Categories
мэдээ нийгэм

Утааны эсрэг ээж, аавууд жагсаж байна

Утааны эсрэг ээж аавуудад өнөөдөр /2017.03.18/ 13 цагаас Сүхбаатарын талбайд жагсаж байна. Нийслэл хотод хэдий утаа багассан ч утааны эсрэг жагсаалыг сар бүр зохион байгуулахыг зохион байгуулагчдын зүгээс хэлсэн юм. Тэд өмнө нь Засгийн газарт хоёр удаа шаардлага хүргүүлж, хоёр удаагийн жагсаалыг зохион байгуулсан ч ямар хариу ирээгүй учир энэ удаа Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаагаа мэдэгдэв.

“Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрөгч нэгдүгээр сарын 10-нд хуралдаж, хоёрдугаар сарын 20 гэхэд хийх ажлынх нь төлөвлөгөө хугацаатай, тоон дүнтэй гаргаад Засгийн газар боловсруулж, өргөн барих ёстой байсан. Гэтэл одоо болтол хариу өгөөгүй хэвээр байна. Засгийн газрын мэдээллийн албанаас өгсөн мэдээнд “Сайжруулсан түлш”-ээ “Боловсруулсан түлш” болгон өөрчилж, стандартыг нь өөрчилнө гэсэн байсан. Бид дэвшилтэт арга замыг хүсэн хүлээж байсан. Бидний эхний жагсаалын дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, “Агаар-Орчны бохирдол” гэдэг сэдвээр хэлэлцсэн. Үүний дараагаар үндэсний хөтөлбөрийг боловсруулах хорооныхон бүрдэж, ажиллаж эхэлсэн. Энэ бол үр дүн. Бид сар бүр төв талбайд утааны эсрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулна” хэмээн Ц.Пүрэвхүү хэлж байв.

Утааны эсрэг ээж, аавууд өнөөдөр жагсаж, “Pixel art” буюу үгний хэлбэрт орж зогсох юм байна. Ингэснээр тэд “Утааг арилга!” “Эмнэлгээ барь!” “SOS MGL” зэрэг гурван үгийг бүтээж зогсох гэнэ.

Энэхүү жагсаалд нэг үгийг бүтээхийн тулд 200 гаруй хүн нэгдэх хэрэгтэй байгаа бөгөөд ойролцоогоор 500 гаруй хүн оролцох хэрэгтэй байгаа аж. Гурав дахь үг нь англи уриа байх бөгөөд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд түгээх зорилготой гэж зохион байгуулагчид хэллээ. Энэхүү үг бүтээх арга хэмжээнд оролцсон иргэд дараа нь Засгийн газрын ордныг хоёр удаа тойрч алхан Утааг арилгах Үндэсний хөтөлбөрийг төлөвлөгөөтэй нь шаардах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *