Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Валютын ханш цаашид тогтворжих хүлээлттэй байна

Гаалийн Ерөнхий газраас мэдээлснээр, төлбөрийн тэнцэл 2025 оны эхний гурван сарын байдлаар 616.3 сая ам.долларын алдагдалтай гарах урьдчилсан тооцоололтой байгаа аж.

Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад нүүрсний экспортын орлого буурсан нь голлон нөлөөлжээ. Нүүрсний экспортын биет хэмжээ 2025 оны эхний гурван сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 сая тонноор буурсан байна.

Түүнчлэн дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурч байгаагаас шалтгаалан нүүрсний экспортын орлого өмнөх жилийн мөн үеэс 934 сая ам.доллараар буурсан. Үүнээс үзвэл 2025 оны эхний гурван сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх онтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая ам.доллараар, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар буурчээ.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт өссөн. Тодруулбал, банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд 2024 оны дөрөвдүгээр улиралд долоо хоногт дунджаар 165.0 сая ам.доллар худалдан авах санал иржээ. Уг хэмжээ 2025 оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллараар өссөн байна. Түүнчлэн өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 88 сая ам.доллараар өсчээ.

Монголбанкнаас 2025 оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах, стратегийн ач холбогдолтой бараа, бүтээгдэхүүний төлбөр тооцоог саадгүй явуулах зорилгоор валютын дуудлага худалдааг долоо хоногт хоёр удаа тогтмол зохион байгуулав.

Энэхүү дуудлага худалдаанд ирүүлсэн саналын биелэлтийн хувь нь Монголбанкны валютын зах дахь оролцооны түвшинг илэрхийлдэг бөгөөд тус харьцаа 2025 оны эхний улиралд 80 хувьтай байгаа аж. Гэвч дээрх улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэйгээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2025 оны нэгдүгээр улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларчээ.

Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол хамтарсан арга хэмжээ авч ажиллаж буй бөгөөд гадаад валютын улсын нөөц 5.0 тэрбум ам.доллар (валютын төлбөртэй барааны импортын 5.9 сарын хэрэгцээг хангах түвшинд буюу олон улсын жишиг доод түвшнээс 2.9 сараар илүү)-т хадгалагдаж байгаа ажээ.

 

Д.ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *