэ буруу тогтолцооноос гарах байх. АН-ын үед ч, МАН-ын үед ч байж л байдаг 200 гаруй мянган төрийн албан хаагчтай, халамж хавтгайруулдаг эдийн засагтай, алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниа чирээд явж байдаг үрэлгэн айл болчихлоо. Энийг өөрчилж цомхон хэрнээ чадварлаг төрийн албан хаагчтай болох ёстой. Төр өөрийн хариуцаж чадах зүйлээ л хийх хэрэгтэй. Бусдыг нь хувийн хэвшил, төрийн бус байгууллагын мэдэлд зоригтойгоор шилжүүлдэг баймаар байна. Төрийн зүгээс бизнес эрхлэгчдэд үзүүлж буй хандлагаа зөв болгох гэхчилэн олон өөрчлөлт хэрэгтэй. Нэг ёсондоо бизнесийн орчинг эрүүл, зөв, дарамт шахалтгүй, цэвэр өрсөлдөөний шинжтэй болговол эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа.

-Улс авлагатай гэсэн. Хаа, хаанаас ямар авлага авах вэ. Авлагуудаа цуглуулбал хэдэн төгрөг төсөвт орж ирэх бол?

-1990 оноос хойш бий болсон авлагууд бий. Засгийн газраас дамжуулан зээлсэн мөртлөө эргэн төлөлт хийгээгүй олон тохиолдол байгаа. Энэ мөнгийг яаж олж авах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Улсын хэмжээнд нийтдээ хоёр гаруй их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний авлага орж ирэх ёстой. 1991 оноос Засгийн газрын шугамаар орж ирсэн гадаадын зээлийг дотоодынхонд дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан. Зарим нь яамдаар, зарим нь Засгийн газрын тусгай сангаар дамжсан байдаг. Өнөөдрийн байдлаар төрийн сан дээр байгаа санхүүгийн тайлангаас аваад үзэхэд хоёр их наяд найман зуу гаруй тэрбум төгрөгийн авлага гарч ирж байна. Энэ авлагаас эхний ээлжинд буюу ирэх ондоо багтаагаад зуу гаруй тэрбум төгрөгийг барагдуулахаар төлөвлөсөн. Гэхдээ аж ахуйн нэгж нь татан буугдсан, эзэн холбогдогч нь тодорхойгүй болсон, олон жил дамжсан өр шир ч бий. Ямартай ч дээрх авлагын арван хувийг ч болтугай ирэх жилд оруулаад ирмээр байна. Өөр нэг орлого нэмэгдүүлэх арга бол байгалийн гаралтай уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг тавих ёстой. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний ханш өсөх хандлага байна. Мөн татварын бааз суурийг нэмэгдүүлэх, томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлэх байдлаар улсын төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. Төрийн өмчийн томоохон обьектуудыг хувьчлах байдлаар төсөвт 110 тэрбум төгрөг олох байх.

-Ямар обьект хувьчлахаар төлөвлөж байна вэ?

-Хөрөнгийн бирж, Төрийн банк, Оргил рашаан сувилал гэхчилэн нэлээн олон аж ахуйн нэгжийн асуудал яригдаж байгаа. Эдгээр байгууллагын үйл ажиллагааг зөв хэлбэрт оруулж явуулах зайлшгүй шаардлагатай.

-Та түрүүн гадаад зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа гэлээ. Гэтэл бид маш хямд үнээр нүүрсээ зарж байна. Энэ үнийг өсгөх, гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг яагаад хөндөхгүй байгаа юм бэ?

-МАН 2011 онд Засгийн эрх барьж байхдаа 70 ам.доллараар арван жилийн хугацаатай нүүрсээ заръя гэсэн гэрээ хийчихсэн байсан. Уг гэрээг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед цуцалсан. Тэрнээс хойш 26 ам.доллараар зарсан. Одоо харин үнэ өсөөд гуч гаруй ам.доллараар худалдаж байгаа. Ирэх жил энэ үнэ өсөөд 40 гаруй ам.доллар болох байх. Гэхдээ яг өнөөдрийн зарж буй үнэ, гадны хэвлэл мэдээллийн бичиж буй үнэ ялгаатай байгаа. Бидний ярьж буй үнэ уурхайн аман дээрээс худалдаж буй ханш. Нөгөөх нь уурхайгаас аваад угаагаад, замын зардал шингээгээд, хил гаалиар гарч буй татвар хураамжаа шингээсэн үнэ. Яг эдийн засгийн агуулгаар аваад үзвэл тийм хол зөрүүтэйгээр нүүрсээ өгч буй зүйл байхгүй. Бид нүүрсээ боловсруулаад, угаагаад, нэмүү өртөг шингээгээд эцсийн байдлаар хэрэглэгчид өгч чадвал үнэ өсөх боломж бий. Тийм хэмжээнд хүртэл дотоод ойлголцлоо бий болгох, нэг цонхны бодлого баримтлах, техник технологийн асуудлаа бүрэн шийдэж чадвал бид ашигтай ажиллана. Харамсалтай нь олон жил тогтвортой байх байсан үнийг өөрчлөөд гэрээгээ цуцалчихсан. Тиймээс бид одоо тулгарч буй хүндрэлүүдийг даван туулах чиглэлээр тусгайлсан бодлого боловсруулж ажиллах шаардлага гарч ирж байгаа. Ер нь ирэх оноос эхлэн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ бага хэмжээгээр өсөх юм билээ. Гэхдээ нэг зүйлийг бодох хэрэгтэй. Үнэ өсөж орлого нэмэгдлээ ч зарлагаа нэмж болохгүй гэдгийг хатуу ойлгомоор байна. Бид өнгөрсөн хэдэн жил уул уурхайн баялгийн үнийн өсөлтийг дагаж зарлагаа өсгөчихсөн чинь эдийн засаг хүндэрсэн үед зарлагаа танаж чадахаа больчихсон. Өнөөдөр ч гэсэн Монгол Улс 9.9 хувийн алдагдалтай төсөв батлах гээд сууж байна. Тиймээс бид орлогыг дагаж зарлагаа өсгөхгүй гэсэн бодлого баримтлах ёстой. Үр дүнд нь эдийн засгийн үзүүлэлтүүд л сайжирна. Үүнийг дагаад зээлжих зэрэглэл өсөх эерэг хандлага гарч ирэх юм. Нэг ёсондоо 2017 он бидний хувьд эдийн засгийн уналтыг тогтоож сэргэлт хийж чадах уу гэсэн хариуцлагатай жил болно.

-Ирэх онд гадаадаас ямар, ямар хөнгөлөлттэй зээл тусламж авах бол?

-Шинэ Засгийн газар гарч ирээд бүх л арга замыг хайн ажиллаж байна. ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай харилцаагаа сэргээж байна. ОУВС-гийн ажлын хэсгийнхэн манай улсад ирчихсэн ажиллаж байгаа. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх саналаа манай улс тавьчихсан байна. Энэ хөтөлбөрийг хэржүүлбэл сайн. Мөн олон жил хамтын ажиллагаатай явж ирсэн гадаад улс оронд эдийн засаг, хамтын ажиллагааны олон талт саналуудаа тавьж байгаа. Ялангуяа экспортын орлогоо нэмэгдүүлэх, томоохон төсөл хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх, олон жил ярьсан бүс нутгийн хэмжээний төслүүдэд хамрагдаж хамтрагчаар оролцох гэхчилэн ажлууд ярьж байна. Мөн хориос дээш жилийн хугацаатай, хоёр хүртэлх хувийн хүүтэй урт хугацааны хөнгөлөлттэй зээл авъя гэсэн олон асуудалд анхаарал хандуулж байгаа. Улсын эдийн засагт хүндрэл учруулаад байгаа их хэмжээний өр зээлийг өнөөдрийнхөө чадавхиар төлөөд явна гэвэл худлаа. Тийм чадавхи улсын эдийн засагт байхгүй. Эхний ээлжинд чадавхитай болохын тулд амьсгаа авах хэрэгтэй.

-Ирэх онд төсөв, мөнгөний бодлого хоёр хэр уялдаж байгаа вэ?

-Уялдах ёстой. Мөнгөний бодлого, төсөв хоёрыг уялдуулалгүй ирсний уршиг нь өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийн нэг чухал үзүүлэлт. Ялангуяа төсвийн сахилга бат хэтэрхий алдагдсан. Монголбанк бие даасан, хараат бус байдлаа алдаж Засгийн газрын халаасанд хэтэрхий их орж явлаа. Үүнээс болж монгол төгрөгийн ханш урьд хожид байгаагүйгээр буурсан. Монголын эдийн засагт төлбөрийн тэнцлийн их хэмжээний алдагдал бий болж байна. Манай улсын эдийн засгийн өсөлтүүд бүгд унасан. Бараг 1990 оныхоо түвшин рүү оччихлоо. Хорин жилийн турш олон үеийн Засгийн газар, Монголбанкны ажлын үр дүнг өнгөрсөн дөрвөн жилд баллаад дуусгасан гэж харж байгаа. Эргээд мацах үүрэг хүлээчихээд байна. Мөнгөний бодлого, төсөв хоёр төрийн тулах цэг учраас уялдуулахаас өөр аргагүй. Тоон үзүүлэлтийнхээ хувьд ч, удирдлага зохион байгуулалтынхаа хувьд ч уялдаж явах ёстой. Тэгж байж эдийн засаг сэргэнэ. Ер нь бидэнд мөнгө дутаагүй байсан гэдгийг санах ёстой. Энэ зүйлүүдийг засахын тулд эхлээд бодлогын алдаануудаа харах хэрэгтэй. Монгол гэдэг айл руу орж ирж буй орлогын хүүдийг цэвэрлэх хэрэгтэй. Ёроолынх нь цоорхойг сайн бөглөж байж мөнгө хийхгүй бол дахиад хаанаас ч зээл авсан цоорхой уутанд гурил хийсэн юм шиг байна. Бодлогоо цэгцэлж засаж чадахгүй бол бид дахиад л буруу замаар будаа тээнэ. Тиймээс хамгийн түрүүнд бодлогын алдаагаа засаад авах ёстой.

-Ирэх дөрвөн жилд амжиж тогтолцоогоо өөрчлөх ёстой гэж ярьж байгаа. Өөрчилж чадах уу?

-Ард түмэн МАН-д маш өндөр итгэл хүлээлгэлээ. Улс төрийн том итгэлийг дагаад хүлээлтэд нийцүүлэхийн тулд нийгмийн шинэ цаг үетэй нийлсэн томоохон шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Шинэчлэлийг хийхийн тулд томоохон реформын шинжтэй ажлуудыг хийнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас эхлэх ёстой. Эдийн засгийн томоохон бодлого, төрийн албаны шинэчлэл зэргийг хийж байх олон жилийн хөгжлийн сууриа зөв тавих хэрэгтэй. Мэдээж хэрэг хямрал хүндрэл бидэнд эргэж алдаа гаргахгүй байх сургамж үлдээж байна. Нэг ёсондоо байгаа боломжоо зөв ашиглаад хүндрэлийг давчих юм бол цаашид тогтвортой хөгжил бий болгох гарц болно. Тэр талаас нь харвал энэ удаагийн хямрал бидэнд олон ухаарал өгч байгаа.

-Шинэчлэлийг юунаас эхлүүлэх вэ?

-Эхлээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулмаар байна. Өнөөдрийн Үндсэн хууль сайн хууль. Өнгөрсөн 25 жилийн бүхий л зүйлийг зохицуулж ирлээ. Одоо харин ирэх 25 жилийг зохицуулах Үндсэн хуультай болмоор байна. Эрх мэдлийн зөв хуваарилалт бий болгосон, хариуцлагыг улам бүр тодорхой болгосон Үндсэн хуулийн өөрчлөлт рүү явах ёстой. Хоёрдугаарт, эдийн засгийн бүтцийг солонгоруулна, олон тулгууртай болгоно гэж олон жил ярьж байна. Энэ бүтцээ хийх үйлдвэржилтийн бодлого гаргаж тавих хэрэгтэй. Гуравдугаарт, халамжийн бодлогыг зорилтот зах зээл рүү хандуулах ёстой. Бид халамжийн хавтгайрсан бодлогоос татгалзах цаг болсон гэдгийг иргэд болон төрийн байгууллагынхан ойлгох цаг болсон. Дөрөвдүгээрт, Монголын баялгийн хуваарилалтыг зөв хиймээр байна. Баян хоосны ялгаа ихсээд байгааг яаж зохицуулах юм бэ. Чинээлэг дундаж давхаргыг олонхи болгосон нийгэм бий болгох үзэл санааг агуулсан татвар, эдийн засаг, төрийн бодлогын шинэчлэл хийхгүй бол болохгүй. Тавдугаарт, 200 гаруй мянган хүнтэй төрийн албыг шинэчилж чадавхижуулах зайлшгүй хэрэгтэй. Ингээд ярих юм бол ойрын хугацаанд хийх томоохон шинэчлэлийн чиглэлүүд бий.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *