Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2020.06.06) 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.
Өнөө, маргаашдаа баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи түр зуур секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: Зүүн аймгуудын нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг-Үүр голын хөндийгөөр 0-5 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр сэрүүсч 8-13 градус, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 25-30 градус, говийн аймгуудын нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж үдээс хойш бага зэргийн аадар бороо орно, дуу цахилгаантай. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.