Categories
мэдээ нийгэм

Өршөөлөөр хуулинд ямар хүмүүс хамрагдах вэ

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Багагүй маргаан дагуулаад байгаа уг хуулийн төслийн цаана Н.Энхбаяр гэх хүн байгаа гэхээсээ илүүтэй анх удаа ял эдэлж буй залуучууд, эмэгтэйчүүдийн тухай асуудал ч бий гэдгийг хуулийнхан хэлж байлаа.

-ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛГОХООС ИЛҮҮ ЗАСЧ, ХҮМҮҮЖҮҮЛЭХ ТОГТОЛЦОО БИЙ БОЛНО

Монгол Улсад 2009 оноос хойш Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж гараагүй байдаг. Манайд мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиудыг чанга байна хэмээн шүүмжлэх нь бий. Хуулийнхны хэллэгээр хэт шоронжсон хуультай гэгддэг. Иймээс төр төмөр нүүрээ харуулсан шигээ Өршөөлийн хуулиар боломж олгох цаг нь болсон гэлтэй. Гэхдээ хэнд хэрхэн гэдгийг хуульчдын тайлбарлаж байгаагаар сийрүүлье. Өнөөдрийн байдлаар Монголд 7000 гаруй хоригдол байгаагаас 3000 орчим нь хүндэвтэр, үлдсэн нь бусад төрлийн буюу заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй хүмүүс аж.

Монгол Улсын төсвөөс жилд 12 тэрбум төгрөгийг хоригдлуудын зардалд өгдөг. Өөрөөр хэлбэл, нэг ялтанд өдрийн 10650 төгрөгийн зардлыг төрөөс гаргадаг. Жилд нэг ялтанд 200 мянган төгрөгийн хувцас тараадаг аж. Эдгээр иргэнийг нийгмээс зайлшгүй тусгаарлах шаардлагагүй хэмээн олон хүн шүүмжилдэг. Тухайлбал, ял эдэлж буй иргэдийн ихэнх танхай, залилан, жижиг хулгайн гэмт хэрэг үйлдсэн байдаг байна. Жишээ дурьдвал, иргэн Б иргэн О-гийн 10 мянган төгрөгийг хулгайлснаар Эрүүгийн хуулиар давтан хулгай хийсэн гэдэг үндэслэлийн дагуу 10 жилийн ял сонсож байсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 145.4-т урьд булаах дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд дахиад хулгайн гэмт хэрэг үйлдсэн бол 10-аас дээш жилийн ял онооно гээд заачихсан учир хуулиа л дагахаас аргагүй. Гэтэл иргэн Б дөнгөж 20 настай. Хэдийгээр хохирлоо барагдуулсан ч 10 жилийг төмөр торны цаана өнгөрүүлэхээс аргагүй. Хоёр залуу хоорондоо үл ойлголцоод, гар зөрүүлсэн тохиолдолд зодсон нь танхайн гэмт хэрэгтэн болдог зэрэг хэт хатуу хуулийн хүлээсийг зөөлрүүлэх цаг нь болсон биз ээ.

Манай улстай адил ардчилсан улс орнууд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг засч, хүмүүжүүлэх арга замыг сонгож, нийгмийн ажил хийлгэдэг бол манай улсад “ялтан” болгодог хатуу тогтолцоотой байдаг байна. Тиймээс энэ байдлыг халах нэг арга зам нь Өршөөлийн хууль хэмээн хуульчид хэлж байлаа.

-ӨРШӨӨЛИЙН ХУУЛИНД ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭД ХАМААРАХГҮЙ

Судалгаанаас үзвэл 2006 онд Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан иргэдийн 90 гаруй хувь нь дахин ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй байна. Өршөөлийн хууль хэрэгжвэл 3000 орчим ялтан суллагдах бөгөөд үүнд давтан гэмт хэрэг үйлдсэн, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ялтнууд хамаарахгүй аж. Мөн эмэгтэйчүүд, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээд хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бол тэд хуульд хамрагдана. Өөрөөр хэлбэл, хүндэвтэр гэмт хэрэгтэй хэрнээ гурван жил хүртэлх ялтай байвал суллагдана. Харин түүнээс дээш ялтай бол 50 хувийг нь чөлөөлөх юм. Мөн хуулийн ач холбогдолын хүрээнд хорих ялынхаа хэмжээ дор хаяж 20-30 хувь багасна.

Эдүгээ 70 хувьтай байгаа рецедив, давтан гэмт хэрэг нь буурна. Гол нь шоронгоос суллагдсан хүн, хорих ялаар шийтгүүлсэн хүнийг нийгэм нь буруутгахгүй байх боломж бий болно. Нийгэмд ядаж л давтан гэмт хэрэг гарах нь багасах юм. Ял шийтгэлтэй эсэхийг цагдаа, тагнуулынхан шаардлагатай бол хардаг байх ёстой. Түүнээс биш аль ч газар ажилд авахдаа тэр хүний ялтай үгүйг шалгах ёсгүй. Эрүүгийн хариуцлагаа бид бусдад боломж олгодог, алдсан дээр нь ахиад түлхдэггүй, нөлөөллийн урьдчилсан сэргийлэх чанартай, болохоо байсан хүмүүст нь чангахан шиг шийтгэдэг, тэрийгээ болж өгвөл засаад хүмүүжүүлээд авчихдаг.

Болохгүйгээр нь нэлээд сайн ажил хийлгэчихдэг хуультай болох цаг нь хэдийнэ болсон. Залуу насны ааг омог, буруутай үйлдэл, аргагүй хамгаалалт, насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэргээсээ болж нэг насаараа гэмт хэрэгтэн болдог хатуу тогтолцооноос салж, энэ хууль үйлчилснээр 3000 иргэн гэр бүлийнхэнтэйгээ уулзаж элгээ дэвтээх юм. Алдаатай нь түлхэж, төмөр торны цаана суулгахгүйгээр төр нь иргэндээ дахин боломж олгох нь ардчилсан улсын нэг тод жишээ биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *