Нийслэлийн “Өргөө” амаржих газар стандартын шаардлага хангасан түргэний шинэ машинтай боллоо. Тус машиныг Швейцарийн “Go help” хүмүүнлэгийн байгууллагын буцалтгүй тусламжаар оруулж иржээ.
Уг машин нь хүчилтөрөгч, эмийн хайрцгаас эхлүүлээд шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд манай улсад ийм төрлийн түргэний машин ховор байдаг байна. Стандартад нийцсэн тэрэгтэй болсноор хамгийн гол нь тухайн өвчтөний биеийн байдлыг бүрэн хянаад явах боломжтой болж байгаа аж.
Ийм түргэний машинтай болохыг анх УИХ-ын гишүүн О.Содбилэг санаачлан тус хүмүүнлэгийн байгууллага руу хүсэлт тавьжээ. Энэ талаар “Өргөө” амаржих газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Д.Оюунбилэг “Өмнө нь О.Содбилэг гишүүн шарлагын аппарат, дулаацуулах ширээг мөн буцалтгүй тусламжаар оруулж ирэн хандивлаж байсан. Гэр бүлийнх нь хүн болон өөрөө манай төрхөд амаржиж байсан учраас өлгий газар гэж ярьж явдаг юм. Мөн бидний нөхцөл байдлыг харж, мэдэрсэн болохоор тусалъя гэж шийдсэн байх” хэмээн ярьж байлаа.
“Өргөө” амаржих газар 2015 онд 23 ортой Эмгэг нярайн тасагтай болж байв. Харин тус тасагт нэн шаардлагатай төхөөрөмж нь шарлагын аппарат, дулаацуулах ширээ байдаг гэдгийг хэлж байна.
Тус газарт жилдээ 15-16 мянган нярай мэндэлдэг бөгөөд үүнээс 30 орчим хувь нь ямар нэгэн байдлаар нярайн эмгэгтэй төрдөг аж. Эдгээр нярайг хот хооронд болон хөдөө орон нутаг руу зөөдөг учраас машины хэрэгцээ их байдаг байна. “Өргөө” амаржих газар нь түргэний гар ажиллагаатай нэг тэрэгтэй байсан юм.