Categories
мэдээ цаг-үе

Уран бүтээлч, спортын алдартан хоёрын хамтарсан үзэсгэлэн Токиод нээгдэв

Японы Токио хотноо аж төрж, уран бүтээлээ туурвидаг зураач Самбуугийн Заяасайхан, сумогийн аварга Харумафүжи Даваанямын Бямбадорж нарын хамтарсанХоёр ертөнцхэмээх уран зургийн үзэсгэлэнгийн нээлт саяхан болсон билээ. Сумогийн аваргатай хамтран өөрийн ертөнцөө дэлгэн харуулсан зураач С.Заяасайхантай хөөрөлдсөн яриагаа хүргэж байна.

Японы Токио хотын тансаг Гинза дүүрэгт алдартНичидогалерейд сумогийн аврага Харумафүжи Д.Бямбадоржтой хамтранХоёр ертөнцүзэсгэлэнгээ амжилттай нээсэн танд баяр хүргэе. Японд хэд дэх удаагаа үзэсгэлэнгээ гаргаж байна вэ?

-Токио, Осака, Кобе, Мацуяамад бие даасан найм, хамтарсан долоо, нийтдээ арвантав дахь удаагаа үзэсгэлэн гаргалаа. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд Америк, Австрали, Англи, Франц, Тайвань, Хонгконгд бас үзэсгэлэнгээ гаргасан даа.

Энэ удаагийн үзэсгэлэнгийнхээ онцлогоос дурдаач?

-Харумафүжи Д.Бямбадорж аваргатай хамтарснаараа онцлог боллоо. Уран бүтээлч, спортын хоёр өөр ертөнцийн хүн хамтраад нэгэн зүйлийг хийснээрээ сонин байсан болов уу.

Нээлтийн үеэр сэтгүүлчид та хоёрыг хэзээнээс танилцаж, ийм үзэсгэлэн гаргах санаа төрөв гэж их сонирхон асуухад аварга таны зургийг харангуут маш их таалагдсан гэж хэлж байсан даа?

-Ноднин өдийд болсон бие даасан үзэсгэлэнг аварга ирж үзэн, анх танилцаж байлаа. Миний зургуудад амар амгалан, энхтайван, гэр бүл, үр хүүхэд, эмэгтэйчүүдийн сэдэв зонхилдог. Аваргын амьдрал мэдээж спортын байнгын хатуу ширүүн тэмцэл, өрсөлдөөн дунд өрнөж байгаа гэж бодож байна. Зураг бол тайвшруулж, амар амгаланг мэдрүүлэх нэгэн зэмсэг. Хүнийг тайвшруулж, баяр баясгалан, ухаарал сэхээрэл өгч, хүнд юм бодогдуулдаг. Бас уйтгар гунигтай болгодог ч байх. Тэднийх гурван хүүхэдтэй, манайх дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн айл гэдгээрээ ч бидний сэтгэлгээ ойролцоо санагдсан байх. Аливаа зургийн ар талд заавал түүх, учир шалтгаан байдаг. Тэрхүү зүйл нь аваргад бас төстэй санагдсан байх. Аварга маань ч уран зураг зурдаг. Түүнээс хойш дотно найзууд болж, уулзалддаг болсон.

Та хоёрын хэн нь анх үзэсгэлэн гаргая гэсэн санал гаргав?

-Би эхлээд үзэсгэлэн гаргая гэж санал тавьсан. Өнгөрсөн долдугаар сард хоёулаа шийдсэн л дээ. Аварга бэртлээсээ болоод хоёр башё амарч байх зуураа Фүжи уулын олон цуврал зураг зурсан. Харумафүжиг би шаггүй сайн зураач гэж боддог шүү. Би бас урландаа зурсаар байсан. “Хоёр ертөнц” гэсэн нэрийн хувьд олон утга учиртай л даа. Нэг талаар сумогийн их аваргыг барилддаг л гэж харахаас биш зураач гэж хүмүүс бодохгүй. Гэтэл урлагийн нарийн мэдрэмжтэй, зураач хүн. Нөгөө талаар тэрхүү хүмүүсийн мэддэггүй уран зургийн ертөнцтэй холбогдсон хүн нь найзын хувьд би болчихож байгаа юм. Хүнд харагдах нэг ертөнц байхад харагдахгүй бас нэг ертөнц байдаг. Зураг бол тэр үл үзэгдэх ертөнцийг илэрхийлдэг, дотоод сэтгэлийн илрэл. Тэрхүү ертөнцөө хүмүүстэй хуваалцаж байгаа нь энэ.

-“Хоёр ертөнцгэсний учир нь өөрсдийн дотоод ертөнцөө илэрхийлсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Зурдаг гээд байнгын хөдөлгөөнгүй зураад байна гэж байхгүй. Ямар нэгэн уран бүтээл гэдэг амьдралд хэр зэрэг төлөвшиж байгаагийн нөгөө нэг илэрхийлэл болдог. Амьдралыг хэр гүн мэдэрч ойлгоно төдий чинээгээр сайн бүтээл гарна. Зураг бол суудаг мэргэжил. Нэг юмыг удаан сууж, үргэлжлүүлээд байвал ядарч, стресс хуримтлагдана. Дунд нь мэдээж завсарлага хэрэгтэй. Миний хувьд бие махбодоо хөдөлгөж, спортоор хичээллэж, гүйж алхан, завсарлага авахаар зурж байгаа уран бүтээлээ огт өөр нүдээр харах боломж гардаг. Аялах ч юм уу хүнтэй уулзаж, дахин уран бүтээл хийх цэнэгээ авдаг. Харумафүжи аваргын хувьд байнгын хүнд бэлтгэл хийсний дараа сууж, бясалгах маягаар зураад амсхийвэл оюун санааны гүн амралт болдог болов уу. Эргээд нөгөө хүнд хүчир спортын ертөнцдөө орохоор хүч орж, сэргэдэг байх. Ийм утгаараа хоёр өөр ертөнц нэг болж нэг нэгнийгээ мэдэрсэн адил тал оршиж байна гэсэн үг л дээ.

Та багаасаа зурдаг байсан гэл үү?

-Арвандөрвөн настайгаасаа зурж эхэлсэн. Аав маань Баянхонгор аймгийн Баацагаан суманд монгол хэл, уран зохиолын багш ч гэлээ зургийн хичээл заадаг, маш сайн зурдаг, авьяастай хүн байсан. Би өөрийгөө авьяастай гэж боддоггүй, итгэдэг ч үгүй байлаа. Би зургаа, долдугаар ангид байхдаа баахан бурхан зурсан юм. Би догшин бурханд их дуртай. Аав минь харчихаад жаахан зэвүүцэж, дургүйлхсэн. Тэгэхээр нь би нэг шөнөжингөө сууж байгаад нилээд том Цагаан дарь эх зурсан юм. Аавд харагдах газар нь зураад тавьчихъя гэж бодлоо. Аав минь сэрээд босохдоо нөгөө зургийг хараад “Ээ бурхан минь” гэж уулга алдаж “Миний хүү зураач болчихож” гэж учиргүй баярлаж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Тэр үед аавыгаа баярлуулчихъя гэсэн хүүхдийн сэтгэлээр зурсан. Баярлаж байгааг нь харах тоолондоо урамшин зурсаар байгаад зургаа орхиогүй юм шиг байгаа юм. Түүнээс биш гоц авьяастайдаа ч зураач болчихоогүй юм аа. Дүрслэх урлагийн коллежийг 1997 онд дүүргээд, Соёл урлагийн их сургуулийн монгол зургийн ангийг 2001 онд төгссөн.

Шинэ мянганы эхээр зурж байсан зургуудыг тань харж байхад бурхан, чөтгөр, Чингис хаан, баатар, бөөгийн сэдэв зонхилж, нэлээн өвөрмөц, хүнд сэдэвтэй байсан шүү?

-Тэр үед ардчилал дөнгөж гарч, үндэсний бахархал, шашин шүтлэг сэргэж эхэлж байсан. Зураач, зохиолч, уран бүтээлчдийн хувьд ч түүхэн сэдвээр их бичиж, мэддэггүй байсан Чингис хаанаа сонирхон, бөө, далдын хүчний сэдвээр зурах их сонирхолтой байлаа. Уран бүтээлч хүний сэдэв байнга өөрчлөгдөж, хувьсч явдаг. Ямар нэгэн юманд дурлаж, зүтгэж, эрж хайж явдаг. Би сэдэвт тийм их ач холбогдол өгөөд байдаггүй. Одоо бол гэр бүл, үр хүүхэдтэй болчихсон. Хувь хүнийхээ хувьд ч тайван байхыг хүсч байна. Гол уран бүтээлийн санаа гэдэг маань эргэн тойрноосоо санаа аваад л бүтээл болгож байгаа дүр төрх юм болов уу. Оюутан ахуй үедээ өөртөө ямар ч хамааралгүй өнө эртний баатар, түүхэн сэдвийг хангалттай зурсан гэж бодож байгаа.

Одоо өөрийн тань уран бүтээлд эх хүн, эмэгтэйчүүдийн сэдэв их голлоод байна уу?

-Эмэгтэй хүн дүрсэлсэн болохоор яг хэн нэгнийг эсвэл эхнэрээ зурсан юм уу гэж асуух нь олон. Аливаа уран бүтээлийг эмэгтэй хүний дүрээр дүрсэлж, олон утга санааг илэрхийлж болох юм шиг санагдсан. Жишээ нь, байгаль дэлхийг илэрхийлж болно эсвэл орчин үеийн тулгамдаад буй экологийн асуудал, байгаль цаг уурын өөрчлөлтийг хөндөхөд болон амар амгалан, уйтгар гуниг, хүний сэтгэлд юу болдог бүх юмыг эмэгтэй хүний дүрээр илэрхийлж болно. Түүнээс биш яг бодит нэг эмэгтэй хүн биш.

Харумафүжин Д.Бямбадоржийн зурсанАлтан Фүжизураг нь дуудлага худалдаагаар өндөр үнээр зарагдаж бүх мөнгийг нь зүрхний өвчтэй хүүхдүүдэд хандивлажээ.

-“Саксафон-1, 2, 3” гэсэн эвэр бүрээ үлээж байгаа бүсгүйн гурван цуврал зураг онцгой санагдаад байсан л даа. Тэрхүү зураг ямар утга санааг илэрхийлж байгаа вэ?

-Тэр бол ерөнхийдөө онцгой утга учир агуулаагүй. Монгол үндэсний эхнэр хүний хувцсыг харахад зарим талаараа хөгжмийн зэмсэгтэй адилхан харагдаад байдаг. Бас нөгөө утгаараа эмэгтэй хүн өөрөө хөгжимлөг байдаг. Эмэгтэй хүнийг хөгжим гэж бодвол зарим нь залхаад чихээ тагламаар чийхарсан хөгжим тоглодог бол зарим нь уяраад, салахын аргагүй хөгжим эгшиглүүлдэг байж болно. Үндэсний хувцасны элементийг орчин үеийн хөгжмийн зэмсэгтэй холбовол сонирхолтой санагдаад тийм зохиомжилсон чимэглэлийн хэлбэрийн зураг юм.

Хээр талд бурхан зүүсэн охины зураг ямар утга учиртай вэ?

-Хүн байгаль эхээсээ холдоод байна. Хотод амьдраад л, улам иргэншээд амьд байгалийн харилцаанаасаа хөндийрөөд байна. Би бүх зургандаа монгол сэдвийг хөнддөг. Би хэдийгээр Японд есөн жил аж төрж байгаа ч хэзээ ч Японыг зураагүй. Дургүйдээ биш. Хүмүүс яагаад орчин үеийн онгоц, машин, техник, олон нийтийн таашаалд нийцсэн юм зурахгүй байгаа юм гэж их асуудаг. Юу гэсэн үг вэ гэвэл хүн, байгаль хоёрын жинхэнэ амьд буюу эв найртай харьцаа хаана байсан бэ гэвэл нүүдэлчдэд л байсан. Тэрийг ямар нэгэн хэмжээгээр хөндөхийг бодсон. Нэгэн залуухан охин буян хийх гээд холын аянд явсан түүх уншиж байснаас санаа аваад л “Бурхантай охин” гэсэн хөрөг зураг бүтээсэн юм. Гүнзгий утга санаа байхгүй ч үзэж байгаа хүмүүс өөрийн хүсч буй далд мөрөөдөл, бодол санаагаа түүнээс олж авч, амар амгаланг мэдрээсэй гэсэн хүсэл эрмэлзлээ шингээж зурсан юм.

Зохиолч Б.БатрэгзэдмаагийнОчир эрхшээгчномын хавтас дээр байдаг зурагныхаа талаар ярина уу?

-Ном гарахаас өмнө байсан зураг л даа. Зохиолч нь интернэтээр холбогдож надаас асуусан. Агуулгатай нь хэр нийцэж байгааг мэдэхгүй байна. Номыг нь уншиж амжаагүй явна. Зохиолч нь надад бэлэглэсэн. Тэр зургийг шидэт малгай гэдэг. Цамын бүжгийн гол удирдагч хүний малгай юм. Их сүсэг, нүнжигтэй, бурхан шашны их гүн агуулгатай эд зүйл болсон малгайг зүгээр нэг саваагүй охин өмсчихсөн байгаа юм. Их сонин содон санагдаад л духдуулчихсан түүний хувьд бол шидэт малгай юм.

Хүн баярласан үедээ өнгөлөг гэгээлэг зурдаг, гуньсан үедээ хар бараан зурдаг гэдэг. Энэ талаар юу гэж хэлэх вэ?

-Би гунигтай үедээ зурдаггүй. Амьдрал өөрөө богинохон шүү дээ. Аль болох гэгээлэг явъя л гэж бодож байна. Хар бараан сэдэв амьдралаар дүүрэн байна. Дайн дажин, үзэн ядалт хаа сайгүй болж байна. Түүнийг хөндөж, хурцаар илэрхийлснээр миний хувьд юу ч өөрчлөгдөхгүй. Аливаа юмны сайн сайхныг олж харахыг л хичээж байна. Сайхан юм бодоод л амар амгалан, тодорхой хэмжээнд тайвшралыг олоод уран бүтээлээ хийх нь зүйтэй санагдаад байгаа юм. Хүнд сэдвүүдийг оюутан байхдаа нэлээн зурж байсан бол одоо огт өөр болсон.

Одоогийн зурж байгаа бүтээлүүдэд тань гуниг шингээгүй гэсэн үг үү?

-Түүнийг үзэж байгаа хүн л мэдрэх байх аа.

Зураач хүн бол оюун ухаандаа төвлөрч боловсруулах үе шат нь зурахаасаа удаан байдаг гээд байдаг.

-Хувь хүнээсээ л шалтгаална. Зарим бүтээл олон жил бодож явж байгаад хэдхэн сарын дотор гарчихдаг. Бодоогүй байж байгаад гэв гэнэт зорилгогүй зураад эхэлтэл аятайхан санаа ороод ирдэг. Сайн бүтээл хийе гэвэл үнэхээр цаг хугацаа ордог. Монгол зураг бол нарийн чимхлүүр ажиллагаа шаарддаг. Одоо зурж байгаа миний зургуудыг яг уламжлалт монгол зураг гэж тодорхойлох бас хэцүү. Монгол хүний гараар бүтэж, зурж байгаа болохоор монгол уран зураг гэж хэлж болох байх аа. Монгол уламжлалт арга техникээр зурсныг монгол зураг гэх үү. Яг тийм гэж тодорхойлоход түвэгтэй болчихож байгаа юм. Онолын хувьд ч тодорхой биш. Япон зураг гэж байна уу, франц зураг гэдэггүй биз дээ. Төрлөөрөө л хэд ангилдаг болохоос биш. Миний уран бүтээлүүд биеийн минь нэг тасархай. Хөлс хүч, үзэж туулсан амьдрал юу мэдэрч бодож буйн тусгал болдог. Хүмүүс зургийг минь хараад ямарваа нэгэн зүйлийг мэдэрч, өөр нэгэн ертөнцийг харсан бол боллоо гэж үздэг.

Залуу зураач дэлхийн түвшинд гарахын тулд юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Зураад л бай гэж хэлмээр байна. Сайн зураад байвал хүмүүс сонирхоод л ирнэ. Шууд утгаар нь битгий ойлгоорой. Арван мянган цагийн хууль бил үү зарчим гэж байдаг. Зургийг хийхээс нааш өөрөө өөрийгөө ойлгож мэдрэхгүй. Хичнээн хэмжээгээр түүнд цаг үрнэ. Төдий чинээгээр чи өөрийгөө олж авна. Зүгээр бодож явж байгаад гэнэт нэг өдөр суугаад сайн бүтээл хийнэ гэж байхгүй. Жишээ нь, алдарт Бетховен, Моцарт төрөлхийн сод авьяастай л гээд байна. Тэд гэнэт гарч ирээд хөгжим тоглоод байгаагүй. Төрснөөсөө эхлээд л бага балчраасаа тоглож ирсэн. Хичнээн цагийг төгөлдөр хуурын өмнө сууж, дасгал сургуулилт хийснийг хүмүүс мэддэггүй. Ямар ч уран бүтээлч аливаа нэг зүйлийг төгс хийхийн тулд дор хаяж арван мянган цаг зарцуулж байж ямар нэгэн хэмжээгээр дөртэй болно гэсэн нийтлэг нэг зарчим байдаг. Янз янзын урсгал, измүүдийг судлаад цоо шинэ юм гаргана, ингэнэ тэгнэ гээд л амласан ч цаг заваа гаргаагүй л бол тэр мөрөөдөл болон үлдэнэ. Манай зах зээл том биш учраас зураачдад хэцүү хүнд болчихоод байдаг. Гадаадын зах зээл том учраас зөөлөн, амархан гэсэн үг биш л дээ. Дэлхийн янз бүрийн зуугаад зураачтай танил болж, харьцаж байна. Тэдний дундаас байр сууриа эзэлчихсэн од ч байна. Энгийн нь ч байна. Тэдний бараг ерэн хувь нь зургаа зурахын тулд ажил хийдэг. Бүгд мөнгөний асуудалтай. Японы алдартай зураач Сорияма Хажимэ “Оддын дайн” Холливудын киноны зураачаар ажиллаж байсан. “Сони” группийн сүүлд гаргасан робот нохойг бүтээсэн хүний найз л даа. Дэлхийд танигдсан хүмүүс ч гэлээ амьдралын асуудал адилхан байдаг. Илүү алдартай болох тусам илүү шалгуур, сорилт ирдэг. Дуртай юмаа хийхийн тулд маш их золиос гаргах хэрэгтэй гэж л хэлэх гээд байна. Японд нилээн хэдэн жил амьдарч, зөвхөн дуртай юм болох зургаа зураад өөр юу ч хийхгүй оршин байна гэдэг миний хувьд амжилт юм болов уу. Алдар нэр, хөрөнгө мөнгөтэй байх нь нэг их чухал биш. Зургаа зуун сая доллараар зараад баярлахаас илүү дуртай зургаа зурж байгаа тэр агшныг мэдэрч амьдрах нь л миний баяр баясгалан. Зургаа л сайн зураад явбал амжилтад хүрнэ.

Өндөр өртөгтэй Японд ганцхан зургаараа амьдрахад хэцүү биш үү?

-Манайх Сайтама мужид байдаг. Үнэ өртгийн хувьд бол зарим газар бараг Монголоос хэд дахин хямд ч байж магадгүй. Урландаа өдөрт 10-12 цаг сууж зурдаг. Дуртай болохоор цаг хугацаа элдвийн зүйлд баригдахгүй чөлөөтэй суудаг. Ядарснаа ч мэддэггүй. Зургандаа бүр автсан байдаг. Байнга хөгжим сонсож зургаа зурдаг.

Олон сайхан уран бүтээлийн ард гарна гэдэг гэр бүлийн болон олон хүний дэмжлэг, урмын үг их нөлөөлдөг байх даа?

-Тэгэлгүй яахав. Ил, далд дэмжиж байгаа олон хүний сэтгэлийг мэдэрч, урмын үгийг сонсч явна. Зургийг минь худалдаж авч байнаа гэдэг надад өөр зүйлд санаа зовохгүйгээр зураг зуруулах цагийг өгч байна гэсэн үг. Будаг, бийр, цаасаа авна. Хэн нэгний дэмжлэг байхгүй бол бүтээлээ хийж чадахгүй. Амь зуулгаа бодоод уран бүтээл дээрээ төвлөрч чадахгүй. Хүмүүсийн дэмжлэг авахын тулд тэднийг баярлуулах хэрэгтэй. Чин сэтгэлээсээ хийсэн зүйл хүнд заавал хүрдэг шүү дээ.

Уран бүтээлдээ яаж үнэ тогтоодог вэ?

-Энэ бол зураачийн өөрийнх нь цэвэр шийдвэр. Миний хувьд уран бүтээлээ хийчихээд тодорхой хэмжээнд төсөөлчихсөн байгаа. Энэ зургийг тэдээр л зарчихвал сэтгэл хангалуун болно гэдэг ч юм уу. Хүн өөрийнхөө бүтээлийг тодорхой хэмжээнд үнэлэх ёстой. Зарим газарт хэн зурсан, хэн авсан бэ гэдэгт их ач холбогдол өгдөг юм билээ. Ялангуяа олон улсын үзэсгэлэн дээр ямар алдар хүндтэй зураач байна, ямар алдартай хүн зургийг нь авсан бэ гэдгийг их анхаардаг тохиолдол байдаг. Дуудлага худалдаан дээр бие биеэ ялахын тулд үнэтэй болгох ч байна. Хэдэн сая доллараар авсан зургийг ямар үнэтэй бүтээл вэ гэж хараад байдаг. Гэтэл тэр бол зураачийн үнэлгээ болдог. Ихэнхдээ зураачтайгаа тохироод галерей тодорхой хэмжээнд зургуудад үнэ тогтоочихсон байдаг.

Монгол зураачдад яавал дэлхийн дэвжээ илүү ойртох бол?

-Арваад жилийн өмнөөс Хятадын тэрбумтнууд уран зургийг үнэ хаяж, худалдаж авах нь эрс ихэссэн. Одоо тэнд уран зургийн зах зээл маш өндөр хөгжиж байна. Буриадад ч ялгаагүй. Ерөөсөө л нэг нэгнээ дэмжээд явах ёстой. Тус тусдаа хөгжинө гэж байхгүй. Төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Үндэсний урлагийн бүтээл болох зургийг зураачаас нь компаниуд худалдаж авсан тохиолдолд татвараас тодорхой хэмжээнд хөнгөлөлт үзүүлдэг ч юм уу, гадаад дотоод явахдаа бэлгэнд зураг худалдаж авах, олон улсын үзэсгэлэн худалдаанд бэл бэлчинтэй хүмүүс нь зураачаа дэмжиж, хамт дагуулж явах зэрэг тусламж дэмжлэг хэрэгтэй байна.

Х.Эрдэнэцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *