Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг гурав дахь удаагаа Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Энэ сарын ном солилцох өдөр -5-7 хэмийн хүйтэн байв. Энэ үеэр номыг шимтэн уншдаг иргэд нийслэлийн төв талбайд цуглаж, өөрт таалагдсан номоо хоорондоо солилцож байсан юм. Тухайлбал, буддаг, үлгэрийн, нум сум харвах тухай, уран зохиолын, түүхийн, бодлогын ном гээд олон төрлийн номнуудыг эгнэн тавьсан байв. Өдөрлөгт Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон харьяа дөрвөн номын сангаас нийтдээ 400 гаруй ном авч ирсэн гэдгийг УБХНТНС-гийн Ном бүрдүүлэх тусгай үйлчилгээний тасгийн эрхлэгч З.Төгсжаргал хэллээ. Тэрээр “Хүмүүс өөрт байгаа номоо уншчихаад дэмий хадгалаад байдаг. Тиймээс бусадтайгаа солилцож, янз бүрийн сонирхолтой номнуудыг уншиж, найз нөхөдтэй болж байгаа юм шүү дээ” гэсэн юм.
Харин А.Ангараг гэх залуу “Алтайд” романыг сураглаж байлаа. Тэрээр уран зохиолын сонирхолтой ном л олж уншмаар байна гэдгийг онцолж байв. Ном солилцож буй О.Туяа хүссэн номоо авч унших гэж байгаадаа баяртай байна. Ийм ном солилцдог өдрийг зохион байгуулж байгаад бахархаж байна” гэв. Өдөрлөгт ирж буй иргэдийн тоо сар бүр нэмэгдэж, номын төрөл, чанар үүнийгээ даган сайжирч байгаа гэнэ. Уран зохиол, түүхийн ном хамгийн эрэлттэй байдаг бол дунд сургуулийн сурагч, тэтгэврийн насны ахмадууд энэ үеэр их цугладаг аж.