Гэнэтхэн л шатаж дэлбэрэх, шатсан нэгнээ сэтгүүлчид хамгаалсангүй гэх яриа дэгдэх болсон. Цахим ертөнцийг анзаараад байхад монголчууд бид туйлшрахын дээдийг үзүүлдэг гол дүрийн баатар болсоор удав бололтой. Энэтхэгийн эртний их сэтгэгч Нагаржунай “Зарим хэрэгт гал мэт дүрэлзвээс зохих” хэмээн “Рашааны дусал” сударт өгүүлсэн байдаг ч басхүү “Зарим хэрэгт уул мэт бат сууваас зохих” гэж сургасан байдаг. Үндэстнийхээ сайн сайхны төлөө тэмцэж, олон жил шорон гянданд хоригдсон Туркийн их яруу найрагч Назым Хикмет
“Хэрвээ би шатахгүй юм бол
Хэрвээ чи шатахгүй юм бол
Хэрвээ бид шатахгүй юм бол
Хэн энэ түнэр харанхуйг гийгүүлэх юм бэ” гэсэн асуултыг зөвхөн өөрийн ард түмэндээ ч биш хүн төрөлхтнөөс асуусан байдаг.
Уг шүлэг түрэг хэлэндээ “Хэрхэн энэ түнэр харанхуйг гэрэлтүүлэх юм бэ” гэж байдаг гэж Монголын зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд” шагналт яруу найрагч, дуун хөрвүүлэгч Д.Мөнхтөр өгүүлсэн нь утга учиртай л үг шиг санагддаг. Нийгмийн түнэр харанхуйг гийгүүлэхийн тулд хэн нэгэн шатах биш, хэрхэн яаж шатах тухай л яруухан өгүүлсэн хэрэг. Тэрнээс ямар нэг зүйл болохгүй байна гээд гудамжинд ч юм уу, олон нийтийн газар гал өрдөөд, галд өртөөд байвал гуравхан сая хүнтэй бидэнд ч хохиролтой, бас нийгэмд ч хор хөнөөлтэй. Ийм л анархи үзлээс улбаалж фашизм, нацизм толгойгоо өндийлгөх аюултай биш гэж үү. Төр засаг ч, түмэн олон ч нийгмийн аль түвшинд юу болж бүтэхгүй байгааг ухаарч засаж явбал “Хүнлэг ардчилсан” гэгдэх нийгмийн мөн чанарт тэнцэх мэт санагдана. Цөөхөн хүн амтай Монгол Улсад маань нэг хүний амь ч нэг гэхгүй нэмэртэй л юм сан даа. Хүнлэг байхын тулд хэн нэгнээ хайрлах сэтгэл, амьтнаас ялгарахын тулд оюундаа гэрэл гэгээ тусгаж дэлхийн болоод Монголын сонгодгуудаа жаахан уншмаар л байх юм даа.