Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Өнөөдөр “ЗУЛЫН-25” буюу “БОГД ЛАМЫН ДҮЙЧЭН” өдөр

Бурханы шашинт улс орнууд түүний дотор монголчууд өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг ”Зулын 25″ буюу “Богд ламын дүйчэн” өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэж бурхны шашны орон хийдүүд мянган тахилын зул хүж өргөж, их ерөөл хурдаг уламжлалтай. Айл бүхэн зул асаан их буян үйлдэж иржээ. Энэ өдөр мацаг барьж /цагаан хоол идэж/ арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншин, гэртээ болон гадаа зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маа­ни, мэгзэм түм болон арвижиж, их буян хураадаг байна. Монголчууд Богд Зонховын дүйчин өдөр болохоос өмнө үүц махаа бэлтгэж гүйцээд зулын хорин таван тохиох үед тэдгээр амьтдыг сайн төрөл олуулахын тухайд буянд шамдан зул өргөдөг. “Зулын 25”-ны билэгт сайн өдөр зул өргөхдөө: “Ум зула зула бара бара зула суухаа” тарнийг уншин зул өргөх ёс жаягийн дагуу зулаа өргөвөөс зохимжтой. Мөн Богд ламын магтаал залбирал “Мэгзэм” олонтаа уншиж Богд ламыг сэтгэлдээ бодон залбирдаг.

Шарын шашныг үндэслэгч, цаст Төвдийн мэргэдийн оройн дээд чимэг, соён гэгээрүүлэгч, их билгийн хүн Богд Зонхова Лувсандагва Амдо нутгийн Хөх нуурын орчим Зонха хэмээх газарт эцэг Лүмбүмгэ, эх Шинса Ачой нарын хөвгүүн болж зургадугаар жарны улаагчин тахиа жил 1357 онд малын бэлчээрт хээр мэндэлжээ. Түүнийг төрөөд хүйсийг нь таслахад цус шунх дуссан газар аав нь уламжлал ёсоор ихэсийг нь шороонд булахад тэр газраас нь анхилуун сайхан үнэрт цагаан зандан мод ид шидийн мэт урган, бараг навч холтос болгон дээр нь “Сэнгэ аро” гэдэг зурсан юм шиг бурхны хөрөг, төвд номын үсгүүд тодрон гарсан гэдэг. Уг модноос ийнхүү урьдын ерөөлөөр Богд ламыг язгуурын гурван бурхны хувилгаан мөн болохыг нотолсон “Сэнгэ аро” бурхны хөрөг, төвд номын үсгүүд тодрон гарч ирсэн тул ” Гүмбүм” буюу “Буман бурхны хөрөг” гэсэн утгатай нэртэй болж их буян чуулсан мод хэмээн ард нийтээр ихэд шүтэн бишрэх болжээ. Энэ цагаас хойш Гүмбүм нь зүүн төвдийн хамгийн ариун мөргөлийн орон болсон байна. 3-р Далай лам уг модны тухай хүүхэд ахуйдаа нэн шимтэн таалж байсан бөгөөд хамгаалалт хашаа тойруулан бариулж хожим нь түүний дэргэд Гүмбүм Жамбаалин хийдийг байгуулсан байна. Удалгүй энэ хийд Төвдийн хамгийн нэр нөлөөтэй номын хүрээ болсон бөгөөд эдүгээ ч бурхны шашны ариун дагшин шүтээн оршсон Гүмбүмийг зорих сүсэгтэн олон, жуулчдын хөл хөдөлгөөн татрахгүй байгаа билээ. Богд ламын сахилын самгарди нэр нь Сумадигирти бөгөөд төвдөөр Лувсандагва, монголоор Сайн оюуны алдар гэсэн утгатай нэртэй. “Богд” гэж “эзэн”, “зонхова” гэж төрсөн нутгийнх нь “сонгины амт” гэсэн нэр бөлгөө. Богд Зонхова Лувсандагва нь Гармава Ролбидорж хэмээх ламыг залах үеэр гэгээн багштай учирч гурван настайдаа гэнэн сахил хүртжээ. Долоон насандаа цорж Дондүврэнчин ламаас гэцэл сахил хүртэн, 17 настайгаасаа Сажийн их багш Рэндаваа, Ёндонжамц лам, Нявон Гүнгаабал лам тэргүүтнийг шүтэж бурхны шашны судар, тарний аймгийн олон эш номыг эрхшээн мэргид бүхний оройн чимэг чандмань мэт болжээ. 24 насандаа Цүлтэмринчин ламаас аяга тахимлагийн санваар хүртсэн байна. 36 настайдаа судар, тарни хослон барилдсан гүн мөрийг бясалган бүтээснээр үлэмж онолын эрдэмд төгсөж 39 сүүдэртэйдээ Төвдийн Нялын Лүнра хэмээх газар номын хүрдийг эргүүлжээ. 46 насандаа 1402 онд Буддын гүн ухаан, оюун сэтгэлгээ, бясалгалын агуу их цогц тайлбар, гайхамшигт бүтээлүүдийн нэг болсон “Их бодь мөрийн зэрэг /Ламрим Чэн мо/” хэмээх гэгээрэлд хүрэх арга замын тухай алдарт бүтээлээ туурьвиж 1408 онд 1000 гаруй хуврагт “Их бодь мөрийн зэрэг”-ээ номолсон байна. 48 насандаа 1405 онд “Түгээмлийн их эзэн бурхан Очирдарийн мөрийн зэрэг, нууц бүхний утгыг сайтар ялгасан хэмээхүй” хэмээх Бурхан багшийн эрхэм зарлигийн манлайн дээд оргил болсон нууц тарний ёсны гайхамшигт их тайлбар, нэвтэрхий толь Агрим чэн бо болох бүтээлээ туурвижээ. 51 насандаа Лхасын их чойнпрүл ерөөлийг үүсгэсэн байна. Богд Зонхова Лувсандагва бурханы шашны гэлүгва буюу буяны ёстон хэмээх чиглэлийг үүсгэхдээ шар малгай өмсөн ном тавьснаар хожим түүний үүсгэсэн салбар, чиглэлийг шарын шашин гэх болсон байна. Энэ суут хүн “Ламрим чэн бо” буюу “Их бодь мөрийн зэрэг, “Агрим чэн бо” буюу “Тарний их зэрэг” тэргүүтэй бүтээл туурвисан бөгөөд та бидний сайн мэддэг “Мэгзэм” хэмээх алдарт магтаалыг зохиожээ. Анхдугаар Далай лам Гэндүндүв 1415 онд Галдан /Хувь төгөлдөр / хийдэд ирж Богд ламд шавь орж байсан байна. Богд Зонхова Лувсандагва долдугаар жарны шороон гахай жилийн өвлийн эхэн сарын билгийн тооллын 25-нд 63 сүүдэртэйдээ 1419 онд ”Сундуйн жүд” /Цогт нууц тарний хураангуй үндэс оршвой/ судраас айлдаж байгаад жанч халж, нүүрнийх нь маналаас саран мэт их гэрэл гарч, уг гэрэлд бие нь улам бүр хайлан багассаар шашин амьтны тусын тулд дүрст биеийг номын лагшинд хураах ёсыг үзүүлж бурхан болсон байна. Түүнийг ийм гайхамшигтай билэг үзүүлж таалал төгсөхөд түүний шавь нар болоод сүсэгтэн олон түмэн 49 хоногийг нь дуустал орон гэр, байшингийнхаа гадаа тасралтгүй их хэмжээний зул барьж буян үйлджээ. Үүнийг харсан хүмүүс тэнгэрийн одод газарт буусан мэт, шөнийг өдөр мэт гэрэлтүүлсэн их зул барьж байсан хэмээн дурссан нь бий.

Зул өргөх ёс

Зул өргөхдөө үнэн сүсэг бишрэлээр бодь сэтгэлийг үүсгэн лам гурван эрдэнэд залбирч мунхагийн харанхуйг арилгах оюун ухаан билгүүний гэгээ улам бүр гийж, хамаг амьтан мунхагийн харанхуйгаас гэтлэх болтугай, бурхад бүгдийн мэлмий баясаж гэгээн буян арвижиж, гэм нүгэл нимгэрэх болтугай хэмээн чин сүжгийг ургуулан бодож өргөх учиртай. Зул бүтээхдээ цэвэр ариуныг эрхэмлэн гараа сайтар угааж зулын голыг алт, мөнгө, зэс, гууль зэрэг эрдэнийн зүйлсээр хийсэн цөгцний хэмжээнд чанга, сул, өндөр, намыг нь тааруулан цэвэр хөвөнгөөр нар зөв ороож хийдэг. Зулын гол ороох үедээ язгуурын гурван бурхны зүрхэн тарни / Ум ма ни бад мэ хум, Ум а ра ва за на ди, Ум базар вани хум пад/, гурван очирын тарни /Ум аа хум / зэргийг урин уншиж буян бодож ороодог. Том цөгцөнд хийх зулын голыг дан хөвөнгөөр хийвэл тосонд нэвтрэхээрээ босдоггүй унадаг тул хятад тэвнэ, алт, мөнгө, төмөр, хуурай өвсний гадуур хөвөнгөөр ороож хийдэг. Зулын гол ороож буй хөвөндөө хир буртаг байтугай амны уур, амьсгаа, шүлс зэргийг халдаахыг цээрлэдэг. Зулын гол хэт бүдүүн сул бол хурдан жаргадгаас гадна хэт хурдан жаргахад тэр хүний нас богиносно гэдэг. Харин гол нь яг таарсан бөгөөд тэр хэмжээгээрээ зул удаж жаргах тусам нас нь уртасна гэдэг. Хэт хатуу чанга, нарийн бол дутуу жаргадаг, таарсан бол гэрэл нь тод тогтвортой удаан байдаг байна. Голоо цөгцөнд шигтгэхдээ нарийн үзүүртэй сэтгүүрээр дарах буюу өөрийг нь нар зөв эргүүлж шигтгэдэг. Үүний дараа амьтны гаралтай биш сүүний шим болсон шар тос болон ургамлын шим болсон ургамлын тос зэрэг хилэнцгүй, ариун сайхан шинэ тосыг зулын голыг дагуулан нар зөв тойруулж хийдэг. Тосоо цөгцөнд хийж байхдаа амандаа “Ум аа хум” тарнийг урин уншдаг. Энэ нь тахилыг бохирдуулах ад зэтгэрийн хорлолоос зулыг хамгаалах буяны сэдлийг төрүүлдэг. Цөгцөнд тос цутгахдаа хэт бялхааваас санваар ёс цалгардах, хэт дундуур бол эд эдлэл хомсдох гэм гарах тул тосыг цөгцний амсраас амуу тарианы хэмжээний дундуур хийдэг байна. Амьтны гаралтай өөхөн тосоор зул өргөх нь зул тахил биш ахуйн зориулалттай дэн гэрэл болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Ургамлын тос нь ургамлын үрийн хилэнцгүй тос тул зул өргөж болно. Ихэвчлэн шинэ шар тосоор зул өргөдөг. Зул асаах, зул бүтээх үедээ амьсгалаа оруулалгүй, амны хаалт хийж хэвшвэл зохимжтой. Бурхан, шүтээнийхээ өмнө зул өргөхдөө:

Энэ зулыг шамдан өргөсний ерөөлөөр
Эрхэм билгүүний гэгээг түргэн олоод
Эх болсон хамаг амьтан бүгдийн
Эмгэнэлт мунхагийн харанхуй хирийг арилгах болтугай.
Тосон далай машид хуйларсны дунд
Тод мянган гэрэл бадраасан зул үүгээр
Түйтгэрт харанхуй галбыг хоцроолгүй гийгүүлээд
Төөрөлдсөн амьтад Бурханыг илтэд үзэх болтугай гэсэн ерөөл тавьж “Ум аа хум” “Ум зула зула бара бара зула суухаа” тарнийг уншин олон бурхадад залбирахын зэрэгцээ эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд хэмээн сэтгэж зулаа асаадаг. Хэрвээ зул өргөсөн бол тэр орчинд хэрүүл шуугиан гаргах, худал хэлэх,зэрэг гэм нүгэл гаргахгүй байхад анхаарч зулыг жаргах хүртэл сэтгэлдээ ариусахуйг бодож нэгэнт бадраасан зулыг байрнаас нь хөдөлгөх, жаргахаас нь өмнө үлээн унтраахыг цээрлэх ёстой.

Зулын бэлгэдэл, ерөөл залбирал

Бурхан шүтээнд тахил өргөх олон зан үйл байдгийн нэг нь зул өргөх ёс юм. Монголчууд зул өргөхдөө энэ ба хойтын буян, өөд бологсдын буянд зориулахын зэрэгцээ мал муулахдаа хүртэл сайн төрөл олохыг ерөөж зул өргөдөг заншилтай. Зулын гэрэл нь сэтгэл доторхи нисваанисын /мунхаг, уур, атаа, шунал, омог/ түнэр харанхуйг гийгүүлж, оюун ухаан, билгүүний гэгээ улам бүр гийж, билиг билгүүнээр мунхагийн харанхуйгаас хагацах сэтгэлийг бэлгэддэг. Зулын цөгц нь шагшаабад буюу хүний ёсноос үл гажих, дэг журмыг дээдлэх сэтгэлийг, зулын тос нь дияан /бясалгал/ буюу бодлоо нэгэн чигт төвлрөрүүлж. сэтгэл хоёрдохоос ангижрах, муу үзэлд автахаас хагацах нэгэн үзүүрт сэтгэлийг бэлэгддэг. Зул өргөж буян үйлдэхдээ :

Зул өргөснөөр хураасан буяны үрээр
Өглөгийн эзэд, нас нөхцөгсөд
Өнөд орчлонгийн зургаан төрөлд төөрөлдөн зорчигсод
Өнө ашидын амгаланг олох болтугай.
Тэдний доройтуулсан тангараг сахил бүхэн нь сэргэх болтугай
Мухар сүсэг үл мэдэхийн түйтгэр хирээс хагацах болтугай
Нүгэл хилэнц, муу үйлийн үр, муу сэтгэлийн түйтгэрээс хагацаад
Магад сансарын гурван орон зовлонт амьтнаар хоосрох болтугай
Миний сэтгэл оюунд шид бүтээл, сэрэмж юуг хайрлан соёрхоо хэмээн ерөөл өргөж

Зулын гэрэл гурван мянган ертөнц даяар түгэх болтугай
Зулын гол уулсын хаан-Сүмбэр мэт сүндэрлэх болтугай
Зулын тос сүн далай мэт арвин байх болтугай
Зулын жигдэрсэн хязгааргүй их тахилаар хамаг бурхад цэнгэн орших болтугай
Зулын ариун гэрэл сансарын үзүүрээс гаслант тамд зовлон эдлэх
Зүйрлэшгүй олон төрөлхтөний мунхагийн харанхуйг арилгаад
Зүг зовхис бүхнээ залрах бурхан бодьсадва нарын арилсан орныг
Зуур тотгорлох саадгүй үзэх хүртэл
Зүйтэй сайтар гэрэлтүүлэн ариусгах болтугай

хэмээн зул тахилын залбирал уншлага уншиж залбирал үйлдэн зулаа өргөвөөс эрхэм хүн бурханы шавь таны оюуны мэлмий гийж хамаг амьтны сайн сайхан, тусын тулд үйлдсэн буяны хүчээр сэтгэл тань ариусаж санасан хүсэл бүхэн тань сэтгэлчлэн бүтэж цаглашгүй буян хураах болно.

Хүн нас барахад зуурдын терөлд сэтгэл задардаг. Энэ үед бидний хураасан үйлийн үрээс хамаарч сэтгэл маань янз бүрийн өнгө хэлбэр дүрс, дуу чимээтэйгээр ургаж босож ирдэг. Энэ бүхнийг анзаарч мэдэлгүй айж зугатсанаас болж, янз бүрийн төрөлд өөрийн дураар биш, үйлийн үрээр хаягддаг. Үүнийг төрлөө олохгүй төөрлөө гэж ярьдаг. Хүний сүнс зуурдын төрөлдөө хаа хүссэн газраа ямар ч саадгүй хүрдэг. Тиймээс талийгаачийн 49 хоногт нь замыг нь гэрэлтүулж зөв зам мөрд хөтөлж сайн төрлийг олуулах, өнгөрсөн хүний бие цогцост муу хурахаас сэргийлэхийн тухайд зул барьж тахил өргөн буян үйлддэг. Нэгэн насанд ах дүү амраг садан болж төрсөн хүмүүсийн хэн нэг нь нас нөгчөөд биеийн барилдлага тасарсан ч сэтгэлийн барилдлага тасардаггүй. Тиймээс дараа төрөлд нь сайн үйлд барилдахыг шамдан 49 хоногт нь амжиж буян үйлдэх хэрэгтэй.

Сайтар үзэмжтэйгээр жигдэрсэн тодорхой хурц гэрлэн тахил үүгээр
Сайн цагийн мянган бурхад арван зүгийн арилсан оронд
Саатан сүслэн лам багш, дамжлагын бурхад,
Сахиуснууд хийгээд номыг тэтгэгчид дагинас, хот мандлын бурхадын чуулганд
Сүсэглэн зорин өргөж байна
Сайхь тусын үрээр миний эцэг эх болоод хамаг амьтан энэ ба хойт төрлүүддээ
Саад тотгоргүйгээр үнэхээр туулсан бурхадын арилсан орныг үзэх болтугай
Гурван язгуурын бурхадын чуулган хийгээд гурван эрдэний үнэний хүчээр
Миний тавьсан ерөөл машид түргэн боловсрох болтугай
Магад үүний тул намайг адистидлан соёрх

Дадята ум пэнча грияа ава бодани суха.

Өдөр тутам, сар бүрийн дүйчэн өдрүүдэд бурхан шүтээндээ зул өргөх нь энэ ба хойт насны үйлд нэн тустай бөгөөд буян их хураана хэмээн судар номд олонтаа айлдсан байдаг тул үүнд хичээн шамдагтун.

Зул өргөсний ач буян, тус эрдэм

Зул өргөхийн тус эрдмийг Бурхан багш бээр олонтоо айлдсан байдаг. “Хутагт Зулын өргөл” хэмээх сударт зулын өргөл өргөгч тэр үхэхийн цагт дөрвөн гэгээнийг олох бөгөөд аль дөрөв хэмээвээс: өмнө нь нарны хот мандал ургахыг үзэх ба өмнө нь сарны хот мандал ургахыг үзэх, тэнгэрийн нөхөд оршсоныг үзэх хийгээд бурхныг үзэх болмуй” хэмээн айлдсан байдаг байна. Зул өргөсний ач буян хэмжээлшгүй бөгөөд өөрийн мунхаг тэргүүтэн нүгэл хилэнц нимгэрч, оюуны мэлмий нээгдэж билэг ухаан төгөлдөр болох, хойд төрөлдөө өндөр язгуурт төрөх, санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх зэрэг тус эрдэмтэй . Нас барагсдын хойтын буянд зориулж зул өргөвөөс зул өргөсний буянаар сайн төрлийг олдог. ” Үйлийг тийн ялгагч” сударт зул өргөсний ач буян, тус эрдэмийг:

Нэг. Ертөнцөд зул мэт болно

Хоёр. Асар ариун махан нүдийг олно

Гурав. Асар ариун тэнгэрийн нүдийг олно

Дөрөв. Буян нүглийг ялгадаг болно:

Тав. Үл мэдсэн ба мунхагийн харанхуй арилна.

Зургаа. Билэг ухаан төгөлдөр болно

Долоо. Тэр орчлонд зорчих цагт мунхагт үл оршино

Найм. Эд таваар арвижна.

Ес. Өндөр төрөлд төрнө.

Арав. Түргэнээ илт туулсан бурхан болно хэмээн заасан байдаг .

Ертөнцөд зул мэт болно хэмээсэн нь нь өнгөлөг сайн явна, асар ариун махан нүдийг олно гэдэг нь оюуны мэлмий нээгдэнэ, асар ариун тэнгэрийн нүдийг олно хэмээсэн нь аливаа юмыг урьдчилж мэддэг болно, Буян нүглийг ялгадаг болно хэмээсэн нь авах гээхүйн ухаанд мэргэшнэ гэсэн утгыг илэрхийлдэг. “Дэмчогийн язгуур Дандарын хоёрдугаар бүлэгт” хэрэв шид бүтээлийг хүсвээс 100 зул өргөн үйлд хэмээгээд догшин дагинисын егүзэрт шүтэж их амгалан гэрэл гийгүүлэх билиг татагчид зул өргөсний тус эрдэм нэн их болох ёсыг номложээ. Хэрвээ хүн өөрөө ямар нэгэн шид бүтээл хүсэж байгаа бол 100 зул өргө гэдэг. Буян ном үзээд, зэрэг дэв хамгаалах гэж байгаа бол 100 зул өргөвөөс их сайн.

