Япон Улсын Засгийн газрын 1.8 сая ам.долларын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Улаанбаатар хотын 9 дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд Нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах, хүн амыг авран хамгаалах чиг үүрэгтэй албадын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Япон Улсын Элчин сайд Игавахара Масару, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөгч Еваристэ Коуасси Комлан болон албаны бусад төлөөлөгчид оролцсон юм.
Монгол Улсын Шадар сайд УОК-ын дарга С.Амарсайхан “Сүүлийн 40 жил тохиогоогүй төмөр буюу шилэн зудыг бид энэ өвөл даван туулсан ч өдгөө хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хот төлөвлөлтийг сайжруулах, үерийн далан, хамгаалалтын байгууламжуудыг засч шинэчлэх, нэмж байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хэдий тийм боловч нийслэл хот орчимд шар усны үерээс улбаатай байгаль орчин, хөрсний бохирдлоос сэргийлэх, ундны усны эх үүсвэрийг хамгаалах, нийгмийн эрүүл мэндэд учрах эрсдэлээс сэргийлэх асуудал хурцаар тавигдсаар байна. Энэ цаг үед тус төслийг хэрэгжүүлж байгаа нь цаг үеэ олсон ажил гэдгийг онцлон тэмдэглэе. Япон чанар хийгээд гамшгийн эрсдэлийн чиглэлээрх шинжлэх ухаан, бодит үр дүнгээр баталгаажсан мэдлэг мэдээлэл, НҮБ-ын Хүүхдийн Сангийн энэ талын арвин туршлага, хүч чармайлтаар Улаанбаатар хотын ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн стандарт сайжирч, бусад аймаг, хотуудад үлгэр дуурайлал болно гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэлээ.
Тус төслийг хэрэгжүүлснээр нийслэл дэх үерийн гамшигт өртөж болзошгүй бүсүүдэд оршин суугаа айл өрх, хүн ам, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усны эх үүсвэртэй болох нийгмийн чухал ач холбогдолтой юм.
Мөн гамшгаас авран хамгаалах албадын техник тоног төхөөрөмж, хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд ОБЕГ-т өндөр бүтээлт үерийн ус зайлуулах насосуудыг нийлүүлж, үерийн эрсдэлтэй 18 бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барихын зэрэгцээ иргэд олон нийтийг мэдлэг мэдээллээр хангах чигэлээр эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 ажилтныг сургаж дадлагажуулна.