Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Уул уурхайд цахиур хагалж яваа нэг ангийнхан

“Баяжуулалт” гэдэг үг сэтгэлийг нь соронздон татсан байна

Оюутан ахуй цагийн дурсамж хамгийн сайхан байдаг тухай бид ярилцдаг. Тэгвэл энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн “Ашигт малтмалын баяжуулалтын технологи”-ийн мэргэжлийн гурав дахь төгсөлтийн ангийнхныг урив. Тэдний ангийнхан уул уурхайд цахиур хагалж яваа гэдгийг сургуулийнхан нь хамт олон хүлээн зөвшөөрдөг юм билээ. Тэртээ 1995 онд манайдаа л шинэ мэргэжил болон гурав дахь удаагийн элсэлтээ авч байхад нь “баяжуулалт”-ын мэргэжил эзэмшихээр 32 хүүхэд ШУТИС-ийн хаалга татжээ. Шинэ бүхэн соньхон байдаг хойно хот хөдөөгийн салхи татуулсан залуусын сэтгэлийг соронздон татсан нь зөвхөн “баяжуулалт” гэдэг үг байсан гэхэд хилсдэхгүй. Зарим нэг нь аав, ээжээрээ зөвлүүлэн, нэг хэсэг нь уг үгсийн ид шидийг үзэхээр халуун намраар аав, ээжийгээ дагуулан хөдөө орон нутгаас нийслэл хүрээнд аяны дөрөө мултлан ШУТИС хэмээх их айлд Л.Норовсүрэн багшийнхаа ангийг сонгож байжээ. Тэдний хувьд уул уурхайн салбарын инженер болохоор сэтгэл шулуудсан нь хэзээ ч алдаа байгаагүй гэнэ. Харин ч эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаадаа сэтгэл хангалуун байгаа гэдгээ ангийнхан хэлж байсан юм. “Ангидаа бид гучуулаа байлаа” гээд дуу байдагтай адил ангидаа 32-лаа байсан тэднээс 27 нь 2000 онд мэргэжлээрээ төгсчээ. Нөгөө тав нь ч гэсэн жилийн чөлөө, жирэмсний амралтын хугацаагаа дуусгаад мэргэжлээ эзэмшсэн аж. “Ашигт малтмалын баяжуулалтын технологи”-ийн ангийнхан өнөөдөр Монгол Улсын өнцөг булан бүрт мундаг инженерүүд болон ажиллаж байгаа тухай анхны ангийн дарга Ц.Давааням, удаах ангийн дарга Б.Чинзориг, М.Мөнхбаяр, Б.Амартүвшин нар хуучилсан юм. Эл ангиас өнөөдөр ШУТИС-даа мэргэжлийнхээ дагуу эрдмийн ажлаа хийж байгаа нь доктор, дэд профессор Бавуугийн Чинзориг аж. Тэрбээр ангийнхаа залуусыг дагуулан баяжуулалтын лаборатори анги руугаа явлаа. Нэг давхрын мухарт шахуу хичээлд суудаг байжээ. М.Мөнхбаяр гэж нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан хэн ч харсан сэргэлэн гэж хэлэхээр залуу ангийнхаа хаалгаар шагайнгуутаа “Өмнөхөөс шал өөр болсон байна. Хүүе ээ, манай Ц.Оюунцэцэг багш маань хичээл орж байна” гэсээр бүгд дуу алдан багшийнхаа мэндийг мэдэн үнсүүлцгээв. Хуучин суудаг байсан ширээ сандал нь өнөө байхгүй ч сэтгэлд нь энэ анги оршсоор ирсэн гэдгийг энэ уулзалтаас харж болохоор байлаа.

Бүх үнэлгээний системээр дүгнүүлж байлаа

“Баяжуулалтын ангийн үе үеийн төгсөгчдөөс сурлагаараа өнөө хэр нь яригддаг анги бол эдний анги яах аргагүй мөн” гэдгийг Ц.Оюунцэцэг багш тодотгосон юм. “Манай анги улаан дипломтой гурав, голч дүн гурваас дээш олон оюутан байсан тухай, шинэ суурь машин байршуулаад лабораторио хичнээн сайхан болсон тухай” тэд ярьцгаасан юм. Тухайн үед эдгээр суурь машинуудыг ганц хөдөлгөж байсан нь манай Амка буюу Б.Амартүвшин байсан юм гэхэд мань эр “Битгий хүн явуулаад байгаарай” гээд ичингүйрэв бололтой доошоо харав. Харин тухайн ангийн Сангийн сайд нь анхны ангийн дарга буюу ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд гурван жил “Эрдэнэт” үйлдвэрт баяжуулагчаар ажилласан Ц.Давааням байжээ.
Бусдыгаа бодоход гурван жил том үйлдвэрт ажилласан болохоор ийн нэрлэсэн байж болох юм. Ангийнхан нь есдүгээр сарын нэгэнд хичээл орсны дараа ангийн даргаа сонгоно гэхэд “Танай ангийн дарга Эрдэнэтээс ирж байгаа” гээд хир халдаалгүй байсаар ирснийх нь дараа ангийн даргын албанд тохоон томилжээ. Ц.Оюунцэцэг багш “Манай ангийн ганц мисс охин У.Уламбаярыг М.Мөнхбаяр аваад суучихсан, сэргэлэн хүүхэд шүү” гэхэд угийн сэргэлэн Мөнхбаяр тоглоом наадам болгож “Сэргэлэндээ биш ээ царайлаг, царайлаг” хэмээн ангийнхныхаа дунд хөгжөөн дэлгэв. Ангиас төрсөн хос гэдэг утгаараа одоо ч бахархал нь болж яваа гэнэ.
Тухайн үед Оюунаа багш нь Донецкээс авч ирсэн номон дээрээсээ “… дүгээр хуудсыг уншаад асуугд” гэдэг байсны хүчинд орос монгол толь эргүүлсээр байгаад чамгүй орос, англи хэлтэй болсон тухай тэд ярьцгаасан юм. Оюунцэцэг багшийн хичээлийг түр үймүүлсэндээ хүлцэл өчин хуучин ангиараа явж тэр тэнд суугаад яагаав тэгж байсан даа гээд л халуун яриа үргэлжлүүлэн өрнүүлэх бүлгээ. Харин Оюунаа багшийн хичээл орж байсан баяжуулалтын хоёрдугаар курсийнхэн сиймхий андахгүй ээ гэсэн шиг ганц нэгээрээ танхимаас цувран гарсаар хүн үлдсэнгүй. Тэдгээр оюутнууд компьютер дээр хичээл хийж байсныг харсан Мөнхбаяр “Бидний үед ийм юм юу ч байгаагүй. Одооны дүү нар сайхан болжээ” гэлээ. Тус ангийнхан бүх үнэлгээний системээр дамжсан ганц анги байсан тухай ийн ярьцгаасан юм. Анх оюутан болж ирэхэд нь онц, сайн гэдэг дүн тавьдаг байсан бол 0-6 хүртэл муу, 7-9 дунд, 10-12 сайн, 13-15 онц гэх мэтээр 15 оноогоор дүгнүүлдэг болж сүүлд нь кредит системд шилжихэд нь төгсч байжээ. Тухайн үедээ баяжуулагчийн анги найман охинтой байсан нь Уул уурхайн сургуульдаа л хамгийн олонд нь ордог байсан гэнэ. Ангийнхаа сор болсон найман бүсгүйгээр бахархдаг байсан тухайгаа тэд ам уралдан ярьцгаах аж.  
Ангийн даргынхаа усанд орсон усыг 14 хоног уугаад муудсан юм алга
Баяжуулалтын ангийн эрхэм чанар нь эв нэгдэл, хүн чанар байсан гэдгийг хэн хүнгүй онцолсон юм. Ангийн эв нэгдэл өнөөдөр амьдрал дээр хүртэл хэрэгжиж байна. Тэгээд ч ганцхан манай анги ч гэлтгүй улс орон тэр чигтээ цаашлаад энэ жаахан бөмбөрцөг дэлхий маань эв нэгдэлтэй байх хэрэгтэй юм шүү дээ гэлээ. Энэ тухай Ц.Даваанямыг ярьж байхад М.Мөнхбаяр зэрэгцэн юм ярьж эхэллээ. Гэтэл Давааням “Мөөгий чи больчихооч дээ. Оюутан байхдаа хүний яриан дундуур орж үймүүлдэг хүүхэд байсан. Одоо хүртэл яг хэвээрээ” гэхэд Мөөгий нь “Оюутан байхад бүх хүний анхаарлыг өөртөө татах гээд байдаг байсан Давааням яг хэвээрээ. Ангийн даргын янзаараа байх шив дээ” хэмээн хариуг нь барив. Ш.Уртнасан гэж хөгжилтэй эр байсан тухай тэд ярьцгаалаа. Мань хүн багш нарыг харахад нэг гараараа нүдээ дарчихсан, нөгөө гараараа юм бичиж байгаа мэт хөдөлгөөн гаргадаг байсан ч үнэндээ гараа хөдөлгөн авьяаслагаар унтдаг байсан тухай ярив. Мөн Уртнасан, Д.Эрдэнэчулуун хоёр лабораторийн танхимд унтаж байгаад сэрээд багшийгаа айлгаж байсан тухай нь ярьсан юм. Г.Уранбат, Ш.Алтайсайхан нараас эхлээд бүгдээрээ л толгой холбон цэц булаалддаг байсан аж. Хөгжөөнтэй гэхэд дэндүү хөгжөөнтэй, гуньж, гутарч үзээгүй тийм л цоглог оюутнууд байлаа шүү дээ хэмээн бүгдээрээ ангиа магтах янзтай. Нэгдүгээр курсээ төгсөөд 1996 онд сургуулийнхаа үүднээс ЗИЛ 130 машины тэвшин дээр ачигдан Заамар руу анх алтны уурхайд ангиараа дадлагад явжээ. Анх удаа алт харж амаа ангайтал гайхацгааж байсан гэнэ. Дадлагад гарч байхад нь уурхайнхан ёмкостьтой уснаас ундандаа хэрэглэдэг байж. Зуны халуунд сэрүүцэх газар хайж явсан Давааням өнөө усанд орж сэрүүцчихээд гараад явсныг нь ангийнхнаас нь хэн ч мэдээгүй байна. Өглөө нь ангийнх нь хоёр залуу “Даагий ус уух уу” гээд ёмкостьтой уснаас хүд хүд хийтэл залгилж байхаар нь “Үгүй ээ, үгүй” гэчихээд яваад өгчээ. Дадлага дуусахын урьд өдөр “Би наад усанд чинь орчихсон” гэсэн чинь ангийнхан нь итгэхгүй ёмкость руу тонгойтол усанд палийтал гишгэсэн мөрнүүд байсан гээд хөхрөлдөв. “14 хоног тэр уснаас уулаа гээд манай ангийнхан муудаагүй. Харин ч бүгд сайн яваа” гээд Даагий нөгөө гурав руугаа хараад инээмсэглэв. Тэд нэгдүгээр курстээ ерөнхий эрдмийн хичээлээ үзэж байсан тул уурхайд очихдоо алтыг зүгээр л жоотуудаад, хүрздээд гаргаж ирээд тэврээд явчихдаг ухааны юм бодож байсан тухайгаа ч нуусангүй. Дадлага хийгээд буцахдаа нэг нэг ширхэг алтны талст хэлэн дээрээ тавьжээ. Ангийнхан нь юм ярих гэхээр алт нь унах гээд байсан тул загас мэт дуугүй явцгаасан байна.
Тэдний ангийнхнаас өнөөдөр Б.Бадамцэцэг, А.Дэлгэрмаа нар Бор-Өндөрийн уурхайд, Багануурын уурхайд П.Ариунаа инженерээр, Ш.Уртнасан Бороо гоулдад ажиллаж байгаад одоо Оюу толгойд ажиллаж байгаа гэнэ. П.Очирбат Геологийн төв лабораторийн баяжуулагч инженер, Эрдэнэт үйлдвэрт З.Мягмарсүрэн, А.Мөнхболор, Н.Батжавхаа, Т.Баярбат, М.Алтансайхан, П.Батсайхан гээд Монголын томоохон бүхий л уурхайд амжилттай ажиллаж байгаа гэдгээр бахархав. Харин ангийн анд Б.Очирбал нь АНУ-ын Финикс-д уурхайд томоохон албан тушаал дээр ажиллаж байгаа гэлээ. Ийн ярилцаж байтал Мөнхбаяр “Даагий чи уурхайд очвол уурхайн дарга болно доо” гэхээр нь мань хүн найзынхаа үгэнд орж Төв аймгийн Сэргэлэн сумын Хүдэр эрдэнэ компанийн уурхайд очоод 14 хоноод уурхайн дарга болж байсан дурсамжаа ярив. Түүнээс хойш Монгол газар компанид урилгаар очиж баяжуулах цехийн даргаар ажилласан бол Жигүүр гранд группын уул уурхай эрхэлсэн захирлаар ажиллаж байгаад өдгөө Мөнхбаярынхаа хамт хувийн компани байгуулан зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. 
“Өө. Та нар яасан өөдгүй хүүхдүүд вэ”
ШУТИС-ийн хоёрдугаар байрны жижигхэн гуанз олон удаа аминд нь орж байсан тухай ярьцгаасан юм. Өлссөн үедээ тийшээ орж 100 төгрөгөөр нойл шөл авч ууна. Мөнгөгүй үедээ муухай царайлаад ороод ирэхэд Батаа эгч үнэгүй шөл өгдөг буянтай хүн байсан шүү гээд хуучин гуанз байсан газар руугаа заалаа. Дөрөвдүгээр сарын нэгний хичээлийн өдөр гуанзанд ороод архины шилэнд ус хийгээд ширээн дээрээ тавиад ууж байжээ. Гаднаас Алимаа багш ороод ирэхээр нь “Багшаа нааш ир. Ганц татчих” гээд шилэн аяганд ус хийгээд өгчээ. Ийш тийшээ нэлээд гярхай харж байгаад өнөө уснаас балгаад тавьчихаж. Тэгснээ “Өө. Та нар яасан өөдгүй хүүхдүүд вэ” гээд эргээд алхжээ. Тэгэхэд багш төрөх дөхчихсөн байсан. Түүнээс болж тусгүй зүйл болох дөхсөн шүү гэлээ. Нэг удаа дадлагаар уурхайд ирчихээд байсны дараа жолооч нь өлгөөтэй байсан усан бууг харчихаад “Машинаа угаачихъя” гээд өнөө усан буугаар машин руугаа буудтал бүхээгийг нь тэр чигт нь хуу хамаад явчихсан хөгжилтэй дурсамж хуучлав.
Нэгдүгээр курст ирснийхээ дараа Уулын факультетийнхэн нь нэг ангийнхан шиг ойр дотно нөхөрлөж нэг цул болсон тул дээд курсийн ах нар нь халдаж зүрхэлдэггүй байжээ. Тэдний ангид газар газрын атаманууд цугласан байсан ч хичээлээ ягштал хийдэг байсны дүнд өнөөдөр бүгд ажил, амьдрал аль алинд нь толгой өндөр яваа юм билээ. Атаман байлаа гээд дээрэлхүү зан гаргаж байгаагүй гэдгээ тэд чин сэтгэлээсээ хэлсэн юм.


Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын гарын шавь болсон азтай залуу
Ангийн онц сурлагатан Б.Чинзориг “Хаана ч очсон манай ангийнхан байдаг. Аль ч уурхайд бүгд инженер, даргаар ажиллаж байдаг тул илүү зардал гаргаад буудалд байрлах ч шаардлага гардаггүй. Харин ч манайд ирсэнгүй гээд сүүлд нь бөөн гомдол болдог” гэв. Тэрбээр “Богино конуст гидроциклоноор хүдэр баяжуулах боломжийн судалгаа” сэдвээр техникийн ухааны, 2002 онд “Монгол Улсын Эрдэс баялгийн цогцолборын удирдлага зохион байгуулалтын бүтцийн шинжилгээ” сэдвээр үйлдвэрлэлийн менежментийн магистрийн зэрэг хамгаалсан байна. Харин 2011 онд “Тогтвортой хөгжлийн хэв шинж, загварын судалгаа” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Мэргэжлийнхээ чиглэлээр “Алтны хүдэр баяжуулах технологийн үндэс” номыг Австрали, Монголын эрдэмтэдтэй хамтран бичиж, хэвлүүлсэн бол эрдэм шинжилгээний олон бүтээл туурвисан гэнэ. Тэрбээр сургуулиа улаан дипломтой төгссөн тул сургуулиас нь магистрийн зэрэг хамгаалах урилга өгчээ. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон “Чи магистрийн урилгатай ирсэн бол цааш суралцах хэрэгтэй. Дэмжинэ” гээд буцаад суралцуулахаар болжээ. М.Пүрэв-Очир багш нь сургуульдаа үлдээх сонирхолтой байгаагаа сургуулийнхаа хамт олонд хэлжээ. Чинзориг 2004 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын шавь болж, докторт бэлдэж эхэлсэн байна. “Тогтвортой хөгжлийн хэв шинж, загварын судалгаа” сэдвээр энэ чиглэлд Монголдоо анхны судалгааг хийж байжээ. Тэрбээр багшийнхаа талаар “Очирбат багш хүн сургах өвөрмөц аргатай” гэсэн юм. Би чинь Очирбат багшийнхаа шавь болсон азтай залуу, ховорхон хувь тохиолын эзэн шүү дээ хэмээн багшаараа болон өөрөөрөө бахархан суусан юм. Түүний ширээний ард анхны Ерөнхийлөгчийн зураг залраастай байсны утга энэ байлаа.

“Чи наад зэрлэгүүдээ аваад зайл”

Ангиараа шинжлэх ухааны доктор, профессор С.Гэрэлтуяа багшаасаа айдаг байсан бол Ц.Оюунцэцэг, Г.Бадамхатан, М.Пүрэв-Очир, Б.Алтантуяа, Ц.Туяа, Ц.Цэрэндулам, Ш.Халтар, Ш.Цэвээндорж зэрэг олон эрдэмтдээс номын дуу сонсож явснаа их хувь тохиол хэмээн бэлгэшээдэг юм байна. Тэд лаборатори 1, 2 гэсэн ангид хичээллэдэг байсан бөгөөд өнгө муутай ангиа будах будаггүй ч шөнөжин угааж байгаад өглөө нь шил толь мэт гялалзсан ангид хонхны баяраа тэмдэглэж байжээ. Тэдний ангийн залуус хөдөлгөөнтэй тул хонхны баяраар бужигнуулах байх даа гэж бүх багш нар ярьж байсан ч хамгийн үлгэр жишээ байж захирлаасаа хүртэл талархлын үг сонсож байснаа бахдан ярьсан юм. Энэ үеэр анхны ангийн дарга Ц.Давааням Цэдэндорж багш дуудахаар нь яваад ортол “Чи наад зэрлэгүүдээ аваад зайл” хэмээхэд чихнээс нүүр хүртлээ улайж байснаа дурссан билээ. Зарим үед ангийнх нь залуус сургуулийнхаа ариун цэврийн өрөөг дотроос нь түгжээд тоглоод суудаг байж. Багш нар нь хүртэл ариун цэврийн өрөөнд орж чадахгүй аргаа бардаг байсан тухай дурсав. Монгол орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцон яваа нэг ангийнхны дурсамж энэ мэтээр хөвөрнө.
Сургууль төгсөх жил “Энэ хэдэн охид минь яана даа. Эрэгтэй хүмүүсийн дунд явсаар байгаад эрэгтэй хүнээс ялгаагүй болчихлоо” гэж санаа зовдог байжээ. Одоо гэтэл бүгд сайхан гэр бүл, сайхан ажилтай хангалуун амьдарч байгааг хараад баярладаг шүү гэдгээ хэлцгээсэн юм.
Ангийг хамгийн нягт болгодог зүйл дадлага байсан тухай ярьцгаав. “Хэн нь хэн бэ гэдэг нь дадлагын үед л ил болдог юм даа тиймээ хө” хэмээн Мөөгий Даагий руу жоготойхон хараад инээд алдав. Хоёрдугаар курстээ Лайхансүрэн багшийнхаа хичээл дээр ангиараа курсийн ажил хийхээр болжээ. Тухайн үед компьютер, бичгийн машинаар бичсэн курсийн ажлыг авахгүй гээд заавал гараар бичсэнийг нь авдаг байж. Учир нь инженер хүн өөрийн штомбтой байх ёстой гэж үздэг байсан гэнэ. Олон хүн дотор хичээл хийдэг, хийдэггүй хүн байдаг ч гэсэн шалгалтын үед багшаас дүн гуйхгүй бор зүрхээрээ зүтгэж байгаад ард нь гардаг байжээ. Тухайн сэдвээ ягштал ойлгож аваад ороход ямар ч багш онц дүнгээ харамлаж чаддаггүй байсан гэнэ. С.Гэрэлтуяа багш нь нэг удаагийн шалгалтан дээр Б.Чинзоригоос асуулт асууж онц тавихынхаа өмнөхөн “Шохойн чулууг юунаас гаргаж авдаг юм” гэхээр нь багшийгаа тоглож байна гэж ойлгоод инээгээд бостол “Үүнийг мэддэггүй юм уу” гээд шууд сайн тавьж байжээ. Тухайн үед багшийн өөдөөс тайлбар хийх эрхгүй тул дуугүй гарч байсан бол ангийнх нь нэг залууг асуултаар булж байгаад “Төлбөр чинь хаанаас хийгддэг вэ” гэхэд нь “Эрдэнэтээс” гэтэл “Шороо цацаад өгнө дөө” гээд гаргасан байна. Дараагийнх нь шалгалтаа өгөхөөр ортол “Төлбөр чинь хаанаас хийгддэг вэ” гэж асуухаар нь “Хувиараа” гэжээ. Гэрэлтуяа багш “Ингэж байхаар Эрээн рүү наймаа хийж байхгүй яасан юм” гэсэн байна. Энэ мэтчилэнгээр тус ангийнхны хөгжөөн наргиан, оюутан ахуй цагийн гэрэл гэгээт дурсамжууд дуусахгүй.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *