“Elle” сэтгүүлээс дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй эмэгтэйчүүдээс хамгийн гоё, ганган гутал өмсдөг олны танил 10 эмэгтэйг нэрлэхийг хүсч, фэйсбүүкийн тусламжтай санал асуулга явуулжээ. Энэхүү санал асуулгыг Их Британийн “Spice girls” хамтлагийн гишүүн, загвар зохион бүтээгч Викториа Бекхэм тэргүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Санал асуулгад оролцсон 20 мянган хүний 87 хувь нь “Викториа Бекхэм үргэлж хамгийн гоё, ганган, стильтэй гутал өмсдөг. Дэлхийн ихэнх эмэгтэй түүнд атаархдаг” гэж хариулжээ.
Викториа Бекхэмийн хувьд намхан ултай гутал тэр бүр өмсдөггүй бөгөөд ихэвчлэн өндөр өсгийтэй гутал өмсдөг билээ. Тэрбээр “Elle”сэтгүүлд “Би өндөр өсгийт өмсөөгүй үедээ анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Өндөр өсгийт өдөржингөө өмсөхөөр хөл их өвддөг. Үнэнийг хэлэхэд золиос, өвдөлтгүйгээр сайхан харагдах боломжгүй” гэж хэлжээ. Санал асуулгын дараагийн байрт дуучин Женнифер Лoпec, гүнж Кейт Миддлтон, дуучин Гвен Стефани, загвар өмсөгч Миранда Керр нар орсон байна.
Викториа дээрх санал асуулгаас гадна Их Британийн нөлөө бүхий 100 эрхмийн 11-т жагссан бол нөхөр Дэвид Бекхэм нь гуравдугаар байрт жагсчээ.