Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өрхийн үйлдвэрлэлийг бус, хоёр толгойгоо эргэж баймаар

Манай төрийн өндөрлөгүүд буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хавар намартаа малчны хотонд очиж тариалангийн бүс нутгаар ажиллаж байна гээд нэг өдөр, үсрээд бүтэн хоногоор хөдөө орон нутгийг зорьдог. Энэ нь аль эртнээс уламжлал болсон ажил. Заримдаа хөдөө орон нутагт ажилласан болохын тулд тариалангийн бүс нутгаар нэг ухасхийчихдэг арга ч бий гэлцдэг. Ямартай ч малчид, тариалангийн бүс нутгаа эргэдэг дарга нарын ажлын айлчлал өнөө ч хэвээрээ байгаа. Хэдийгээр тариалан, хөдөө аж ахуйн салбар чухал ч гэлээ үнэндээ бол өрхийн үйлдвэрлэл шүү дээ. Төсөвт оруулж байгаа хувь хэмжээг нь тооцвол бүр ч ярих юм биш. Манай томчууд үүн дээр ингэж ач холбогдол өгч байхын оронд урд байгаа хоёр толгой дээрээ очоод л сууж байдаг баймаар байна. Монгол Улсын эдийн засаг, хөгжил дэвшлийг бодвол Оюутолгой, Тавантолгой дээрээ гурван дарга маань хамгаалалтын малгай тавьчихаад ээлжилж очоод байвал өгөөж нь хамаагүй дээр юм даа. Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбараас нийт төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг гэж байгаа. Хоёр толгойгоосоо хөрөнгө татаад ирвэл энэ тоо явж өгнө. Ийм л газартаа хэн нэгэн юу гэж хэлэхийг үл хамаарч, очиж үзэгдэж, анхаарал хандуулж баймаар байна. Тэгэхгүй бол яриад байсан том төсөл юу болж байгаа нь мэдэгдэхгүй мартагдлаа. Эзгүй говьд мартагдсан толгойнуудыг анхаарч байгаа хэд нь уул уурхайн компаниудыг сүрдүүлж хэдэн цаас олдог нөхөд л байна гэх юм даа. 

Э.ЭНЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *