Өнөөдөр Монгол улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баяр тохиож байна.
Энэ өдөр 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон, Монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал тохиосон билээ.
Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болснийг түүхэнд тэмдэглэжээ.
1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргав.
Монголчуудын бурханы шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт бол 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1924 оны 5 дугаар сарын 20 хүртэл Монгол Улсын төрийн тэргүүнээр суусан, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч юм. Биднийг өнөөгийн Түвдийн хувь заяа хүлээж болох байсан ч VIII Богд Жавзандамба хутагтын удирдлагаар Манжаас салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглажээ.
Манжаас тусгаар болохын тулд эхлээд Хүрээнд байсан манжийн Сандо амбанг зайлуулах шаардлага тулгарав. Тиймээс халхын нутаг бүрээс сайн дурын цэрэг эрсийг цуглуулж, түүнээс зүрх алдан айсан Сандо зугтан Оросын консулын газарт хоргодон, 1911 оны 12 дугаар сарын 4-д орос цэргээр хамгаалуулан Хиагтаар дамжин Монгол нутгаас гарчээ.
Олноо Өргөгдсөн Монгол улсын яам нь таван яамнаас бүрдэж байв. Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яам Чин ван Ханддорж (Одоогийн гадаад хэргийн яам), Цэргийн яам Эрдэнэ далай ван Гомбосүрэн (Одоогийн батлан хамгаалах яам), Сангийн яам Түшээ гүнЧагдаржав (Одоогийн сангийн яам), Шүүх яам Эрдэнэ ван Намсрай, Дотоод явдлын яам Да лам Цэрэнчимэд (Одоогийн хууль зүй, дотоод хэргийн яам) нарын сайдтайгаар байгуулагдав. Эдгээр сайд нарын эрх мэдлийн зөрчилдөөний улмаас тэдний дээр ерөнхий сайдаар Сайн Ноён хан Намнансүрэнг тавьжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гаргаж, Засгийн газар комисс байгуулан, Улсын Их Хурал хүндэтгэлийн чуулган хийж, жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг үндэсний баярын өдөр болгон тэмдэглэж байхаар болсон. 1922 оноос хойш монголчууд бид 2011 онд үндэсний хувьсгалын ойг өндөр хэмжээнд анх удаа тэмдэглэсэн билээ. Энэ бол Монгол төр улсаа сэргээн байгуулж, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор сэргээн тунхагласан өдөр юм.
Энэ өдөр эртний Монголын эзэн Чингисийн байгуулсан төрийн гал голомт сэргэсэн өдөр гэж түүхчид үздэг. Энэхүү 1911 оны үндэсний хувьсгал өөрөө амжилтад хүрсэн нэг гол учир шалтгаан нь бүх монгол овогтон үндэсний үзлээрээ нэгдэж, нэгдмэл нэг зорилгын төлөө бурханы шашныхаа тэргүүнийг хүрээлж, түүхэн амжилтад хүрэв. Энэхүү үйл явдлаас хойш Монголд ХХ зууны турш өрнөсөн түүхийн үйл явдлууд нь 1911 онд сэргээн тунхагласан Монголын төр улсаас улбаатай юм.
Одоогоос 104 жилийн тэртээ монголчууд төр засгийн газар, хууль эрх зүй, гааль, татвар, дагаар орсон монголчуудын асуудал, хил хязгаар, дэлхийн улс гүрнүүдээр өөрийн тусгаар тогтносон улсаа хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэл гээд маш их олон ажил амжуулжээ.
Монгол Улсын төрийн ордонд Богдын хааны засгийн газрын Ерөнхий сайд нарын зураг өлгөөстэй байдаг боловч эзэн хаан Богдын нэр хаа нэгтээ бичигдээгүй байдаг. Тиймээс Төрийн ордонд сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамбын хөрөг зураг эсвэл цээж баримал тавих саналыг түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан дэвшүүлэн тавьсан байдаг.
Түүний хэлснээр бидэнд VIII Богд хааны үеийн хас, мөнгөн, алтан тамга болон өргөмжлөл, титэм, сэнтий зэрэг эд өлгийн зүйлс хадгалагдсаар эдүгээ 100 гаруй жилийн нүүр үзэж байна. Тэрхүү түүхэн дурсгалт зүйлсээ нандигнан хадгалж, өвлүүлэх үүднээс дээрх үнэт зүйлсийг алт, мөнгөөр яг адил хувь хийлгэн, ард олноо толилуулж, эх хувийг найдвартай газар хадгалах нь чухал билээ.