Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/-ын харьяа 16 Хэрэлэгчдэд үйлчлэх төв, 3 түгээх төвд хэмжилзүйн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийж зөрчил илрүүлжээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын даргын баталсан 02-01/84 дугаартай удирдамжийн дагуу хийсэн уг шалгалтаар 33 УДДТ, 64 аж ахуйн нэгж, 32 айл өрхийн 226 ширхэг ус, дулаан, цахилгааны тоолуурын баталгаажуулалт, ашиглалт, суурилуулалт, тоолуурын заалт бичилт, хэмжилзүйн дотоод хяналтыг шалгав.
Хяналт шалгалтын явцад аж ахуйн нэгж, айл өрхүүд усны тоолууруудаа улсын баталгаажуулалтад бүрэн хамруулаагүй, улсын баталгааны хугацаа дууссан, баталгаагүй хэмжих хэрэгслээр усны төлбөр тооцоог гүйцэтгэдэг, усны тоолуурын заалтыг сар бүр үнэн зөв бичдэггүй, хэмжилзүйн дотоод хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Мөн ”Цоз жаалууд” ХХК улсын баталгааны хугацаа дууссан усны тоолуур ашиглаж байсан зөрчлийг илрүүлэв. Тус компани 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр улсын баталгааны дууссан усны тоолуур ашиглан төлбөр тооцоо хийж байв.
Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор улсын баталгааны хугацаа дууссан усны тоолуур ашиглаж “Хэмжил зүйн тухай” хуулийн 22.1.4 дэх заалтыг зөрчсөн “Цоз жаалууд” ХХК-д “Зөрчлийн тухай” 10.24 дүгээр зүйлийн дагуу 1 сая төгрөгийн торгууль ногдуулж бүрэн барагдуулав. Улсын баталгааны хугацаа дууссан усны тоолуурыг ээлжит баталгаажуулалтад хамруулж, зөрчилгүй болгосон. ОСНААУГ-ын инженер, техникийн ажилтнуудад зориулан онлайн сургалт зохион байгуулж, дотоод хяналт шалгалтыг сайжруулах талаар албан шаардлага хүргүүлэхээр болов. Улсын баталгааны хугацаа дуусаад 3 жил болсон “Цоз жаалууд” ХХК-ний LXLG-50 загварын усны тоолуурын улсын баталгаажуулалтад хамруулж ийнхүү зөрчлийг арилгасан талаар НМХГ-аас мэдээллээ.