Categories
мэдээ цаг-үе

​Я.Ганболд: Вакциныг урьдчилан сэргийлэх зорилгоор зөвхөн эрсдэлтэй бүс нутгийн малд тарих ёстой

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, “Гарааны рецептор” ХХК-ний захирал, академич, Шинжлэх ухааны доктор, профессор Я.Ганболдтой ярилцлаа.


-Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтох вакцинжуулалтыг хавтгайруулснаар халдварт өвчний голомт бий болчихоод байна гэж ярьж байсан. Энэ нь шинжлэх ухааны хувьд хэр үндэслэлтэй вэ?

-Тухайн аймаг, сумын малын эмч ямар халдварт өвчин тохиолдох, тархах, гарах эрсдэлтэй байгааг судалж тогтоох, өөрөө хариу арга хэмжээ авах бодлогоо боловсруулах, түүндээ тохирсон вакцинжуулалт хийх үүрэгтэй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухайн халдварт өвчинд мэдрэмтгий малын тоо, толгойд тохируулан төлөвлөх ёстой. Жишээ нь, боом өвчин гарах эрсдэлтэй бүс нутгийн 200 үхэр байвал түүнд тохирсон хэмжээний вакциныг захиалах хэрэгтэй. Түүнээс тэр суманд байгаа бүх малыг вакцинжуулах нь оновчтой арга хэмжээ биш. Бид шинжлэх ухааны талаас нь бодож арга хэмжээг төлөвлөх ёстой.Урьдчилан сэргийлэх зорилгоор вакциныг зөвхөн эрсдэлтэй бүс нутгийн малд л тарих ёстой. Өвчилсөн хойно нь, өвчтэй байхад нь вакцин хийхээр “нуугдмал” байдалд ордог. Бид үүнийг оройтож ярьж байна. Үүн дээр мал эмнэлэг, үржлийн газар буруу бодлого хэрэгжүүлж ирснийг манай бүх мэргэжилтнүүд мэдэж байгаа. Бүгдийг нь вакцинжуулна гэсэн ойлголтоор шаардлагагүй, үргүй зардал гаргаж байна. 2014, 2015 онд баруун аймагт шүлхий өвчний халдвар авсан малыг устгалгүйгээр, вакцинжуулснаар шүлхий өвчний “биологийн” голомттой болчихлоо. Хатуухан хэлбэл энэ нь гэмт хэрэг юм.

-Социализмын үед мал ингэтлээ өвчилдөггүй байсан. Тэр үед мал эмнэлэг малыг өвчнөөс яаж урьдчилан сэргийлдэг байсан юм бол?

-Хуучин 1961 онд, Хөдөө аж ахуйн хүрээлэн гэж байгуулагдаад, 1989 он хүртэл Хөдөө аж ахуйн яамны харьяанд байсан. Салбарын бодлого шинжлэх ухааны үр дүн дээр, шинжлэх ухааны онолоор, ялангуяа мал эмнэлгийн ажил өөрөө шинжлэх ухаанаар шийдэгдэх ёстой тэр хүрээндээ хийгдэж ирсэн. Хувьчлал нэрээр Монгол улс мал эмнэлгийн салбараа 1998 онд “устгасан” нь улс, орны хөгжилд томоохон саад болж байгааг та бүхэн мэдэж байгаа. Харин ч “галыг” нь унтраалгүй мал эмнэлгийн салбарыг өөрсдийн хүчээр өдий хүртэл авч ирсэн, нуруундаа үүрч яваа хувийн мал эмнэлгийн эмч, мэргэжилтэн нар түүхэн гавьяатай хүмүүс. Ер нь бол мал эмнэлэг хаврын 17 ажил, намрын найман ажил гэж нэгдсэн бодлого, нэгдмэл төлөвлөгөөтэйгээр хийдэг байлаа. Манай улсын 60 сая мал маань хүн амын, хөнгөн болон хүнсний үйлдвэрийн хүнсний болон хүнсний бус түүхий эдийн бааз нь болж байна. Тэгэхээр Монгол улсын шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийн бодлогын цөм нь хөдөө аж ахуйг хөгжүүлэх шинжлэх ухаан байх хэрэгтэй байна. Энэ утгаараа бүтцийн, зохион байгуулалтын, менежментийн томоохон өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй гэж боддог. Монгол улсын бүх мал өвчилсөн гэж ойлгох нь буруу, харин өвчлөх, халдвар авах, мал, амьтны өвчин тархах эрсдэл маш өндөр болсон, энэ нь зарим өвчний гаралт, тархалтаар илэрч байна гэж үзээд Монгол улс чадвартай, мэдлэгтэй, мэргэшсэн, хүчтэй, цогц үйлчилгээтэй мал эмнэлгийн салбартай болох бодлогыг Засгийн газар маш богино хугацаанд хэргэжүүлмээр байгаа юм.

-Манай эрдэмтэн, судлаачид шүлхий, мялзан зэрэг халдварт өвчний вакцины технологийг дотооддоо бий болгох боломжтой юу?

-Хонины цэцэг өвчний вакциныг Монголд хийж байгаа боловч хүчин чадал нь хүрэлцэхгүй байна. Шүлхий өвчний хувьд мал эмнэлгийн хүрээлэн толгойлон технологийг нь боловсруулж, гаднаас массыг нь авчраад эндээ концентраци бэлтгэх боломжтой болсон. Удахгүй баталгаажилт нь явагдана. Мялзан өвчний вакцины хувьд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын хөтөлбөрийн хүрээнд шийдэх асуудал байгаа юм.

-Та лууль, шарилж, ургамлын тос, халгайгаар мал эмнэлэгт хэрэглэгдэх боломжтой эм, тэжээлийн судалгаа хийж байгаа юм байна. Эдгээр эмүүдийг инновацилж, амьдралд нэвтрүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Өндөр технологи гэдэг бол тухайн газар нутагтаа өндөр бүтээмж гаргаж байгаа зүйлийг л хэлдэг. Монголд тохирсон “өндөр” технологийг хайх ёстой. Энэ үндэслэлээр эдгээр технологиудыг боловсруулахдаа нэгд, аль болох манай түүхий эд байх, хоёрт, дэд бүтэц элдэв зүйл шаардахгүй байх ёстой гэж бодсон. Энэ ч үүднээс лууль, халгайгаар хийсэн нэмэлт тэжээлийг гар аргаар хийх боломжтой. Энд ажиллах хүч, ажлын байр л хэрэгтэй. Бидний санал болгож байгаа эмнүүд бол малын тэсвэрт чанарыг сайжруулах, дархлааг дэмжих, төлийн өвчний үед хэрэглэх боломжтой. Дархлаа сайтай мал ямар ч өвчнөөр өвчлөх, улмаар халдварлах нь тун цөөн тул сэргийлэх зарчмаар малэмнэлгийн эмийн асуудлыг шийдэх нь чухал байна. Манай улсад хогийн ургамал буюу хөл газрын ургамал гэж нэрлэдэг харшил үүсгэж, хотын өнгө үзэмжийг “муухай”харагдуулдаг, биологийн талаас амьтны идэмж муутай лууль гэж ургамал бий. Энэ ургамлыг судлаад үзэхээр исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй флаваноидын нэгдлүүд гэж бодис агуулагддаг. Энэ бодис нь бүх төрлийн үрэвслийн явцыг дарангуйлж, дархлааны чадварыг дээшлүүлэх үйлчилгээтэй. Үүнийг Энэтхэг, ОХУ-ын эрдэмтэд тодорхой хэмжээгээр судалж эхэлж байна. Цаашид энэ түүхий эдийг авах ёстой хугацааг нь тогтоож, энэ бодис хамгийн их байдаг үед нь аваад эмийн бэлдмэл хийе гэсэн. Үүнээс гадна халгайн түүхий эдэд суурилсан,төрөл бүрийн эрдэс бодисоор баяжуулсан малын тэжээл хийх технологийг инновацийн төсөл хэрэгжүүлж байна. Хуучин хөдөөний айлууд зоодой гэж хийдэг байсан. Түүн шиг халгайнд давс, эрдэс болон уурагт бодис нэмээд зоодой шиг хэлбэржүүлнэ гэсэн үг. Малын тэжээл, устай хольж өгч болно, мөн дангаар нь өгч болно. Ер нь манай орны хувьд малыг угтуулан тэжээх нийтийг хамарсан ажлыг бодлоготойгоор зохион байгуулвал илүү үр дүнд хүрнэ. Намрын тарга хүчийг алдагдуулахгүйгээр, 10, 11 сараас эхлэн тусгай горимоор тэжээгээд өгөхөөр мал тарга хүчээ сайн хамгаалж чадна. Ингэх юм бол малын тэсвэрт чанар нь сайжирч, дархлааны чадвар нь хадгалагдан, өвчин, эмгэгт өртөхгүй зэрэг эерэг сайн талтай.

-Та урьд нь бас царцааны гаралтай түүхий эдээр малын эм бэлтгэж байсан. Эдгээр эмүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ямар технологи шаардлагатай вэ?

-Царцааны бэлдмэлийг 1993 онд гаргаж, нийтэд хэрэглэж ирснээс хойш 24 жил болж байна. Хүн эмнэлэгт хэрэглэх нь 30 мл савлагаатай, мал эмнэлэгт хэрэглэх нь 100 мл савлагаатайгаар царцааны бэлдмэлийн цехэд үйлдвэрлэгдэж байгаа. Царцааны гаралтай бэлдмэл нь энгийн үгээр хэлэхэд уушгины жижиг гуурсан хоолойн бөглөрлийг багасгаж, түүний агшилтыг сайжруулснаар уушгинд янз бүрийн байдлаар хуримтлагдсан цэр зэргийг гадагшлуулах, хүчил төрөгчийн эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй. Амьсгалын замын өвчин, ургамлын болон тоосны харшил, астма буюу гуурсан хоолойн багтраанд хэрэглэх зориулалттай. Анх мал эмнэлэгт хэрэглэж байсан. Одоо хүн эмнэлэгт нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэх гээд явж байна. Тийм болохоор энэ түүхий эд Монголоос гаралтай гэдэг нь баталгаажсан. Цаашид гадаадад экспортлох ч боломж бий болоод байна.

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, мал эмнэлэг, үржлийн газраас энэ мэт шинэ технологиудыг хэр их дэмждэг вэ?

-Мал эмнэлэг үржлийн газарт энэ бүх боломжоо би ноднин ч, энэ жил ч танилцуулсан. Дорвитой арга хэмжээ авагдаагүй байна. Ер нь бол хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээний байгууллагууд салбарын яамандаа харьяалалгүй байна. Тэгэхээр эрдэм шинжилгээний байгууллагуудаас гарч байгаа онолын үр дүн ч бай, аргачлал, заавар, зөвлөгөө, стандарт ч бай, бэлэн бүтээгдэхүүн ч бай ерөөсөө хөдөө аж ахуйн салбартаа очиж наалдахгүй, нэвтрэхгүй байгаа юм. Шинжлэх ухаан, инновацийн асуудлыг нэг бодлогоор хэрэгжүүлвэл эргэх холбоотой, өндөр бүтээмжтэй ажиллах боломж бүрдэнэ. Ганцхан минийх биш, бүхий л судлаачдын сайн, сайн бүтээлүүд, бүтээгдэхүүнүүд аль ч салбарт нэвтрэх механизм одоогоор бараг байхгүй байна. Харин шинэ засгийн газрын явуулж байгаа бодлого инноваци руу чиглэж, “хонгилын үзүүрт гэрэл харагдах” нөхцөл бүрдэх эхлэл бий болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *