Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

“УРБАНЕК”-ийн захирлынх гэр бүлээрээ математикчид ажээ

-“УРБАНЕК”-ААС УРЛАГ РУУ ХӨЛ ТАВИВ-

Монголчуудыг Польшийн “Урбанек” салаттай танил­цуулж, амтанд нь оруулсан эрхэм бол Баатаржавын Лхаг­важав хэмээх сүйхээтэй эр. Сүүлийн үед тэрбээр ком­панийнхаа ажлыг дүү нар­таа даатган өөрөө урлагт ханцуй шамлан ороод бай­гаа билээ. Б.Лхагважав захир­лын “Урбанек” компани дээрх урлангаар нь зочиллоо. Ур­лан­гийнхаа хаалгыг цэ¬лий­тэл нээх тэр агшинд өөрийнх нь суудаг ширээний ард Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач О.Дарамбазарын “Аялгуут солир” хэмээх бүтээл шууд нүдэнд тусав. “За манай урланд тавтай морил. Би гэдэг хүн сүүлийн үед ийм л зүйл хийж байна даа” гэсээр ханандаа өлгөсөн зургуудыг заалаа. Тэрээр шинэхэн бүтээлтэйгээ “байлдаж” байхад нь иржээ. Түүнийг гартаа томоо гэгчийн бийр атгачихсан байсныг сая л нэг анзаарах сөхөө гарав. Ханан дахь будаг нь хатаж амжаагүй эдгээр бүтээлүүд нь саяхан Blue Mon галарейн хойморт заларч дэлхийн суут хөгжмийн зохиолч Фредерик Шопений бүтээлүүдийн хамт бийр бэхсээр амь оруулсан уран зургууд “эгшиглэжээ”. Үүн дээр уянга нэмж Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ц.Хулангийн 

“Арванесдүгээр зуун, аравдугаар он гуравдугаар сар, нэгний өдөр

Аялгуут нэгэн солир огторгуйгаас харважээ

Дэлхийн тойрог замыг тэрбээр гэрэлтүүлсээр

Дэргэдүүр шатаж өнгө¬рө¬хөд нь аялгуу эгшиг дуурсчээ

Сэрэмгүй харвасан тэр од сэтгэлийн сонор мялаасан

Аялгуут тэр солирыг хү¬мүүс Фридерик Шопен гэж нэрлэжээ” хэмээх тэр­гүүт шүлгүүд нь зураач О.Дарам¬базарын шинэхэн бүтээлүүд мөн үзэсгэлэнгийн тайзнаа хамт гарч урлаг сонир­хогч¬доор дүнгээ тавиулжээ. Уг үзэсгэлэнгийн гол зорил­го урлагийг урлагаар илэр­хийлэхийг зорьжээ. Урлагийг урлагаар нь илэрхийлэх нь орчин үеийн урлагийн гол асуудал болоод байгаа. Тэгвэл яруу тансаг аялгууг зургаар, зургаа яруу найргаар илэрхийлсэн байна. 

Б.Лхагважавын суудаг ширээний цаадах тасалгааны цэцэг цонхон зүг наранд тэмүүлж буй аятай сүртэйхэн ч ургасан харагдана. Түүний ширээгээр дүүрэн уран зураг, хөгжмийн онолын номнууд байх. Ширээнийх нь эсрэг талд бийр багс, тосон будагнууд замбараагүй өрөгджээ. Үнэхээр л уран бүтээлчийн уур амьсгалыг тэндээс л мэдэрч болох. Түүний хувьд багаасаа л урлагт ойр явсан бөгөөд энэ хүслээ биелүүлж байгаа нь тэр юм байна. Энэ үед хаалга тогшин орж ирсэн бүсгүй кофегоор дайлахын зэрэгцээ мань хүн Ф.Шопены “Хувьсгал” этюдийг сонсгов. Нам гүмхэн өрөө нэг л түргэн эр зоригийн хэмнэлд автаж, ямар нэгэн зүйлд уриалан дуудах мэтэд цонхоор тусах нарны гэрэлд саяхан тэмүүлж байсан цэцгэн дээр үүлэн сүүдэр тусарч харагдав. Энэ л агшин бас л нэгэн урлагийн бүтээл юмсан уу даа гэх бодол тархинд эргэлдэж байсан юм аа. Бидний урлагийн тухай яриа эндээс эх авч хэсэгтээ л хөвөрлөө. Мөн уртын дуунуудаар ном гаргаснаа танилцуулж, үүнд л монгол философи яваад байгаа юм шүү дээ гээд чин сэтгэлээсээ уртын дууны шүлгүүдийг уншиж өглөө. “Энэ сайхан бүтээлүүдээ бүгдийг нь урлагийн бурхадаараа дуулуулж чадаагүй нь даанч харамсалтай байна даа” гээд номын хавтсыг алгаараа арчих маягтай болоод дээр тавилаа. “Та чинь Урбанекаасаа илүү урлагт цаг гаргаад байна уу даа” гэхэд “Урлаг хүнийг гайхалтай болгодог. Чин сэтгэлийг нээдэг. Гоо зүйн таашаалыг өгдөг” гэсэн юм. Урлангийнх нь өрөөний сонирхол татах нэг зүйл хананд өлгөөтэй байсан нь чонын арьс байлаа. 10 гаруй жилийн өмнө найз нөхөдтэйгээ явж байхдаа гөрөөлсөн чонын арьс гэдгийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сард ярилцлага авахаар очиход хэлж байсан билээ. Тэрбээр Ф.Шопений нэрэмжит төгөлдөр хуурчдын конкурсыг зохион байгуулдаг уламжлалтай тэгвэл саяхан болсон конкурсээ олон улсын хэмжээнд зохион байгуулсан байна. “Нэг томоохон конкурстай байх нь манай орны нэр хүндийн асуудал. Ф.Шопений нэрэмжит конкурсыг зохион байгуулах орон зай нь Монголд байна. Эрхүү, Свердловск, Сибирь, Хятадын хойд хэсгийн мужийнхан оролцох боломжтой” гэлээ. Тиймдээ ч цар хүрээ нь өргөжиж Шанхай хотын Хөгжмийн консерватурын 15 настай хүү ахлах насанд тэргүүн байрт шалгарсан гэнэ.  

“БҮХ ЗҮЙЛД УРЛАГ ХЭРЭГТЭЙ”

Хүн бүхэнд бурханаас өгсөн урлагийн өгөгдөхүүн байдаг. Тодорхой нэг агшинд түүнийгээ хэн илэрхийлж чадаж байгаа нь уран бүтээлч болдог тухай ярилаа. Хүн бүр хоббитой байх ёстой. Тэр нь юу байх нь тухайн хүний өөрийн асуудал юм. Хүн хоббигоо дагаж төгс хөгждөг гэлээ. Польш залуучууд гэхэд хөгжмийн урлагийг гаргууд эзэмшсэн байдаг ажээ. Хүн бүр ноот хараад уншчихдаг гэнэ. Түүний хувьд өөрт таалагдсан нэг уран зургийг зураачаас нь авч болох ч тэгж боддоггүй бололтой. Ганцхан уран зураг худалдан авахын оронд тухайн уран бүтээлчийн гайхалтай олон уран бүтээл гараас гаргах тав тухтай орчныг бүрдүүлж өгөхийг эрмэлздэг ажээ. “Манай бизнесийнхэн мөнгөтэй байгаа бол уран бүтээлчдээ дэмжиж байгаасай гэж хэлмээр байна. Энэ бол эх орондоо оруулж буй том хөрөнгө оруулалт. Монголын баялаг болно. Оюу толгой Өмнөговьд байгаа бол оюуны толгойнууд Монголоор дүүрэн байгаа” гээд зургаа үргэлжлүүлэн зурахаар суув. 

“Ер нь тэгээд бүх зүйлд урлаг хэрэгтэй” гэсээр бидний яриа үргэлжилсэн юм. Өнөөгийн нийгэмд аливаа юмс үзэгдлийг хийж буй хүмүүс урлаг талаас нь харалгүй, өөр өнцөг барьж байгаагаас буруу замаар будаа тээх эхлэл тавигдаж байгааг нуусангүй. Түүний хувьд улс төрийн замаар нэлээд хэдэн жил явж байгаа нэгэн. Гэсэн ч манайхан улс төрийг “урлаг” болгож чадахгүй байна даа хэмээн харамсан өгүүлэв. Ийн ярилцсаар бид урлангаас нь гарч тэдний гэрийн зүг хөдлөх боллоо. “Урбанек” компанийн урд талд УБТЗ-ын Зүтгүүрийн депо бий. Монголд анх орж ирсэн зүтгүүрээс эхлээд бүхий л зүтгүүрүүд тус компанийн замын эсрэг талд байх. “Энэ бүх зүтгүүрүүд өөр өөрийн гэсэн өвөрмөц түүхтэй юм билээ. Сэтгүүлч та нар сурвалжилбал сонин зүйлс гарна даа” гэсээр машиндаа суугаад Нарны зам дагуух ачаалал ихтэй замын хөдөлгөөнд нэгдлээ. Тэгснээ “Миний найз бид гурав ажил дээрээс хөдөлж байна шүү” хэмээн эхнэр рүүгээ утас цохив. Энхтайваны гүүр давлаа. “Манайх энүүхэнд ойрхоон эргээд л орчихно” гээд машинд эгшиглэж байсан сонгодог аялгууг үл мэдэг суллав. Лифтээр явсаар 10 давхарт гарч ирлээ. “Манай хүн хаалгаа цэлийтэл нээчихсэн байх чинь” гэсээр гэр рүүгээ яваад орлоо. Өрхийн тэргүүн “Бид ирчихлээ” гээд цаашаа хэл өгөв. “Та гурав ирээ юу. Дээшээ сууцгаа” гэсээр гэрийн эзэгтэй уриалгахнаар инээмсэглэн зочдын өрөөндөө урив. Өрөөний голд тавьсан буйданг эзэгнэнхэн сууж Б.Лхагважавын гэргий Б.Ариунтуяагийн аягалж өгсөн цайг оочингоо ширээн дээрх номнуудыг эргүүлж суулаа. Гэргий нь төгссөн сургуулийг минь асууж, яагаад манай гэр бүлийг “Танайд өнжье” буландаа оруулахаар сонгов гэх мэтчилэн асуултуудаар “буудаж” эхлэв. Хүнээс асуулт асууж хариулт авдаг мань мэтэд сонин санагдаж байсныг нуух юун. Энэ хооронд Б.Лхагважав хөөргөө барьсаар гар зөрүүлэв. Эртний энэ хөөрөг нэлээд хэдэн үе дамжсан чамин эд. Өвөөгөөс нь аавд нь ааваас нь өдгөө өөрт нь өвлөгдөж ирээд байгаа нь энэ. Төд удалгүй гэрийн эзэгтэй хоолны ширээнд урьж польш хоол болох бигосоор дайлав. 

Өрхийн тэргүүн Б.Лхагважав 1969 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн юм байна. Аав Базарсадын Баатаржав нь ЗХУ-ын Москвагийн Радио технологийн дээд сургуулийг төгсөөд Завханы холбооны ерөнхий инженерээр ажиллахаар болох үед ээж Алтанхуягийн Дондовсамбуу нь УБДС-ийг Хими-биологийн багш мэргэжлээр төгсч таарсан байна. Залуу боловсон хүчнүүд нутагтаа ажиллаж байхад нь Б.Лхагважав мэндэлсэн ажээ. Аав нь Холбооны дээд сургуульд 20 гаруй жил багшлахдаа энэ салбарын бүхий л сэхээтнүүдийг бэлдэж өгсөн ачтан юм байна. Холбооны АТС технологийн аналоги системийн хамгийн том мэргэжилтэн нь аав минь байсан, 10 гаруй жилийн өмнө бурхан болсон доо гэлээ. Харин ээж нь Зоос гоёлд 10 гаруй жил ажиллаж байгаад сүүлд өөд болтлоо урт цагааны гоёл чимэглэлийн газар мастераар ажиллаж байжээ. Ижий минь дуу сайхан дуулдаг, хүний хайлан байлаа даа гэхэд нүдний аяганд аяндаа нулимс дүүрээд ирэв. Ээж минь “Цомбон туурайтай хүрэн”-г хэнээс ч илүү дуулна. Манайх чинь таван хүүтэй дээр нь аав, өвөө нэмэгдээд долоон эрэгтэй хүнтэй амьдардаг байлаа шүү дээ гэсэн юм. Лхагважавын уртын дуу судлах болсон шалтгаан нь өвөө, ээж хоёроос нь улбаатай юм билээ. Өвөө нь мөнгөн хэрэглэлийг маш сайхан эдэлж хэрэглэдэг тул Алтанхуяг гэдэг нэр нь Мөнгөнхуягаар солигдох хэмжээнд алдаршсан байна. Нутаг усандаа алдартай уртын дууч, уяач, бөх байсан аж. Өвөө нь 1914 онд төрснөөсөө хойш хэд хэдэн төрийн нүүр үзэж “Жаргалтайн дэлгэр”-ээ дуулсаар 2000 он хүртэл сайхан амьдарсандаа гээд бахтай нь аргагүй ярих. Бид тав эмээ, өвөө дээрээ өссөн нэг бодлын азтай хүүхдүүд. Хөгшчүүлийн гар дээр өссөн хүүхдүүдийг харахад амьдралдаа тэр бүр алдсан хүн байдаггүй юм билээ гэв. 