МЭГЗЭМ

Адистид ихтэй залбирал соёрхол агуулсан, судар тарний номын хүч чадал, шим утга, гүн гүнзгий увидас бүхнийг хураасан, магтаал уншлага мэгзэмийг анх Богд Зонхова Лувсандагва /1357-1419/ өөрийн багш Сажийн дээд лам Жавзүн Рэндаваа Шонү Лодойд зориулан зохиож өргөсөн бөгөөд багш нь “Цастын мэргэдийн оройн чимэг Рэндаваа” гэх магтаал соёрхол надад огт зохисгүй харин шавь чамд зохистой “Цастын мэргэдийн оройн чимэг ” нь чи юм гээд “Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова Лувсандагвын өлмий дор соёрхол тавъяа” хэмээн засварлан буцааж өргөснөөр Богд Зонховын залбирал мэгзэм бүтсэн түүхтэй. Мэгзэм дор бурхад бүгдийн айлдал, тус эрдэм, хүч чадал, атистид шингэсэн тул байнга урин уншиж залбирваас бурхад бүгдийн тарнийг уншсантай адил шид бүтээл, ач тусыг үзүүлдэг байна.

ЕСӨН ШАДНЫ МЭГЗЭМ

Ойдүв гүнжин туваан Доржчан

Мэгмид зэвий дэрчэн Жанрайсиг

Дэмид чэнбий ванбуу Жамбий ян

Дүдбүн малүй жомзад Санвий даг

Ганжин хайвий зүгжан Лувсан даг

Жавсүм гүндү лама санжай ла

Гоосүм гүйвий гоной солван дэв

Раншин минжин долвор жинжий лов

Чогдан түмэн ойдүв залдуу сол

ЕСӨН ШАДНЫ МЭГЗЭМ

Шид бүтээл бүхэн гарах чадагчийн эрхт Очирдара

Зоригдол үгүй их энэрлийн сан Жанрайсаг

Хиргүй айлдалын эрхт Зөөлөн эгшигт

Шулмасын өмгийг хоцролгүй даран зохиогч Очирваань

Цастын мэргидийн оройн чимэг Лувсандагва

Аврал гурав бүхэн хурсан багш бурхан дор

Гурван үүдээр бишрэнгүйн үүднээс соёрхол талбия

Өөр бусдыг боловсруулан гэтэлгэхэд адисла

Дээд ба нийтийн шид бүтээлийг хайрлан соёрх

Есөн шадны Мэгзэмийг өдөр бүр амны уншлага болгон урин уншваас бурханы адистид өөрт оршиж онолын эрдэм сэтгэлд ургана. Санаж гүйцэшгүй шид бүтээлийг олж үйлс бүхэн сэтгэлчлэн бүтэх бөгөөд энэ насандаа амар амгалангаар үл хоосрох ба ирэх хойд төрлүүдэд илт өндөр язгуурт төрөл авна.

ТАВАН ШАДНЫ МЭГЗЭМ

Мэгмид зэвий дэрчэн Жанрайсиг

Дэмид чэнбий ванбуу Жамбий ян

Дүдбүн малүй жомзад Санвий даг

Ганжин хайвий зүгжан Зонхова

Лувсан дагвий шавлаа солваан дэв

Зоригдол үгүй их энэрлийн сан Жанрайсаг

Хиргүй айлдалын эрхт Манзушир

Шулмасын өмгийг хоцроолгүй даран зохиогч Очирваань

Цастын мэргидийн оройн чимэг Зонхова

Лувсандагвын өлмий дор соёрхол тавьяа

Ялгуусан их бурхан Богд Зонховын нэр алдрыг дуудаж мэгзэм уншин соёрхол залбирал тавьснаар сэтгэлийн эрдэм бүхэн арвидаж цаг бусын аюулаас аврагдаж аливаа үйлс бүхэн сэтгэлчлэн бүтнэ

Богд Зонхова ламын зүрхэн тарни. УМ А ГҮРҮ БАЗАР ДАРА СҮ МА ДИГИРДИ СИДИ ХУМ-Бие, хэл, сэтгэлийн нүгэл хилэнц арилж, аливаа санасан үйл бүхэн бүтнэ. Өглөө, өдөр, унтахын өмнө 7-21 удаа уншина

Энэхүү эмхэтгэлийг Доктор гавж Ш. Сонинбаяын хянан тохиолдуулсанаар Н.Баясгалан эмхэтгэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *