Усны шувууд зэл татуулан ирж мөстэй усанд хөлөө дүрэн цэмцгэнэж байна. Урь унаж усны шувуу ирнэ гэдэг энэ юм.
Шувууд унаган төрөлх нутгийнхаа ааш аягийг мэднэ. Хүн сэн бол “Нутаг ширүүн таалж байх чив ээ, ингэсхийгээд дулаарч хоол хошоор бялхаж эхэлнэ дээ” гэж ярилцах сан болов уу. Тэд хол нь номхон далай гатлан 7000-аад км туулж, арай ойр нь Энэтхэгийн далай хавьцаанаас 3500 км-ийн алсаас ирж байгаа. Усны шувууд дунджаар 40 -өөд хоног, хол нь бүүр ч олон хоног нисч ирцгээдэг гэсэн. Тэд манай энд идэр ес дундаа орж жавар тачигнаж агаар тэс хөлдөн амьсгалахад хөлдүү агаар уушги руу зүү шиг шивж байхад л наашаа хөдөлж байж дээ.
Усны шувуудыг ийнхүү мянга мянган жил уйгагүй нүүдэл хийлгэх увдис Монголын их талд оршсоор ажгуу. Зэрэглээтэн мяралзах хөхөмдөг униарт талд ямархан сүнс сүлд тэднийг далай гатлуулан дууддаг юм бол. Адууны туурай нижигнэсэн, аргалын утаа цэнхэртсэн их тал дундах аягын чинээ өвсөн үүр нь тэднийг ингэж дууддаг юм уу. Аянгын дуу тачигнасан аадар ширүүн бороо тэртээ тэнгэрийн хаяанаас наашлах ч цэцэгсийн үнэрт нь мансуурам зуны дулаахан нар тэдний ээжийг нь орлон далладаг уу.
Аль эсвэл одод асгарсан хөх шөнийн тэнгэрээс зөвхөн зуны шөнө л дуулдахтай үгүйтэй сонсогддог, хэн ч үл мэддэг мөртлөө хүн болгон мэддэг юм шиг сэтгэлд бүлээн тэр зөөлөн аялгуу нааш нь чангаана уу. Тийм ээ, тэд энд их талд төрдөг, тиймээс тал нутагт минь л гэж түмэн газрыг туулан ирдэг билээ. Төрсөн нутгийн увдис гэж ийм ажгуу.