ААВЫНХАА МЭРГЭЖЛИЙГ ӨВЛӨСӨН ГЭР БҮЛИЙНХЭН

Лхагважав аав ээжээс тавуулаа юм байна. Тэр дундаа таван эрэгтэй хүүхэд гэнэ. 

Түүний ах Энхбат нь аавынхаа мэргэжлийг өвлөн тухайн үеийн ЗХУ-ын Тбилис хотод холбооны мэргэжил эзэмшээд дараа нь АНУ-д магистрын зэрэг хамгаалж мэргэжлийнхээ чиглэлээр Өмнөд Техасын их сургуульд таван жил багшилжээ. Монгол хүн АНУ-ын томоохон сургуульд багшилна гэдэг мэдлэг чадвартай л хүний хийх ажил. Харин отгон дүү Энх-Амгалан нь АНУ-д өнгөрөгч онд мөн информатикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалж, одоо сургуульдаа багшилж байна. Дүү Эрдэнэбат, Энхтөр хоёр нь “Урбанек” компанидаа ажилладаг бөгөөд Лхагважавын арын албанд тохоон томилогдсон юм байна. Одоохондоо хоёр дүү маань ч гэсэн хилийн чанадад байгаа гэсэн юм. Дүү Энхтөр нь уулын спортоор хичээллэдэг бөгөөд 2013 онд Франц улсад байдаг 4810 м өндөр Монблан ууланд гарсан бол өнгөрөгч баасан гаригт ОХУ-ын Кавказын уулс дунд оршдог Эльбрусийн оргил 5642 метрт гарсан байх ёстой гэсэн юм. Дүүгээ уулын спортод хөтөлсөн хүн нь Лхагважав өөрөө гэнэ. Түүний хувьд долоо хоног бүрийн бямба гаригт Богд ууланд аялал хийдэг уламжлал тогтоод таван жил болсон юм байна. Тухайн үед дүү нь дагаж ууланд гардаг байсан ч нэг л мэдэхэд мэргэжлийн уулчдын эгнээнд шилжин дэлхийн дээвэр оргилуудад гарах их хүсэл тээж явах болжээ. Лхагваа захирал Хан Богд уулаа аавыгаа гэж сэтгэлдээ сүсэглэж явдаг тул уул усандаа ойр байх гэж Богд ууланд гардаг юм билээ. Түүн шиг завгүй хүнд ууланд гарах шиг жаргал байдаггүй бололтой. Хэдхэн жилийн өмнө уулын багш Батболдынхоо хамт ууланд гарахад 40 гаруй хүн л явдаг байсны 10 гаруй нь монголчууд бусад нь гадныхан байдаг байлаа гэв. Таван жилийн өмнө нийслэлийн нэг сая гаруй иргэн өглөө ингэж унтаж байхаар цэвэр агаарт гараасай гэж боддог байжээ. Одоо өдөрт 1000 орчим хүн цэвэр агаарт гарахын далимд Богд ууланд гарах болсон нь сайн талтай ч байгаль орчныг бохирдуулах сөрөг үр дагаврыг ч нэмэгдүүлсэн хэмээн харамсангуй өгүүлэв. Ууланд гарахдаа буухдаа хог түүсээр байгаад таардаг болжээ. Хуучин байгалиа хайрлаж ууланд явдаг байсан бол одоо албан байгууллагууд албадлагын шинжээр ууланд явж байгаа нь байгаль орчноо сүйтгэх гэм болж байгааг хэлэв. Гоё зүйл рүү хэт орчихоор саар тал нь давамгайлчих гээд жаахан хэцүү шүү гээд эхнэрийнхээ аягалж өгсөн ногоон цайнаас оочлоо. 

Тэрбээр Хатан Туул голоо ижийгээ гэж боддог ажээ. Өвөлдөө харзны усанд орчихдог юм. Ижийнхээ өвөрт сэрэх шиг л сайхан шүү дээ гээд гурван ес тачигнаж байх үеийн харзны ус сайхан даа гээд хөхиүн инээв. Харзны ус гэдэг байгалиас бидэнд заяасан гайхамшиг. Нэг метр гаруй зузаан мөс байхад хэсэгхэн газар харзалж байгааг нь хараад усанд ямар нэгэн зүйл бий гэж боддог гэнэ. Харзны усанд ороод гарахад бие сэргээд хачин сайхан гээд бахархангуй өгүүлэв. Харзны усыг тусад нь судлах хэрэгтэй гэдгийг нэмж хэллээ. Б.Лхагважав Хан Богд уул, Хатан Туул ээждээ долоо хоногт нэг очоод золгочихдог юм. Сэтгэл санаа гэж хачин сайхан сэргээд ирнэ шүү гээд хөөргөө даалинд нь хийгээд эргүүлэн тавилаа. Биднийг ийн ярилцаж байх зуур гэргий Б.Алтантуяа нь Японы Элчин сайдын яам руу очиж визээ авчихаад удахгүй ирье гээд гэрээс гарлаа. “Урбанек”-ийн Лхагважавыг зөвхөн бизнесмэн, сонгодог урлагийг дэмжигч, уран бүтээлч, улс төрч гэж бодож байсан нь үгүй юм билээ. Гимнастикийн холбооны дэд ерөнхийлөгч, гимнастикийн спортын хоёрдугаар зэрэгтэй аж. Түүний хувьд 1988 онд Польшт оюутан болж очсон байна. Тухайн үед нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүд түүнийг оюутан байхад ид өрнөж байжээ. Монголд болох нийгмийн өөрчлөлтийг тэнд харсан болохоор Польшийн үндсэн хуулийг орчуулах санаа төрж, эх хэл дээрээ хөрвүүлж байснаа дурсав. Манай монголчууд АНУ-ын үндсэн хууль, Францын хүний эрхийн тунхаг, Францын хардын бичиг, Бельги, Норвеги, Япон улсын үндсэн хуулиудыг орчуулсан байдаг тул агуу ихийн өмнө даруухан байх гэж өвөг дээдсээсээ ичиж орчуулж байсан тухайгаа дурссан юм. Тэрбээр 1995 онд сургуулиа төгсөн эх орондоо иржээ. Чөлөөт нийгмийн зах зээлд ажиллаж эхэлсэн тэрбээр эдийн засаг санхүүгийн эрх чөлөөг бий болсноороо эдийн засгийн гайхамшгийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байдаг. Өнөөгийн хүндрэлээс санхүүгийн эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөлийн хууль гаргах нь чухал. Одоо харин манайхан хуулиа төгс хийж чадахгүй байгаа тул аль ч нам засаг барьсан ийм байдалд хүрэх байсан гэлээ.   

МАТЕМАТИКИЙН ГЭР БҮЛИЙНХЭН

Гэрийн хаалга дуугарч гэргий нь охиноо дагуулан орж ирсэн юм. Эл гэр бүлийн гэрэл гэгээ нь бага охин нь ажээ. “Шинэ эрин” сургуульд сурдаг гэнэ. 

Эхнэр нь “Нөхрийнхөө зурсан зургийг эхлээд харахад сонирхолтой санагддаг ч удалгүй дасчихдаг ш дээ” хэмээн нөхрийнхөө зүг харан инээмсэглэв. Байгалийн тансаг байдал хийгээд гэр хорооллын багширсан дүр зураг хананд нь өлгөөтэй байна. Энэ мэтчилэн өөрийнхөө зурсан олон зургуудыг ханандаа өлгөжээ. Гэргий Ариунтуяа нөхрийнхөө хэдэн зургийг өөрийн өмч болгоод авсан байна. Тэрбээр ханийнхаа зургуудыг өрөөнүүдийнхээ дунд талд байрлуулжээ. Зургуудын доохно талд гэрийнхээ гал голомт болсон тулгыг байрлуулсан нь донжтой харагдана. Энэ тулга ч мөн өөрийн гэсэн түүхийг тээж ирсэн гэнэ. 2001 оны наадмын өмнөхөн явж байтал Өвөрхангайгаас ирсэн гээд хэдэн дархчууд дөрөө, тулга хийснээ үзэсгэлэнд тавиад буцах гэж байжээ. Тэгээд л мань хүнийг “Нутаг явах гэсэн юм аа. Ядаж зардлаа хийх гэсэн юм. Тулга авах уу” гэхэд нь машид таалагдсан тул худалдаж авчээ. Бага охин Уянга нь ноднин анхныхаа зургийг зурсан бол сүүлд нь зуслангийнхаа байшинг хэвлүүхэн зуржээ. Хүүхдүүдийнхээ өрөөг байгалийн шинжлэх ухааны номуудаар дүүргэсэн гэхэд болно. Охин Уянга нь балетын хөдөлгөөн хийж байгаа харагдав. Учрыг лавлахад балетаар хичээллэдэг гэлээ. Тэднийх Польшоос нүүж ирээд хориннэгдүгээр хороололд гал голомтоо бадрааснаас хойш тавдугаар хороололд гурван өрөө байранд амьдарч байгаад өдгөө төвхнөөд буй цэлийсэн гурван өрөө байрандаа нүүж ирээд есөн жил болж байгаа нь энэ аж. 

Гэргий Ариунтуяа нь боксын дасгалжуулагч, ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн охин билээ. Банди багш гэргий Цэцэгдэлгэрийн хамт математикийн анги дүүргэсэн юм билээ. Тэдний том хүү Энхжаргал нь АНУ-ын Мичиганы их сургуульд эдийн засаг, математикийн чиглэлээр гуравдугаар курст сурдаг аж. Явахаасаа өмнө математикийн улсын олимпиадаас мөнгө, хүрэл медалиудыг нэлээдгүй авч байсан нь медалиудаас нь харж болохоор байлаа. 50 гаруй медаль гэрийнх нь хойморт байх агаад бүгд математикийн олимпиадынх гэсэн юм. Казахстанд болсон олон улсын математикийн олимпиадад оролцож байжээ. Өрхийн тэргүүний хувьд математикийн олимпиадын хэд хэдэн медальтай юм билээ. Тухайн үед улсын олимпиадын эхний зургаан байрт шалгарсан хүүхдүүдийг олон улсын олимпиадад явуулдаг байсан үе. Лхагваа тухайн үед долдугаар байрт шалгаран нөөц хүүхдийн тоонд багтан бэлтгэгдэж байсан аж. Куба улсыг Гавана хот руу зургаан найз нь тэгээд явжээ. Харин хүү минь аавынхаа явж чадаагүй олимпиадаас тусгай байрын шагнал авсан гээд сэтгэл өег суулаа. Удаах охин Нармандах нь химийн чиглэлээр сурч байгаад АНУ-ын Массачусетсийн их сургуулийн биотехнологийн чиглэлээр сурахаар яваад хэдхэн хонож байгаа аж. Саяхан математикийн докторын зэрэг хамгаалсан Т.Баяртөгс нь Лхагваа захирлын багын нэг ангийн сурагч бөгөөд гэргий Ариунтуяатай хамт Их сургуулийг дүүргэжээ. Б.Ариунтуяа “Нэг мэдсэн чинь гэр бүлээрээ тоо бодох дуртай болчихсон байна” гээд инээмсэглэв. Тэрбээр өдгөө “Урбанек” компанийнхаа санхүүг хариуцан ажиллаж байгаа гэсэн. Б.Лхагважав, Б.Ариунтуяа нар МУИС-ийн математикийн ангид хамт сурч байжээ. Гэргий нь ханьдаа сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж, халамжтай хүн шүү дээ хэмээн магтав. Өглөө эрт хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгөөд ажилдаа явдаг тухайгаа өрхийн тэргүүн хэлсэн юм. Тэрбээр Польшт сурч байхдаа гэргийдээ бичиж байсан чамин захидлууд, гэргий нь өөрт нь хариу болгон бичиж байсан хайрын захидлуудаа хадгалжээ. 100 орчим хайрын захидлаа гарган ирж сонирхуулсан юм. 

