Шог зургийг С.ЦОГТБАЯР
Ердөө хоёр, гуравхан жилийн өмнө Монгол гэдэг Азийн жижигхээн улс мөнгөтэй, баян гэж жигтэйхэн орон байлаа. Харамсалтай нь уул уурхайгаасаа баахан мөнгө олж дэлхийг дэлдийлгэсэн бидний оргил үе удаан үргэлжлээгүй. Энэ цагийн өнгөнд Монгол гэдэг улс шалдаа уначихаад байгаа нь нуух аргагүй үнэн. Иргэд нь халаас нимгэн гундуухан, ам нээвэл л зээл ярьсан төр нь мөнгөтэй орнууд руу горьдонгуй харсан шигээ зутруухан аж төрж байна даа.
Дэлхийн эдийн засаг хэцүүдсэн учраас гэсэн тайлбар Монголын хямралд хэтэрхий томдоно. Эдийн засаг халгиж цалгисан хэдхээн жилд байдгаа баруун солгойгүй цацсан учраас бид модоо барьцгаасан юм. Төр нь баян ядуу гэж ялгалгүйгээр бүх иргэндээ сар тутам мөнгө өгч тансагласныг давтаж улиглаад яахав. Тэнгэрийн оронд оччихсон хүмүүстээ хүртэл мөнгө өгч халгиж цалгисны хажууд давхийж цочихоор зүйл огт биш. Бүр арван мянган бүрлээч шүү. Тэтгэврийн доод хэмжээ 200 мянган төгрөг гээд бодоход л нийгмийн даатгалынхан сар бүр хоёр тэрбум төгрөгийг бидний татвар гэж төрд төлдөг мөнгөнөөс хулгайлсан болж таарч байгаа юм. Ийм олон хүнийг нийгмийн даатгалын хэдэн нөхөд цаасан дээр амьдруулаад, тэтгэврийг нь өмнөөс нь аваад хэнд ч мэдэгдэхгүйгээр өнөөдрийг хүрчихэж.
Нас барсан хүний тэтгэврийн мөнгийг иддэг алба хаагчид ингээд зогсоогүйг монголчууд сая л мэдлээ. Орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн буурлууд банкнаас зээл хүртэл авсан гээд төсөөл дөө. Диваажин гэж байдаг бол, дэлхийгээс явагсад тэнд очдог нь үнэн бол хамгийн мөнгөтэй хөгшчүүл нь Монголоос очсон хүмүүс болж таарах нь л дээ, янз нь. Бусад орны бүрлээчид нь “Танай улс ч баян юм аа, энд ирсэн хойно чинь ч гэсэн мөнгө өгөөд. Гэтэл манай улс таг” гэцгээн атаархангуй харцгаагаад л. Байж боломгүй үйлдэл хийж мөнгө идсэн нөхдийг бодохоор ийм утгагүй төсөөлөл санаанд ургаад болохгүй юм. Ийм л гашуун шогийг монголчууд бултаараа харлаа, сонслоо, гайхширлаа. Ихэнхэд нь хэлэх үг олдоогүй байх.
Иргэний бүртгэл замбараагүй, урсгалаараа яваагийн тод жишээ энэ боллоо. Эргэж харж, нягталж хянахгүй бол горьгүй нь дээ гэж хэлэхээс аргагүй нөхцөл үүсчихэж. Саяхан гурван сая дахь иргэнээ өлгийдсөн он сар ч худлаа болж таарах нь. Сард дунджаар 7000 орчим нялхас төрдөг, 1400 орчим хүн нас бардаг гэсэн багцаа таамаг дуулддаг. Орчлонгоос явагсдаа хасаад тооцохоор таван мянга гаруй гэсэн тоо гарна. Тэгэхээр гурван сая дахь иргэн маань лав л өнгөрсөн оны нэгдүгээр сард мэндэлсэн Монголжин охин биш болж таарлаа. Цаасан дээр амьдарсаар байгаа тэтгэврийн хөгшчүүлээ хасч тооцвол гурван сая дахь иргэн маань Монголжингоос хоёр сарын дараа төрсөн болж таарах нь. Тэр хугацаанд нас барсан хөгшчүүлээ өнөө тэтгэвэр, мөнгө авдаг “амьгүй албат”-ын жагсаалтад оруулчихаагүй бол шүү дээ. Оруулсаар энэ цагийг хүрсэн бол гурван сая дахь иргэн төрөөгүй ч байж мэдэх юм.
Нас барагсад нь амьдраад, тэтгэврээ аваад, өндөр шалгууртай арилжааны банкнаас зээл хүсээд, зээл нь гялалзтал бүтээд явсан юм чинь сонгуульд санал өгөх бол энүүхэнд. Ер нь ч сонгууль өгдөг болж таараад байна. Төрд байгаа хэдэн хүний хүслээр “амьдраад” яваа хүмүүс саналаа өгсөн гээд нэг эргэцүүл дээ. Ийм нөхцөлд ард түмний сонголт чин үнэн байж таарах уу. Ардчилсан сонгууль түмний сонголтоор биш төрийн тааллаар яваад байна уу даа гэж хардах шалтгаан нь бэлхнээ гараад ирчихлээ. Арван мянган “амьгүй албат”. Хардах томоос том шалтгаан.
Ингээд бодохоор энэ улсад ер нь төр гэж байна уу. Хүн, малаа үнэн зөв тоолж, сонгуулиа явуулж чадахгүй бол төр оршихын хэрэг алга мэт санагдах юм. Тэгэхээр төр өөрийгөө тогтож нэг хараад эрс шийдэмгий арга хэмжээ авах цаг ирчихэж. Төр төрөөрөө оршъё гэвэл ингэхээс аргагүй. Эхлээд цаг алдалгүйгээр иргэний бүртгэлээ амьтай, бодитой, чамбай болгоё.
Төр төрөөрөө оршиж чадахгүй байгаа жишээ өчнөөн бий. Төрийн байгууллагууд нь улс төрийн намуудын, улстөрчдийн тулааны зэвсэг болчихсоныг дээр, дооргүй л гадарладаг. Ил цагаандаа гарчихсан учраас гадарлах гэдэг үг зөөлдөх байх. Ер нь тийм. Энэ долоо хоногт шуугиан болсон арван мянган “амьгүй албат”-ын дуулианы үеэр ч маш тод анзаарагдсан. Цагдаа нь нийгмийн даатгалаа хянаад байна уу, нийгмийн даатгал нь цагдаагаа хянаад байна уу гэж асуумаар үйл явдал нүдэн дээр өрнөлөө. Бэлгэ, ёсыг эрхэмлэдэг, орчлонгоос одогсдодоо хүндэтгэлтэй хандаж араас нь муу үг унагахыг хүртэл цээрлэдэг монголчуудын санаанд багтамгүй энэ хэргийг илрүүлсэн улс нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн. Уг нь тэд илрүүлсэн хэргээ зарласан юм. Дараахан нь нийгмийн даатгалын хэсэг ажилтан “Бид буруугүй. Цагдаагийнхан л хуурамч бичиг баримтаар дөчин сая төгрөгийн тэтгэвэр авсан” гэсэн агуулгатай мэдэгдэл хийж харагдсан. Хэн нь хэнээ хянаад байгаа юм бүү мэд. Зүй нь цагдаа нь нийгмийн даатгалаа…. За ингэсгээд орхиё. Зэрэгцээ өрнөсөн энэ мэдэгдлүүдээс бидэнд хамаатай нэг том зүйл байгааг л эргэлзэхгүйгээр мэдэж байна. Төрд алба хаадаг, тодорхой эрх эдэлдэг хүмүүсийн халаасанд хууль бусаар орж байгаа төгрөг бүр биднийх. Тодруулж хэлбэл цалингаа аваад, баялаг бүтээгээд явж байгаа хүмүүсийн татвар гэж төрд өгдөг мөнгөнөөс төрд ажилладаг хэд нь хумслаад байна. Уг нь бидний төрд өгсөн мөнгө хүүхдэд минь сургууль, цэцэрлэг, цаашлаад яривал зам, гүүр, эмнэлэг гээд тухтай амьдрах орчинд минь нөлөөлөхөөр зүйлсэд зарагдах учиртай юм.