Categories
мэдээ соёл-урлаг

Утга зохиолын салбарын нобелийн шагналын эзнээр япон гаралтай, Британийн зохиолч тодров

Зураг“Өдрийн үлдэгсэд” болон бусад романаараа 2017 оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг япон гаралтай, Их Британийн зохиолч Казүро Ишигүро хүртэхээр болсныг Шведийн ШУА мэдэгдлээ.

К.Ишигүро нь 1954 оны 11 дүгээр сарын 8-нд Японы Нагасаки хотод төрсөн бөгөөд түүнийг 5 настай байхад нь тэднийх Их Британи руу шилжсэн байна. 1970-аад оны сүүлчээр тэрбээр Кентийн их сургуулийг англи хэл, гүн ухаан судлалын чиглэлээр дүүргэж, дараа нь Зүүн Английн их сургуульд утга зохиол судлалын чиглэлээр сурсан байна.

Тэрбээр 1982 онд “Цайвартан харагдах толгод” нэртэй анхны романаа хэвлүүлж байжээ.

Энэ оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг түүнд авчрахад гол нөлөө үзүүлсэн “Өдрийн үлдэгсэд” романд хааны ордны үйлчилгээний албыг хариуцан ажилладаг хөгшин британи даамал өөрийн өнгөрснөөс өнөөг хүртэлх амьдралаа дурсан санаж байгаа болон дэлхийн II дайнаас өмнөх язгууртнуудын амьдралын тухай өгүүлдэг байна.

Тэрбээр зохиол бүтээлүүддээ юунаас ч үл хамааран үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг бөгөөд гол төлөв хүний дотоод сэтгэлийн мөн чанар, өнгөрсний тухай, өнгөрсөнд ямар байсан хүмүүс өнөөдөр чухам хэн болоод байгаадаа гайхширч буй тухай, хүмүүс бид өөрөө өөрийгөө яаж хуурдаг тухай бичдэг ажээ.

Шведийн ШУА-аас өчигдөр гаргасан мэдэгдэлд “К.Ишигүро нь хүний сэтгэлийн хүч, сэтгэл хөдлөлийг гайхамшигтайгаар илэрхийлэн гаргадаг гарамгай зохиолч юм. Бид хорвоо ертөнцтэй харилцахдаа хэрхэн өөрийгөө хуурдагийг тэрбээр “илрүүлэн” бичиж чаддаг” гэжээ.

Шведийн зохион бүтээгч Альфред Нобелийн гэрээслэлээр фикик, хими, биологи-анагаах ухаан, утга зохиол, энх тайван ба эдийн засаг гэсэн зургаан салбарт ололт амжилт гаргасан хүмүүст Нобелийн шагналыг 1901 оноос буюу одоогоос 116 жилийн өмнөөс эхлэн жил тутам олгодог болсон байна.

2017 оны Физикийн салбарын Нобелийн шагналын эзнээр Альберт Эйнштэйний таамаглаж байсан татах хүчний долгион байдгийг туршилтаар баталж чадсан Америкийн гурван эрдэмтэн, Химийн салбарын Нобелийн шагналыг биомолекулыг хөдөлгөөн дунд нь хөлдөөж, урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй молекулын үйл хөдөлгөөнийг харах боломжийг судлаачдад олгосон крио-электрон микроскоп зохион бүтээсэн Швейцарь, Америк, Их Британийн гурван эрдэмтэн хүртэхээр болсон бол Биологи-анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүний бие судлалын салбарын нээлтээрээ буюу “хоногийн хэмнэлийг хянах молекулын механизм”-ыг судалсан Америкийн гурван эрдэмтэн хүртэхээр болоод байгаа юм.

Энх тайвны салбарын Нобелийн шагналын эзэн өнөөдөр, Эдийн засгийн салбарын Нобелийн шагналын эзэн ирэх долоо хоногийн даваа гарагт тодорно.
2016 оны байдлаар, 911 хүн Нобелийн шагнал хүртээд байгаа юм.

Нобелийн шагналыг гардуулах ёслол А.Нобелийн нас барсан өдөр буюу 12 дугаар сарын 10-нд болдог.

Энх тайвны салбарын Нобелийн шагналыг гардуулах ёслол Норвегийн нийслэл Осло хотод болдог бол бусад салбарын Нобелийн шагналыг гардуулах ёслол Шведийн нийслэл Стокгольм хотод болдог билээ.

Нобелийн шагналыг 9 сая швед крон буюу 1.1 сая ам. доллар дагалддаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *