Categories
гадаад мэдээ цаг-үе

В.Зеленский: Зэвсэгт хүчин зүүн болон өмнөд бүсээ хамгаалсаар байна DNN.mn

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский зэвсэгт хүчин нь өмнөд болон зүүн бүс нутагтаа Оросын армийн давшилтыг таслан зогсоосоор байгааг мэдэгджээ.

Украины ерөнхийлөгч Изюм, Донбасс, Мариуполь болон бусад чиглэлд энэ дайны хувь заяа, улс орны ирээдүй шийдэгдэнэ гэдгийг мэдэгдэлдээ онцолжээ. Мөн тэрбээр улс оронд нь цэргийн дэмжлэг үзүүлж байгаа улс орнуудад талархлаа илэрхийлж, зэвсэг өгч байгаа орнуудыг түншээ гэж тодотгожээ.

Мөн Украины арми Оросын зэвсэгт хүчин Украиныг орхин гарах өдөр ойртож байгааг харуулах болно гэж мэдэгджээ. Түүнчлэн Оросын зорилго Украины өмнөд хэсэг цаашлаад Молдавын хил хүртэл хяналтаа тогтооход чиглэж байна гэсэн мэдээлэл тархаж байгааг Зеленский онцолжээ.

Молдавын засгийн газар уг мэдээлэлтэй холбогдуулан Оросын элчин сайдыг дуудаж уулзан, Оросын арми Украины өмнөд хэсэгт бүхэлд нь хяналтаа тогтоох зорилготой гэх мэдээлэлд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Харин ОХУ зэвсэгт хүчин нь Украины боомт хот Мариуполийг хяналтдаа оруулсан тухайгаа мэдэгдсэн байна. Мөн Оросын арми одоо Украины бусад цэргийн байгууламж, хоёр дахь том хот Харьковт цохилт өгч байгаа гэжээ. Орос дэлхийн хоёрдугаар дайнд Германыг ялсан ялалтаа 5 дугаар сарын 9-ний өдөр тэмдэглэдэг учраас энэ өдрөөс өмнө Орос Украины өмнөд болон зүүн бүс нутагт илүү их газар нутагт хяналтаа тогтоохыг хүсэж байна гэж Цэргийн шинжээчид таамаглаж байна.

Энэ үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украины ерөнхий сайд Денис Шмигалийг Вашингтон хотноо хүлээн авч, Украиныг цаашид эдийн засаг, зэвсэг техник, хүмүүнлэгийн гээд хэрэгцээт бүх зүйлсээр үргэлжлүүлэн дэмжиж, Оросод илүү их шахалт үзүүлэхэд холбоотон, түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

Украины ерөнхий сайд улс оронд нь зэвсэг, Оросын эсрэг хатуу хориг, эдийн засгийг нь тогтворжуулах, Европын холбоонд гишүүнээр элсэх гэсэн дөрвөн зүйл нэн тэргүүнд хэрэгцээтэй байгааг онцолжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *