Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Я .Буянжаргал: Ерөнхийлөгч зарлиг дуудах мөчид өөрийн эрхгүй огшиж “Аав, ээж минь байсан ч болоосой” гэж бодогдоод хоолой дээр юм тээглэх шиг болсон DNN.mn

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга асан Ядамсүрэнгийн Буянжаргалтай ярилцлаа.


Танд үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Та сайхан наадав уу?
-Сайн байна уу, баярлалаа. Сайхан наадлаа, та бүхэн сайхан наадсан уу.
-Сайхан наадлаа. Та энэ жил хаана яаж наадав, Эрүүл мэндийн салбарынхан хэрхэн нааддаг юм бэ?
-Би наадмын өдрүүдэд зуслан дээрээ гэр бүлийнхэн, ах, эгч, дүү нартайгаа амарсан. Манай эрүүл мэндийн салбарынхан аль ч баяр наадмын үед амралт, ажлыг хослуулах болдог. Ялангуяа, зуны цагт баяр наадам олон хоногоор үргэлжлэх үед бүх эмч, эх баригч, сувилагч, үйлчлэгч нар жижүүрт ээлжлээд гарч таарна. Байгууллагын удирдах ажилтнууд хариуцлагатай жижүүрт мөн томилогддог. Жижүүр таараагүй ч эмч нарыг утсаа нээлттэй байхыг үүрэг болгодог. Мөн хөдөө орон нутагт амрах бол яг аль аймгийн ямар суманд амрахаа маш тодорхой мэдээлдэг. Учир нь түүний амарч байгаа тухайн аймаг, суманд алсын дуудлага гарвал тэр эмч тусламжийг газар дээр нь шууд үзүүлэх зохицуулалт хийдэг. Олон хоног үргэлжилдэг баярын сүүлийн өдрүүдэд илүү туршлагатай эмч нарыг жижүүрт томилдог. Учир нь иргэд баярлаад эхний өдрүүдэд аливаа өвчний шинж тэмдгээ анзаарахгүй хүндрүүлэх тохиолдол элбэг тул баярын сүүлийн өдрүүдийн жижүүр нэлээд хүнд байдаг.
-Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн босгон дээр Монгол Улсын “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаасан танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа, юуны түрүүнд, миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлж Монгол Улсын “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнасан Монгол Улсын төрдөө маш их баярлаж байна. Би эрүүл мэндийн салбарт 35 дахь жилдээ ажиллаж байна. Намайг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” болоход аав маань надад “За миний охин салбарын тэргүүн гэдэг маш том хүндлэл шүү. Энэ чинь салбарынхаа гавьяат л гэсэн үг. Өөр салбарын хүн авч чаддаггүй юм шүү” гэж хэлээд үнсэж байсан юм.
Би “Эрүүлийг хамгаалахыг гавьяат ажилтан цолоор Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга асан Ядамсүрэнгийн Буянжаргал…” гэж Ерөнхийлөгчийн зарлиг дуудах яг тэр мөчид аавынхаа нэрийг дуудуулж байгаадаа өөрийн эрхгүй огшиж, “Аав, ээж хоёр минь байсан ч болоосой” гэж бодогдоод хоолой дээр юм тээглэх шиг болсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх алдар цол олгож байгаа хүн бүртэй халуун дотно ярьж, зураг авахуулдаг шүү дээ, тэр нь намайг тайвшруулсан.
Шагналаа аваад гарч ирэхэд гэр бүлийнхэн, ах дүү хамаатан садан, худууд, хамт ажиллаж байсан болон одоо хамт ажиллаж байгаа хамт олон, курсынхэн, багын найзууд, ОУБ, ТББ-ынхан гээд бүгд бүчээд, баяр хүргээд үнэхээр сайхан байсан.

Эрүүл мэндийн яамны удирдлагууд шагнал авсан эмч, мэргэжилтнүүдээ хүлээж авч уулзаж, хүндэтгэл үзүүлсэн.

Удаа ч үгүй, нийгмийн сүлжээгээр баяр хүргэсэн сэтгэгдлүүд постууд явсан. Салбарынхан маань маш их итгэл хүлээлгэдэг, иргэд ч их дэмжиж хүндэлж баяр хүргэж байгаа нь улам сайхан байсан. Тэр өдөр нүдний эмч Баасанхүү багш маань Эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн баатар анхны эмэгтэй эмч болсон. Би багштайгаа нэг өдөр шагнал авсандаа маш их бэлгэшээсэн.
-Шагнуулах гэж буйгаа хэзээ мэдэж, хэрхэн хүлээж авсан бэ. Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтнаар тодорсон гэдгээ мэдээд хамгийн түрүүнд хэнд дуулгасан бэ?
-Хоёр хоногийн өмнө зуслан дээр гэрийнхэнтэйгээ байж байхад Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж, баяр хүргээд, “Долоодугаар сарын 07-ны өдөр 10 цагт ордны баруун урд хаалган дээр ирээрэй” гэж хэлсэн. Баяр наадам болж байгаа тул шагнал авч байгаа хүмүүсийг хөдөө орон нутагт явчих байх гэж арай эрт мэдээлэл өгсөн байх аа.
Тухайн үед манайд дүү нар, хүүхдүүд шуугилдаж байж байсан тул би “26”-тай төрийн байгууллагын утасны дуудлагыг гадаа гараад сонссон. Би эргэж орж ирээд “Хөөе, Чимээгүй байж бай даа” гэхэд тэд хоромхон зуур чимээгүй болсон. Би “Сая ЕТГ-аас залгаад намайг Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо гэж хэллээ” гэсэн. Тэд бүгд баяр хүргээд үнсээд эхэлсэн. Тэгснээ гэнэт эргээд “Ингэхэд танд хэн хэлсэн юм бэ, яг зөв сонссон уу” гээд асууцгаалаа. Надад ч нээрээ хэн нэг нь тоглосон юм биш байгаа гэсэн бодол зурс хийсэн шүү /инээв/. Маргааш өглөө нь ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга мөн утасдаж хэлээд баяр хүргэсэн.
-Та эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
-Эрүүл мэндийн салбарт 35 дахь жилдээ ажиллаж байна. Би 1988 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. Яг төгсөхөд намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдэлд хуваарилсан. Тэгээд ШШГЕГ-ын Хүний нөөцийн албаны үүдэнд сууж байхад, цэргийн хувцастай хоёр хүн “Ромбоных нь будаг үнэртсэн хүн сууж байна” гэж яриад хажуугаар өнгөрч байсан нь саяхан шиг л санагдаж байна. Дараа нь ШШГЕГ-ын Дүүрэн дэх хорих ангид эмчээр хуваарилагдаж байлаа. Гэхдээ АУДС-д элсэхдээ л эх барих эмэгтэйчүүдийн эмч болно гэсэн бодолтой байсан, оюутан байхаасаа л энэ чиглэлээр дугуйланд сурдаг байсан. Мөн биднийг хоёрдугаар курст орох жил ЕБС-ийг алтан медальтай төгсөөд, нэгдүгээр курстээ онц сурсан 10-аад оюутныг сонгож, гүнзгийрүүлсэн хэлбэрээр сургасан юм. Манай үеийнхэн тэр группийг “Онцчуудын групп” гэдэг байлаа. Би тэр группэд сурсан.
Мөн 1988 онд ЭХЭМХЭШУНТ (Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төв буюу одоогийн ЭХЭМҮТ) шинээр нээгдэж, манай төгсөлтөөс 30-аад оюутныг сонгож, зургаадугаар курст нь эх барих эмэгтэйчүүдийн эмчийн баримжаа олгохоор Нэгдүгээр төрөх (одоогийн Өргөө амаржих газар)-д бэлтгэсэн. Би тэдний дунд сонгогдож эх барих эмэгтэйчүүдийн эмчийн баримжаа олгох сургалтад сурсан. Энэ бүгд нь магадгүй надад сонголт хийх боломж, давуу талыг бий болгосон байх аа. Тийм ч учраас ЭХЭМҮТ-д эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллах хүсэлтээ бичээд, тухайн үеийн Данзан захиралтай очиж уулзсан. Данзан захирал миний дипломыг үзээд, намайг хүүхдээ 9 сар болгоод хүрээд ир гэсэн. Гэтэл Данзан захирал солигдоод, Малчинхүү багш маань ЭХЭМҮТ-ийн захирал болсон байсан. Би дахиад “Данзан захирал намайг хүүхдээ том болгоод ир гэсэн юм аа” гээд Малчинхүү захиралтай уулзсан. Багш надад “Шинээр ажилд авах эмч, мэргэжилтнийг захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлж шийднэ” гэсэн. Тэр үед хүүхдийн анагаахын хичээл зааж байсан Малчинхүү багш, Энхжаргал багш нар маань ЭХЭМҮТ-ийн захирлууд байсан тул оюутнаа мэддэг байсан байх аа, намайг дэмжсэн.
Тэр үед ЭХЭМҮТ дөнгөж байгуулагдсан, олон шинэ залуу эмчтэй байсан тул хагас жил тутамд биднээс онолын болон дадлагын шалгалт авдаг, мөн долоо хоног бүр ямар нэгэн мэдээлэл ном уншиж товчлол хөтлүүлдэг байсан. Түүнийг зөвлөх эмч Жанчив тав дахь өдөр бүр шалгаж, сүүлийн хуудас дээр нь гарын үсэг зурдаг байлаа. Энэ нь залуу эмч нарыг онолын мэдлэгтэй болгох, шинэ мэдээлэл эрэлхийлдэг болох, ур чадвартай эмч болоход их нөлөөлсөн. Манай гэрийн цонхоор ЭХЭМҮТ харагддаг байсан. Намайг жижүүрт хоносны маргааш хүүхдүүд маань цонхон дээр суугаад ээжийгээ хүлээдэг байсан гэж ярьдаг юм.
-Та яагаад энэ салбарыг сонгосон бэ?
-Би Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит 10 жилийн сургуулийг төгссөн. Намайг 10-р ангид байхад аав Ленинград руу сургалтад явсан байсан. Аавыг эзгүй үеэр ээж маань хүнд өвдсөн. Би ээжийгээ сахиад шөнө сууж байхад ээж надад “Миний охин эмч болоорой. Айлын хүүхдүүдэд нэг эмч заавал байх хэрэгтэй” гэж хэлсэн. Би уг нь онц сурдаг, миний өмнө гадаад дотоодын бүх сургууль нээлттэй байсан. Физик, математикт их дуртай, бүх олимпиадад ордог байсан. Гадаад явж инженер болох л сонирхолтой хүүхэд байлаа. Аав удалгүй Ленинградаас ирсэн. Би ч сургуулиа төгслөө.
Би Сэлэнгэ аймагтаа сурлагаараа нэгт жагсаж, хуваарь авахаар аавтайгаа сургуулийн урт коридориор алхаж байхдаа “Ааваа, би гадаад явмаар байна аа” гэж хэлсэн. Аав надад “Ээжийгээ хуурч болохгүй ээ” гэсэн. Захирлын өрөөнд орсон зөндөө багш дарга нар сууж байсан. Захирал “Манай Буянжаргалд бүх сургууль байна. Гадаадын бүх хуваарь байна“ гэсэн. Гэхдээ тэр жил Сэлэнгэ аймагт гадаадын анагаахын хуваарь ирээгүй юм. Байсан бол тэрийг л авах байсан. Аав “Охиноо эмч болгоно оо. Ээж нь хүссэн юм аа” гэсэн. Захирал “Анагаахын сургуульд заавал конкурс (элсэлтийн ерөнхий шалгалт) өгнө. Харин гадаадын сургуулиудад зөвхөн хэлний шалгалт л өгнө” гэж тайлбарласан. Аав “Зүгээрээ” гэж хэлээд, тэгээд л бид хоёр Монгол Улсын АУДС-ийн Эмчилгээний анги сонгож, конкурс өгсөн.
-Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?
-Эмч хүн үнэхээр сайхан шүү. Эмчийн мэргэжил хариуцлага ихтэй боловч маш их хүндлэл хүлээдэг мэргэжил. Ямар ч алдартнууд, сайд, дарга, настан буурлууд бүгд л “Эмчээ, та гэж” хүндэтгэж харьцдаг. Манай эмзүйн Чойжамц багш бидэнд хичээл орох бүртээ “Төгсөнгүүт л Эмчээ та гээд дуудуулаад ирэхээр онгирч сагсуурч огт болохгүй шүү” гэж байнга хэлдэг байж билээ.
-Та Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргаар ажиллаж байсан. Энэ бол хамгийн шуурхай ажиллах ёстой алба шүү дээ. Та удирдах үедээ юунд хамгийн их анхаардаг байсан бэ?
-ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар голдуу эрэгтэй дарга нартай байсан. Энхбат, Жамбалжав, Эрхэмбаатар, Гончигдорж, Мөнхбат гэх мэт. Манай ЭТГазар нь Монгол Улсын эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, зохион байгуулж, оношилгоо эмчилгээний стандарт, заавар, журам, удирдамжийг боловсруулж мөрдүүлэх, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах асуудлыг хариуцдаг маш хариуцлагатай газар. Аливаа өвчин, нийтийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хэрхэн шуурхай үзүүлэх вэ гэдгийг шийдвэрлэдэг. Оношилгоо, эмчилгээнд шинээр нэвтрүүлэх арга аргачлал, шинэ технологийг нэвтрүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх, дэвшилтэт туршлагыг нутагшуулахад чиглэсэн үйл ажиллагааг явуулна.
Бид нийтийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдвар, цар тахлын үед тухайн халдварын тархалтыг хязгаарлах, оношлох эмчлэхэд анхаараад зогсохгүй, эмнэлгийн бусад тусламж үйлчилгээг хугацаа алдахгүй, тасралтгүй, тэгш хүртээмжтэй үзүүлэхэд анхаарч ажилласан.
-Өнгөрсөн 2-3 жил эрүүл мэндийн салбарынхны хувьд амаргүй байлаа. Одоо эргээд бодоход танд ямар санагдаж байна?
-Тийм шүү, эрүүл мэндийн салбарынханд нэлээд ачаалалтай жилүүд байлаа. Анх ДЭМБ-аас 2020 оны нэгдүгээр сарын 6-нд “БНХАУ-ын Ухань хотод шалтгаан тодорхой бус уушгины үрэвсэл бүртгэгдсэн” талаар мэдээлэл өгсөн. Бид шууд эмнэлзүйн зөвлөх багийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулж, “Шалтгаан тодорхой бус уушгины хатгалгааны оношилгоо, эмчилгээний заавар”-ыг боловсруулж, ЭМЯ-ны цахим хуудсанд байрлуулсан.
Дэлхий нийтээрээ оноосон нэр ч байхгүй, шалтгаан, эмнэлзүй, эмгэг жам, тавилан тодорхойгүй халдвартай нүүр тулсан. Иймд бидэнд бусад орноос авах туршлага, нутагшуулах ямар ч заавар, удирдамж байгаагүй. Манай зөвлөх багийн гишүүн М.Наранпүрэв эмч маань БНХАУ-д төгссөн тул Уханий эрчимт эмчилгээний эмч нартай шууд холбогдоод мэдээлэл авч байсан. Энгийн нэг жишээг дурдахад өвчтөнийг түрүүлгээ харуулж хэвтүүлэх нь уушги амьсгалах сайн байгааг Уханий эмч нар бидэнд хэлсэн тул бид заавартаа сувилгааны энэ аргыг оруулж байсан.
Бид, оношилгоо эмчилгээний зааварт ДЭМБ-ын өгсөн зөвлөмжийг суурь болгоод зогсоогүй бусад улс орны оношилгоо, эмчилгээний заавруудыг олж авч, манай оронд хэрэгжүүлж болох үйл ажиллагааг нь зааврууддаа тусгаж байсан. БНСУ, БНХАУ, Тайланд, Вьетнам, ОХУ-д сурч төгссөн эмч, мэргэжилтнүүд чиглэл чиглэлээрээ хамт сурч байсан эмч, багш нар, мэргэжлийн нийгэмлэг холбоодтойгоо холбогдож мэдээлэл авч, туршлага судалж, удирдамж зааврыг тухай бүрт нь шинэчлэн боловсруулж байсан.
ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нэг орой бид нар дээр орж ирээд, “Та бүхнийг ДЭМБ-ын зөвлөмжийг мөрдөөрэй” гэж хэлсэн. Би “Тийм ээ, бид нар ДЭМБ-ын зөвлөмжийг үндэслэж байгаа. Гэхдээ бас ОХУ, БНХАУ, БНСУ, Тайланд, Вьетнам, Сингапур гээд улсуудын удирдамж, зөвлөмжүүдийг бас уншиж, шинэлэг зүйлийг авч, оношилгоо эмчилгээний заавар, удирдамж, зураглал, бүдүүвч, эмнэлэгт хэвтүүлэх, эмнэлгээс гаргах шалгуурыг тодорхой боловсруулж байгаа. Манай эмнэлзүйн багт ажиллаж байгаа зөвлөх эмч багш нар бүгд орос, англи хэлтэй, бас зарим нь хятад, солонгос хэлтэй, мөн Вьетнамд төгссөн эмч ч байгаа” гэж хэлээд, ширээн дээр байсан улс улсын заавруудыг үзүүлсэн. Тэгэхэд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица манай зөвлөх эмч нарыг биширч билээ.
Дашрамд хэлэхэд оношлуурыг ч гэсэн манай улс анх хэрэглэж чадсан дэлхийн цөөхөн орны нэг. Манай ХӨСҮТ-ийн вируслогийн лабораторийн эрхлэгч Дармаа гавьяат Япон, Австрали зэрэг улсын вируслогчид руу и-мэил бичиж, Японоос эхний 200 оношлуурыг оруулж ирэх боломжийг бүрдүүлсэн. Манай ТЗУГ-ын дарга байсан Б.Цогтбаатар дарга маш их зүтгэл гаргасан.
Мэдээж, бүх юм төгс дардан байгаагүй бидэнд бэрхшээл тулгарч байсан, маш их сургамжтай зүйл гарсан. Бид алдаа гаргахгүй байхыг хичээж байсан. Дандаа магтаал дунд байгаагүй, шүүмжлэл, доромжлол ч цөөнгүй байсан.
-Эмч хүнд байх ёстой эрхэм чанарыг та юу гэж хэлэх вэ?

-Би жирийн эмч, жирийн төрийн албан хаагч. Хүн жудагтай, үнэнээрээ байх ёстой гэж боддог. Эмч хүн аливаа шийдвэрийг сэтгэлийн хөөрлөөр биш, нотолгоонд тулгуурлаж шинжлэх ухаанд үндэслэж гаргадаг байх ёстой. Иймд маш их унших хэрэгтэй. Худлаа мэдэмхийрч огт болохгүй. Эмч хүн зөвхөн сайн эмч байхын тулд сайн судлаач, сайн зөвлөгч, сайн багш, сайн найз туслагч байх хэрэгтэй. Намайг эмч болоход ээж маань “Эмч хүн ааш сайтай байх хэрэгтэй” гэж хэлж байсан. Би багш ахмад эмч нараараа мөн үеийнхнээрээ бас залуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээрээ бахархдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *