Уншигч та бүхэндээ Бразилийн зохиолч Пауло Коэльогийн “Вероника үхэхээр шийдсэн нь” номын тухай товчхон хүргэж байна. Энэ романд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ердөө долоо хоног өнгөрүүлэхдээ сэтгэл зүйн асар их шалгууртай тулгаран тэмцэж буй залуухан бүсгүйн тухай гардаг юм.
“1997 оны арваннэгдүгээр сарын 11-нд Вероника амьдралтай тооцоо хийхээр эргэлтгүй шийджээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн сүмд хөлсөлсөн өрөөгөө хичээнгүйлэн цэвэрлэж, шүдээ угаан, орондоо орлоо”. Зохиол ингэж эхэлдэг. Вероника хэмээх хорин дөрвөн настай үзэсгэлэнтэй эмэгтэй нар мандахыг ахиж харахгүй хэмээн гэнэтхэн шийдээд л атга дүүрэн нойрны эм уучихдаг. Ингээд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ухаан орно. Түүнд ажил мэргэжил, найз нөхөд, аав ээж гээд бүх юм байсан боловч нэг л зүйл дутуу санагддаг байлаа. Харин амьдралаас чухам юуг хүсээд буйгаа өөрөө ч мэдэхгүй байв. Түүний ухаан орсон эмнэлэг бол 1911 онд Словени тусгаар тогтнолоо олсноос хойш ажиллаж эхэлсэн “Вилетте” хэмээх сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүст зориулсан эмнэлэг. Олон жилийн ял авах хэрэг хийсэн эсвэл мөнгө зээлдэгчдээсээ зугтаж буй хүмүүс энд бүгж болдог байв. Ингэхийн тулд мөнгө төлөхөд л хангалттай. Энэ хананы цаана буй хүмүүсийн дийлэнх хувийг сэтгэл мэдрэлийн өвчтөнүүд бус өөрийн хүсэлтээр ирсэн, эрүүл саруул орогногчид эзэлж байлаа. Ерөнхийдөө бол “Вилетте” нь хэн ч оргохыг хүсдэггүй “хоргодох байр” байж.
Вероникаг сэрэхэд эмч нар түүнд долоохон хоногийн нас үлдсэн гэдгийг хэлнэ. Энэ мэдээ амиа хорлох гээд бүтэлгүйтсэн эмэгтэйд сайхан сонсогдсон нь мэдээж. Эхэндээ тэр цаг хугацаа хурдан өнгөрөөд өгөөсэй, түргэхэн үхэх юмсан гэсэндээ бараг л цаг, минутыг тоолж байв. Гэтэл энэ эмнэлэгт байхдаа найзуудтай болоод зогсохгүй хайр дурлалтай учирдаг. Гэсэн ч түүнд хэдхэн хоногийн нас үлдсэн байхад амьд явах хүсэл хичнээн байгаад ч нэмэргүй байлаа. Зедка, Мари гэх хоёр найзтайгаа ярилцаж ойлголцох тусам амьдралын зарим нэг зүйлсийг ойлгож, эрх чөлөө амьд явахын хүслэнд автана. Гэхдээ тэр амьдрахын төлөө тэмцдэггүй. Гадаа хашаанд нарлаж, унтаж өдрийн ихэнхийг бараад шөнө нь дурлалт залуу Эдуарддаа төгөлдөр хуур тоглож өгөн цаг нөхцөөж үхлээ хүлээнэ. Гэвч түүний дотор хүн сэрж, ертөнцийг үзэх үзэл нь өөрчлөгджээ. Түүгээр ч зогсохгүй тэрээр өөрийгөө үзэн ядахаа больж хайрлаж эхэлсэн байлаа.
Гэтэл “Вилетте”-гийн ерөнхий эмч Игорь, Вероникаг долоо хоногийн настай болсон хэмээн худал хэлсэн байжээ. Эмчийн хийж буй судалгаанд түүний хариу үйлдэл ямар нэг байдлаар ашигтай байсан хэрэг. Залуу бүсгүйн бие нь эрүүл бөгөөд сэтгэл мэдрэлийн ямар ч гаж буруу өөрчлөлтгүй байлаа. Харин ч амьдрах хүсэл тэмүүллээр дүүрэн болжээ.
Мөн зохиолд гарч байгаа Зедка, Мари, Эдуард гурвын түүх ч нэн сонирхолтой. Энд ирэхээсээ өмнө бүгд л өөр өөрийн гэсэн амьдралтай, амьдрах, сэтгэн бодох, тэмүүлэх чадвартай, хүсэл тэмүүлэлтэй хүмүүс байсан. Гэхдээ тэд эцэст нь өөрийгөө олонхиос өөрөөр сэтгэж, өөр зүйлд тэмүүлж байгаагаа мэдэрч түүнийхээ төлөө ямар нэг зүйл хийхийг оролдоход ойр дотнынхон нь ойлголгүй “Вилетте”-д нуужээ. Коэльогийн өөрийнх нь амьдралаар сэдэвлэсэн энэхүү алдартай романаас уншигч та өөрийнхөөрөө байх эрх чөлөөг хүсэмжилж, угтан ирж буй өдөр бүр бүхнийг шинээр эхлэх боломж гэдгийг ойлгож ухаарах учиртай.
А.МӨНХЗУЛ