2008 оны Бээжингийн олимпийг гэр бүлээрээ үзэж аавынхаа дасгалжуулсан тамирчдыг дэмжсэн байна. “Маргааш Бадар-Ууган Кубын тамирчныг яаж зодохыг хараарай” гэж аваргын алтан медалийн төлөөх тоглолтын урьд өдөр нь хэлж байжээ. Үнэхээр ч хэлснээр нь болох тэр мөчид мэргэжлээ дэлхийн хэмжээнд эзэмшсэн хүн гэж аавыг л хэлнэ дээ хэмээн Лхагважав хадам ааваараа бахархаж суусан байна. Тэрбээр нэг төрийн далбаа авчирсан нь 2008 оны олимпийн алт, мөнгөн медаль хүртэхэд Бээжингийн тэнгэр дор намирсан далбаа байлаа. Олимп үзсэн хүмүүсийн гарын үсэг, сэтгэлийн үгсийг бичсэн тэрхүү далбааг харахад сайхан санагдаж байв. Монголын улс төрчид эдгээр тамирчдад асар их өртэй. Тэдний сонгуулийн луйврын дараагаар манайд эмх замбараагүй байдал бий болоход тэднийг тамирчид нэгтгэж чадсан гэдгийг хэллээ. Лхагважавынх гэдэг айл үнэт номын сангаас гадна гадаад орнуудаас дурсгал болгон авч ирсэн сувинерүүд өрөөтэй байсан юм. Зурагтныхаа хажууд цагаан вааранд тогосны өд шигтгэсэн нь тунчиг сайхан харагдана. 

ХУРГАНЫ АРЬСАН ДЭЭЛНЭЭС “УРБАНЕК” КОМПАНИ ХҮРТЭЛХ 21 ЖИЛ

Б.Лхагважав Польшт оюутан байхдаа Монголоос хурганы арьсан дээл хийж аваачиж зардаг байжээ. Тэрбээр Монголоос анх зургаан доллартай хилийн дээс алхаж хичээл эхлэхэд 12 хоног дутуу байсан тул зах дээр гарч бараг л Польшоор мэндэлж сурахаасаа өмнө оймс, цагаан бээлий аваачсанаа борлуулж байжээ. “Зах зээлд Польшоор захаар дамжин орж байлаа шүү дээ” хэмээн анхны бизнесийнхээ тухай дурслаа. Польшт уламжлалт хэд хэдэн үйлдвэрүүд байсан ба манайхан тэндээс нь даршилсан ногоо зөөдөг байсан үе гэнэ. 1990-ээд оны эхэн үед Венера гээд шар тагтай цуу, Болгараас дунайский салат наадмын үеэр ирдэг байсан. 1991 онд Венера цууны үйлдвэрт очиж хоол амтлагч оруулж эхэлсэн бөгөөд 1993 онд “Урбанек” компани дээр очиж гэрээ байгуулан Монгол руу оруулж эхэлсэн байна. Түүнээс өмнө Польшт байгаа монголчууд ихэнх нь тус компаниас “Урбанек” салатыг монгол руу зөөдөг байжээ. Сүүлдээ тэндээс авсан үнээсээ хямдхан шахуу зарж эхлэх хүртэл өрсөлдөөн бий болж байсан гэнэ. Тиймээс нэг гарт бариулах шаардлагатай болсон тул компани байгуулсан юм даа гэв. Түүнийг анх бизнес хийж эхлэхэд аав нь “Миний хүү контейнерээр наймаа хийхгүй бол наадах шиг чинь наймаа гэж юу байхав дээ” гэж хэлсэн нь ой тойнд нь нэгийг бодогдуулсан хэрэг. Тиймээс л ганзагаас контейнерт шилжин өнөөдрийн өндөрлөг өөд мацаж эхэлсэн байна. Аав минь өөд болтлоо миний хамгийн том хамтрагч байсан. Аливаа нэг системийн онолыг бүрэн эзэмшсэн мэргэжилтэн бол ямар ч зүйлийг томоор харж чаддаг гэдгийг хэллээ. Энэ 21 жилийн хугацаанд чанараараа л бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн итгэлийг хүлээснийг ярьсан юм. 

Гэр бүлийн хоёр ганцхан математикт сонирхолтой байсангүй гимнастикийн хоббитой юм байна. Тэрбээр 1986 оны гимнастикийн улсын аваргын мөнгө, 1987 оны Бүх ард түмний спартакиадын мөнгөн медаль хүртэж байсан дурсамжаа хуваалцан медалиа үзүүллээ. Гимнастикийн холбооны дэд тэргүүний хувьд Монголд гимнастикийн спорт хөгжсөнөөс хойш 50 жилийн дараа залуучуудын олимпоос Г.Эрдэнэболд алтан медаль хүртсэнд талархаж явдаг нь илтэд мэдрэгдэв. Лхагваа захирал мөн 2005 оноос хойш монгол бичгийг хичээнгүйлэн суралцаж хэнээс ч илүү уншиж, бичиж, архивын материалыг кирилл бичигт буулгадаг болжээ. Учир нь түүнийг сурагч байх үед монгол бичгийг заадаггүй хаалттай байж. Уртын дуунуудад монгол ухаан явааг өөрийн эмхлэн гаргасан номон дээрээсээ жишээ татан ярьсан юм. Адам Смитийн “Үндэсний баялаг” тэргүүт бүтээлүүдийг номын сангаасаа гаргаж ирээд номын утга тэнгэр мэт агуу гэдгийг батлах. Мөн бурхан багшийн холбогдолтой олон шилмэл бүтээлүүдийг уншиж байгаагаа ч хэлж байв. Сүүлийн хэдэн жил эрхзүйн чиглэлийн маш олон номон дээр хамтарсан байдлаар ажиллаж байгаа гэнэ. Хэвлэгдээд гарсан 10 орчим номоо дэлгэн үзүүлэв. Тэдний гэр бүлийнхэн бүгд номын мөр хөөх болсон шалтгаан нь аавтай нь холбоотой байсан гэнэ. Дээхнэ үед шалгалтын материал задарлаа гээд нэг хэсэг шуугьдаг байсан. Тэгвэл шалгалтын материал задарсан гээд хүүхдүүд тэдний онцоор дүүрэн цуглачихсан маргаашийнхаа шалгалтын тоог бодуулах гээд үүдэнд нь хонох шахам болж өнждөг байжээ. Аав нь сургууль соёлын мөр хөөж эрдэм боловсролтой болохыг чухалчлан захьдаг байсан тул үр хүүхдүүд нь аавынхаа захиасыг өнөөдрийг хүртэл биелүүлж үр хүүхдүүдээ аавынхаа захиасаар хүмүүжүүлж байгаа аж. Энэ мэт туулсан зам, хийсэн ажилтай Баатаржавын Лхагважавынд өнжихөд ийм байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын зөвлөхөөс эхлэн ажилласан гээд яривал түүний улс төр хийгээд эдийн засаг санхүү, бизнес, урлаг, эрхзүй, иргэний нийгмийн тухай гүнзгийрүүлэн ярихад өөр “симфони” тоглогдох нь гарцаагүй билээ. 

Э.ЭНХБОЛД

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *